Дэлхийн II дайны тухай таны заавал үзэх 10 кино

Дэлхийн II дайнд оролцож, ялсан монголчууд бид Зэвсэгт хүчин үүсэн бий болсны 97 жилийн ой, "Монгол цэргийн өдөр"-ийг удахгүй тэмдэглэх гэж байгаа билээ. Энэхүү баярын өдрийг тохиолдуулан бид Дэлхийн II дайны тухай, олон сая хүний амийг авч одсон гашуун түүхийн сургамж хайрласан дэлгэцийн бүтээлүүдийг танилцуулж байна.

Эдгээр 10 киноны тав нь ЗХУ-ын үед бүтээгдсэн хуучин цагийн бүтээл бол үлдсэн тав нь Америкийн уран бүтээл юм. Юутай ч үзсэн хэн бүхэнд ухаарал, сургамж хайрлах гайхалтай бүтээлүүд гэдэг нь дамжиггүй. 

1. “Тогоруун цуваа” 1957 он

Найруулагч Михаил Калатозов дэлхийн II дайны үед үзэл суртлын агуулгатай хэд хэдэн кино бүтээсэн бөгөөд сүүлчийн дөрвөн бүтээл нь онцгой алдаршжээ. Тэрээр 1957 онд “The Cranes Are Flying” буюу “Тогоруун цуваа” киногоо гаргасан нь Каннын кино наадмаас дээд шагналыг хүртсэн цорын ганц зөвлөлтийн кино болжээ. Дайны сэдэвтэй боловч ганц ч дайсан үл гарах эл бүтээл эх орны дайны нийгмийн сэтгэлзүйд үзүүлсэн хор уршгийг хөнджээ. Төрөл бүрийн ракурс, гэрэл сүүдрийн дахин давтагдашгүй шийдэл ашигласан зураглаачийн чадвар өндрөөр үнэлэгддэг.

2. “Зам зуурын шүүх” 1971 он 

Зөвлөлтийн домогт найруулагч Алексей Герман  өөрийн эцэг Юрий Германы бичсэн нэгэн зохиолоос сэдэвлэн “Зам зуурын шүүх” киногоо бүтээсэн нь тухайн үедээ шуугиан тариад зогсохгүй, Зөвлөлтөд уг киног гаргахыг 15 жилээр хориглож байв. Дэлхийн II дайны үед Германы довтолгооны эсрэг тулалдаж байсан партизанууд дээр орос цэрэг Лазарев сайн дураараа ирнэ. Тэрээр өмнө нь Германы талд урваж байсан боловч энэ байдлаар удаан амьдрахыг хүсээгүй учир ийнхүү эргэн иржээ. Харин партизануудын командлагч Лазаревыг буудан хороохын оронд хэргийг нь шүүхээр шийдвэрлүүлэхийг хүснэ. Чухам энэ үйл явцад хэн нь урвагч, хэн нь баатар байсан бэ гэх асуудлыг хурцаар хөндөн тавьжээ.

3. “Тэд эх орныхоо төлөө тулалдсан юм” 1975 он

ЗХУ-ын Ардын жүжигчин В.Тихонов, Ю.Никулин, нэрт зохиолч, жүжигчин В.Шукшин нарын алдартнууд гол дүрд нь тоглож, Михаил Шолохов зохиолыг нь бичин, алдарт Сергей Бондарчукын найруулсан “Тэд эх орныхоо төлөө тулалдсан юм” /They Fought For the Motherland/ кино 1975 онд дэлгэцэнд гарч байжээ. Үүний өмнө түүний найруулсан “Хүний хувь заяа”, “Дайн ба Энх” бүтээлүүд өндөр үнэлэлт аваад байсан юм. “Тэд эх орныхоо төлөө тулалдсан юм” кинонд 1942 оны долоодугаар сар Сталинградын дэргэд болсон улаан армийн тулааныг харуулжээ. 

4.  “Ирээд үзэхтүн” 1985 он

Зөвлөлтийн найруулагч Элем Климов “Ирээд үзэхтүн” кинондоо дэлхийн II дайны үед нацист Германы армид сүйтгэгдсэн Беларусийн нэгэн тосгоны амьдралыг хөнджээ. Хатынь тосгонд амьдардаг Флёра хүү партизануудтай нэгдэж Германчуудын эсрэг тэмцэхийг хүсэх боловч дайны гай гамшгийг бие сэтгэлээрээ эдлэх ажээ. Түүхэнд бичсэнээр нацистууд Беларусийн 5295 тосгоныг сүйтгэсэн байдаг. Хатынь бол тэдгээр тосгодын нэг юм. 

5.   “Хөхөө” 2002 он 

Дэлхийн II дайн тухай өгүүлэх сүүлийн үеийн Оросын уран бүтээлүүдэд Александр Рогожиний “Хөхөө” кино багтдаг. Дайнд нөхрөө алдсан ганц бие Саамы эмэгтэй дээр эсрэг талд тулалдаж байсаг хоёр цэрэг хүрч ирснээр үйл явдал өрнөнө. Нацистуудын эсрэг тулалдаж явсан Финлянд цэрэг, ЗХУ-ын эсрэг үйл ажиллагаа явуулсан хэрэгт буруутгагдаж цаазын ял сонссон орос цэрэг, ганц бие бүсгүй бүгд өөр өөр хэлээр ярих ажээ. Зарим талаар инээдмийн өнгө аяс агуулсан эл бүтээл танд нэгийг бодогдуулах биз ээ. 

6.  “Аз жаргалтай он жилүүд” 1946 он 

Найруулагч Уильям Уайлер дайнаас эргэн ирсэн гурван эр цэргийн амьдрал, гэр бүлийн харилцааг эгэл жирийнээр дүрслэн харуулсан нь үзэгчдийн сэтгэлд ихээхэн ойр тусчээ. Тухайн үедээ дайны дараах Америкийн нийгмийн ажилгүйдэл, архидалт зэрэг тулгамдсан асуудлыг хайр сэтгэлийн нарийн шижимтэй холбож өгснөөрөө онцлог болсон юм. Гурван өөр гэр бүлийн гурван өөр төрлийн амьдрал мэт боловч угтаа бүгд нэгэн шижмээр холбогдох ажээ. Чухам юу вэ гэдгийг та бүхэн киноноос үзээрэй. Дашрамд дуулгахад уг бүтээл 1946 оны Америкийн кино академийн шилдэг бүтээлээр шалгарч байсан бөгөөд бүх цаг үеийн хамгийн шилдэг драмын киноны нэгд зүй ёсоор ордог байна.

7.  “Иво Жимагийн элсэн дунд” 1949 он

Японы эзэмшлийн Иво Жима арал дээр болсон тулааны үеэр түрүүч Жон Страйкерийн гүйцэтгэсэн үүргийг кино бүтээлүүдэд өөр өөрөөр тусган харуулсан байдаг. Аллан Двоны “Иво Жимагийн элсэн дунд” кинонд Жон Страйкер өөрийн удирдлаган дор явсан америк цэргүүдэд хатуу ширүүн хандах боловч Номхон далайн эрэгт тулалдах үеэр түүний заасан хичээлүүд хэчнээн үнэ цэнэтэй байсныг цэргүүд ухаарч байгааг дүрслэн гаргажээ.

8. “Бохир бүлэг” 1967 он

Роберт Олдрич “Бохир бүлэг” бүтээлдээ дэлхийн II дайны үеийн үйл явдлыг дүрслэн харуулжээ. Хүчирхийлэл, хүн амины хэргээр цаазын ял сонссон 12 хэрэгтэнг тусгай даалгавар гүйцэтгэхээр сонгон авдаг. Тэд “D-Day”-гийн эсрэг хариу цохилт хийхээр төлөвлөж буй нацистын өндөр албан тушаалын офицеруудын үйл ажиллагааг таслан зогсоох хүнд үүрэг хүлээдэг бөгөөд энэхүү даалгавраас амьд эргэн ирсэн тохиолдолд ялыг нь хөнгөрүүлэх амлалт өгчээ. Уг бүтээлд Эрнест Боргнайн, Чарльз Бронсон, Роберт Уэббер, Жим Браун зэрэг оддын залуудаа хамтран тоглосон кино юм. 

9.  “Цэрэг Райныг аварсан нь” 1998 он

Алдарт Стивен Спилберг дэлхийн II дайны үеийн цэрэг эрсдийн амьдралыг харуулсан “Цэрэг Райныг аварсан нь” киногоороо хоёр дахь Оскарын шагналаа хүртэж байжээ. Нормандын тулалдаанд ялалт байгуулсны дараа ахмад Жон Миллер цэрэг Жэймс Райныг аврах ажиллагаа явуулахаар болсон тухай дээд удирдлагаасаа тушаал хүлээн авдаг. Учир нь Райны гурван ах нь дайнд амь үрэгдсэн бөгөөд хөвгүүдээ алдан зовж шаналсан эхийг сэтгэлийг тайтгаруулахын тулд үлдсэн ганц хүүг нь эсэн мэнд авчирахын тулд генерал Жорж Маршал ийм тушаал гаргажээ.

Дэлхийн II дайн тэр дундаа Францын Нормандад Америк болон холбооны хүчнийхэн хэрхэн эрэлхэгээр тулалдаж, дайныг дуусгахад томоохон үүрэг гүйцэтгэснийг харуулсан боловч цаад талаараа дайн хэмээх зүйл хүнийг өрөвдөх сэтгэлгүй, цэвдэг хүйтэн болгож хувиргадаг болохыг дүрслэн харуулахыг зорьжээ. 

10.   “Иво Жимагаас ирсэн захидлууд”, “Эцэг өвгөдийн далбаа” 2006 он

Холливуудын алдарт найруулагч Клинт Ийствүүд 2006 онд “Иво Жимагаас ирсэн захидлууд”, “Эцэг өвгөдийн далбаа” /Flags of Our Fathers, Letters from Iwo Jima /хэмээх хоёр уран сайхны киног бүтээжээ. Уг бүтээлд Японы эзэмшлийн Иво Жима арлын Сурибачи уулын орчимд болсон америк, япон цэргүүдийн тулааны тухай гардаг. Түүхэнд тэмдэглэгдэн үлдсэнээр 1945 оны хоёрдугаар сарын 19-нөөс гуравдугаар сарын 26-нийг хүртэл Иво Жима арал дээр олон мянган цэргүүдийн амь үрэгдсэн ширүүн тулаан болжээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

  1. Шиндлерийн бүртгэлийг яахуу

    0 0 Хариу бичих
  2. Downfall, Enemy at Gates, Der Weirr, Generations гээд олон сайхан кино бас байдаг.

    0 0 Хариу бичих