Д.Цогтбаатар ЕАБХАБ-ын “Торгоны замыг дэмжих бүлэг”-ийн хуралд үг хэллээ

УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарын Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Парламентын Ассамблей дахь  “Торгоны замыг дэмжих бүлэг”-ийн бага хуралд хэлсэн үг

Хүндэт зочид оо,

Парламентын эрхэм гишүүд ээ,

Хатагтай, ноёд оо,

“Торгоны замыг дэмжих бүлэг”-ийн анхдугаар бага хуралд оролцож байгаадаа миний бие сэтгэл нэн хангалуун байна. Энэхүү бүлэг нь эртний уламжлалд тулгуурлан өнөө цагийн хамтын ажиллагаагааг хөгжүүлэх сонирхолтой парламентын гишүүд, засгийн газрын төлөөлөгчид үзэл бодлоо илэрхийлэх, мэдээлэл солилцох, өргөн хүрээнд хамтран ажиллах чухал талбар болон бэхжинэ гэдэгт итгэлтэй байна.      

Монгол Улс нь ЕАБХАБ-ын Парламентын Ассамблейд ийм бүлэг байгуулах Азербайжан улсын санаачилга болон БНХАУ-ын дарга Ши Жиньпиний дэвшүүлсэн “Бүс ба Зам” санаачилгыг анхнаас дэмжиж байгаа нь түүхэн болон гео-эдийн засаг, улс төрийн учир холбоотой юм.

Монголчууд бид түүхэн болон соёл иргэншлийн үүднээс эртний Торгоны замын худалдаа арилжааны чухал оролцогч байж ирсэн билээ. Торгоны зам нээгдсэн цаг үеэс л Монголын өндөрлөг газар нь ачаа барааг тээвэрлэх тээврийн гол хэрэгсэл болох агт морьд, тэмээн хөсгийг нийлүүлэх гол суваг байсан. Жингийн цуваанд зүтгэх морьд, тэмээгүйгээр Торгоны замыг төсөөлөх аргагүй билээ. Тиймээс ч Баку хотын Үндэсний түүхийн музейд Монголчуудын тэмээн жингийн хонх эдүгээ хүртэл хадгалагдаж байгаа нь гайхах зүйл биш юм.  XIII-XV зуунд Торгоны зам хөгжлийнхөө оргилд хүрч байсан нь Монголын Их эзэнт гүрэн уг замыг өөрийн хамгаалалтанд байлгаж, хөгжүүлж ирсэнтэй холбоотой. Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойг тэмдэглэх хүрээнд 2006 онд гаргасан дурсгалын номонд зориулж Ерөнхийлөгч Илхам Алиеваас ирүүлсэн захидалд “Монголын эзэнт гүрэн нь Торгоны замын дагуу худалдаа арилжааг хөгжүүлэх баталгаа болж, худалдааны төв, суурин газар, гар урлал хөгжин цэцэглэхэд чухал хувь нэмэр оруулсан” хэмээн бичсэн байдаг. Тухайн үед Евразийн өргөн уудам нутагт худалдаа арилжаа, аялал жуулчлал цэцэглэн хөгжиж байсан төдийгүй соёлын солилцоо идэвхжиж, шинэ санаа, технологи, нээлтүүд өргөнөөр түгэн тархаж байсан.  Тухайлбал, Хятадуудын нээсэн чухал нээлтүүд болох дарь, луужин, ээрэх дугуй зэрэг нь чухам энэ цаг үед л  Араб, Европын орнуудад түгэн тархсан билээ.

“Бүс ба Зам” санаачилга нь Монгол Улсын далайд гарцгүй газарзүйн байрлалаас  үүдэлтэй хүндрэл бэрхшээлүүдийг тодорхой хэмжээгээр бууруулах эдийн засгийн илүү боломжуудыг олгож байгаа учир бид энэ санаачилгыг талархан хүлээн авсан юм. 400-500 жилийн тэртээгээс далайн тээвэр хуурай замын тээврээс хямд төсөр болсноор Монгол зэрэг эх газрын орнууд харьцангуй давуу байдлаа алдсан. “Бүс ба Зам” санаачилга нь бидэнд алдсан боломжуудыг эргүүлэн олгож байна. Улс орныхоо хөгжлийг хурдасгахын тулд эрчимжиж буй худалдааны давуу талуудыг үр өгөөжтэй ашиглахын төлөө бид хүчин чармайх болно.

Түүнчлэн “Бүс ба Зам” санаачилгын хүрээнд Евразийн энх тайван, тогтвортой байдлыг хангахад тус дөхөм үзүүлэх боломжтой нааштай арга зам бий болж байна хэмээн бид харж байна. Аюул заналхийлэл нэмэгдэж буй өнөөгийн ертөнцөд энх тайван, тогтвортой байдал нь эдийн засгийг хөгжүүлэх үндэс суурь, эх үүсвэр нь юм. Хэрэв бид энх тайвныг тогтоож эс чадваас бусад зүйлсийг хэрэгжүүлэх боломжгүй болно. Ийм ч учраас Торгоны замыг сэргээн хөгжүүлэх санаачилга дахь энх тайвны чиглэлийн агуулгууд нь  тун чухал ач холбогдолтой юм. Иймд Торгоны замын санаачилгатай холбогдох байгууллагуудын ивээл доор “Энх тайван, дэвшил, хөгжил цэцэглэлтийн амлалт” (PPPP) хэмээх шагналыг бий болгох асуудлыг судалж үзэх санал дэвшүүлж байна. Энэхүү шагнал нь энх тайвныг хөхиүлэн дэмжих чиглэлээр шинэлэг санаа дэвшүүлж, судалгаа хийж байгаа залуу дипломатууд, эрдэмтэн судлаачдыг урамшуулан дэмжихэд зориулагдана. Ийм замаар Торгоны зам санаачилгын хүрээнд хэрэгжүүлж байгаа төслүүдэд залуу үеийнхний анхаарлыг хандуулж, тэдний оролцоог хангах боломжтой гэж үзэж байна..

Монгол, Хятад нь 4700 гаруй километр урт газар нутгаар хиллэдэг стратегийн түншүүд, найрсаг хөршүүд юм. “Хамтран хэлэлцэж, хамтран байгуулж, үр ашгийг нь хуваалцах” зарчимд  тулгуурласан “Бүс ба Зам” санаачилга нь Хятадын Коммунист намын XIX Их хурлаас БНХАУ-ын дарга Ши Жиньпиний тунхагласан үзэл баримтлалыг хэрэгжүүлэхэд чиглэсэн бодит алхам хэмээн бид мөн үздэг юм.

Хатагтай, ноёд оо,

Монгол Улс “Бүс ба Зам” санаачилгын хүрээнд хоёр талт, гурван талт болон олон талт хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлээр хэрэгжүүлж байгаа тодорхой үйл ажиллагааны талаар танилцуулахыг хүсч байна. Монгол Улсын “Хөгжлийн зам” хөтөлбөрийг “Бүс ба Зам” санаачилгатай уялдуулах тухай Засгийн газар хоорондын Харилцан ойлголцлын санамж бичгийг бид өнгөрсөн онд байгуулсан. Энэхүү Санамж бичиг нь стратегийн бодлогын хамтын ажиллагаа, худалдааг дэмжих, дэд бүтцээр харилцан холбогдохыг урагшлуулах, санхүүгийн хамтын ажиллагаа болон иргэд хоорондын солилцоо зэрэг хамтын ажиллагааны өргөн хүрээг хамарч байна.

Бид хоёр талын хамтын ажиллагааны Санамж бичгийг бодит ажил болгохын зэрэгцээ ложистик, зам тээврийн чиглэл голлосон 32 төслийг хэрэгжүүлэх зорилт бүхий “Монгол-Орос-Хятадын Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхээр идэвхтэй ажиллаж байна. Эдгээр төслүүд дотроос Монгол Улсын төмөр замыг шинэчлэх, манай улсын нутгаар дамжуулан ОХУ болон БНХАУ, улмаар Ази, Европыг холбох хурдны авто зам барих болон ОХУ, БНХАУ-ыг холбох цахилгаан дамжуулах шугам байгуулах зэрэг гурван чухал төслийг ойрын хугацаанд хэрэгжүүлэхээр тохиролцоод байна. Энэхүү гурван талын Эдийн засгийн коридорыг байгуулснаар Евразийн бүс нутгийн хөгжил, дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулна гэж бид итгэж байна.

Дээр дурдсанчлан манай улс өөрийн хөгжлийн стратегийг “Бүс ба Зам” санаачлагатай уялдуулан хэрэгжүүлэхийг зорьж буй бөгөөд Азербайжан улсын хэрэгжүүлж буй санаачилга, үйл ажиллагааг мөн “Бүс ба Зам” санаачлагатай уялдуулах боломжтой гэдэгт итгэлтэй байна. Улс орнууд хөгжлийн стратегиа уялдаатай хэрэгжүүлэх нь нийтлэг ашиг тусын тулд нөөц бололцоогоо үр дүнтэй ашиглах боломжийг олгох юм.

Би саяхан БНХАУ-д айлчлах үеэрээ “Бүс ба Зам: Зорчих нөхцлийг хөнгөвчлөх санаачилга” хэмээх “Бүс ба Зам”-ын дагуух орнуудын албаны хүмүүс, хөрөнгө оруулагчдын зорчих нөхцлийг хялбаршуулахад чиглэсэн саналыг дэвшүүлсэн. Санаачилгыг хэрэгжүүлэх үүднээс “Бүс ба Зам”-ын холбоотой арга хэмжээнд оролцох албаны төлөөлөгч, хөрөнгө оруулагч нарт зориулсан тусгай гарцыг хилийн хяналтын бүсүүддээ байгуулаад байна. Бид түүнчлэн дээрх ангиллын зорчигчдод виз олгох ажиллагааг хөнгөвчлөх журмыг нэвтрүүлж  байна. “Торгоны замыг дэмжих бүлэг”-ийн үйл ажиллагаанд оролцогчид ч энэ хөнгөлөлтөд хамрагдах боломжтой юм.

Цаашид идэвхжүүлэх шаардлагатай өөр нэг чухал салбар бол соёл, спортын хамтын ажиллагаа юм. Эртний Торгоны зам ч зөвхөн худалдаа наймааны зам байгаагүй, улс орнуудын хооронд шинэ санаа, мэдлэг, шашин болон соёлыг түгээн нэвтрүүлэх чухал суваг байсан. Бидний цогцлоон байгуулахыг зорьж буй орчин цагийн Торгоны зам ч зөвхөн дэд бүтцийг бүтээн байгуулах тухай асуудал биш юм.  Ард түмнүүдийг улам ойртон нягтруулахын тулд соёл, спорт, аялал жуучлалын арга хэмжээг олноор зохион байгуулах нь нэн тустайг би онцлон тэмдэглэхийг хүсч байна.

Хатагтай, ноёд оо,

Парламентын эрхэм гишүүд ээ,

ЕАБХАБ-ын дэмжлэгтэй энэхүү бүлгийн үр өгөөжийг бүрэн ашиглахын тулд оролцогч орнуудын хамтын ажиллагаа, уялдаа холбоог сайжруулах зайлшгүй шаардлагатай байна. Иймд ЕАБХАБ-ын гишүүн орнуудын парламентын гишүүд хооронд харилцан мэдээлэл солилцож, сайн туршлагаа хуваалцан хамтын ажиллагаагаа улам бүр гүнзгийрүүлэх нь зүйтэй юм.

“Торгоны замыг дэмжих бүлэг”-ийн төлөөлөгчдийг Хятадад илгээж “Бүс ба Зам” –ын санаачилгын хүрээнд хамтын ажиллагаагаа уялдуулах, идэвхжүүлэх арга, замуудыг ярилцаж илүү тодорхой болгох нь уг санаачлагад хамрагдаж буй орнуудын ард иргэдэд илүү бодит үр ашгаа өгөх юм гэж үзэж буйгаа эцэст нь  дахин тэмдэглэн хэлмээр байна.

Анхаарал тавьсанд баярлалаа.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Хятад Шанхайн уулзалтанд Монголоос төлөөлөгч урьсныг Орос Женког урьсан гэж мултраад бөгс тань улайхгүй байна уу?

    0 0 Хариу бичих