Сансарт нэг жил байсан залуугийн ДНХ өөрчлөгдсөн байжээ

Сансарт өнгөрүүлэх хугацаа хүний бүхий л зүйлд өөрчлөлт оруулдаг төдийгүй энэ өөрчлөлт ДНХ-д хүртэл нөлөөлөхүйц хүчтэй байдаг ажээ. НАСА-гийн Twins Study судалгааны багийн гишүүн  Скотт Келлин генид 7 хувийн өөрчлөлт орсон байжээ. Ихэр дүү Маркынтайгаа адил байсан ДНХ нь сансарт байсан хугацаанд өөрчлөгдсөн болохыг шинжилгээний дүнгүүд харуулжээ. Скотт Келли эх дэлхийдээ буцаж ирээд 2 жил болсон ч ДНХ-д нь орсон өөрчлөлт буцаж хэвэндээ ороогүй байна.

Шинжлэх ухааны хүрээнд, ДНХ-ийн ба РНХ-ийн, полипептид эсвэл РНХ-н хэлхээн дарааллыг тогтоодог  хэсгийг нь ген гэж нэрлэдэг. 

Скотт Келлийн ДНХ урт хугацааны өөрчлөлтөнд орж энэ нь биологийн 5 шинжээр илэрч байгаа гэжээ. НАСА-гийн Хүн төрөлхтөн судлалын программ нэртэй энэ оны нэгдүгээр сараас хэрэгжиж эхэлсэн судалгааны ажлын гол судлал нь одоо Скотт болоод байгаа аж. Өнгөрсөн онд түүний биед хийсэн шинжилгээний дүнг 2018 оны эхний сарын шинжилгээний дүнтэй харьцуулахад хуучин хэвэндээ орсон шинж илрээгүй байна. Одоо судлаачид Скоттын метаболизм(Амьд бие махбодын дотор явагдах биохимийн урвалууд буюу бодисын солилцоо), цитокин ( дархлааны болон бусад эсээс ялгардаг бага молекул жинтэй, уураг болон уураг төст бүтэцтэй, зохицуулагч дохиоллын молекуулууд), уургийн хэмжээг сансарт хөөрөхөөс өмнө өгсөн шинжилгээний дүнтэй харьцуулан өөрчлөлт чухам хаана явагдсаныг мэдэхээр ажиллаж байгаа аж.

Сансрын нисгэгчдийн биед хүчилтөрөгчийн дутагдлаас үүссэн стресс, бие дэх шим тэжээлийн өөрчлөлт, үүнээс үүдсэн үрэвсэл нь генид нөлөөлдөг байж болзошгүй гэсэн таамаг дэвшүүлээд байна.

Скотт Келлийн ДНХ-д гарсан өөрчлөлтийг шинжилсэн судалгааны материалаа НАСА-гийн зөвшөөрөлтэйгээр Weill Cornell Medicine судалгааны цувралд өнгөрсөн жил хэвлүүлжээ.

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)