Төв цэвэрлэхийн лагийг цэвэрлэж, үнэрийг нь арилгах ажлыг энэ улиралд эхлүүлнэ

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Төв цэвэрлэх байгууламжийн лагийг цэвэрлэж, үнэрийг нь арилгах ажлыг 2018 оны нэгдүгээр улиралд багтаан эхлүүлэхийг Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделханд даалгажээ. Төв цэвэрлэх байгууламжийн ил хаягдсан лагийг боловсруулах, үнэргүйжүүлэх ямар арга, технологи байгааг сонирхон, үүнтэй холбоотой ажлыг шуурхай зохион байгуулахаар Барилга, хот байгуулалтын яамнаас ажлын хэсэг гаргаад байгаа юм. Барилга, хот байгуулалтын яаманд гадаад дотоодын 20 гаруй компани лагийг боловсруулах санал, технологио танилцуулаад байгаа ажээ. Тухайлбал, Герман, Унгарын хамтарсан "Sulzle, MPE, INWATECH" компани саналаа илэрхийлжээ. Тус компани ил хаягдсан лагийг цэвэрлэх байгууламжаас гарч байгаа лагийг боловсруулах шугамтай холбож, шатаах хэсэгт нь хольж боловсруулах технологийг ашиглах нь хамгийн шилдэг арга болохыг онцолсон байна. Мөн энэхүү технологийг нэвтрүүлэхэд Европын сангаас хөнгөлөлттэй нөхцөлөөр 30 сая еврогийн зээл олгох боломжтой гэдгээ илэрхийлжээ. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)