Н.Энхбаяр: Ганц С.Баяр ч гэлтгүй бусад хүмүүсийн дансыг шалга л даа

МАХН, Ногоон нам, МҮАН, ИЗНН нэгдэж, Шинэ дээд үндсэн хуулийг батлуулахаар тунхаг бичигт гарын үсэг зурах ёслолын ажиллагаа “Bluy Sky” зочид буудлын “Хөх тэнгэр” танхимд боллоо. Уг ёслолын ажиллагааны дараа МАХН-ын дарга Н.Энхбаяр дараах тодруулгыг өгчээ.

-Эрдэнэтийн асуудал яригдаад эхэллээ. Та тухайн үед буюу 2007 онд Ерөнхийлөгчөөр ажиллаж, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн дарга байсан хүний хувьд энэ асуудал танд яагаад мэдэгдээгүй юм бол?

-Надад ямар ч мэдээлэл байгаагүй. Тэр процесс 2007 онд эхэлсэн гэдгийг сая л сонсож байна. Намайг Ерөнхийлөгч байхад ийм ажил болохгүй байсан.Харамсалтай нь 2009 онд “луйврын” сонгуулиар намайг унагаасан юм. Түүнээс хойш байгалийн баялгаар цөөн хэдэн хүн дураараа тоглосон.

Үүний жишээ нь Эрдэнэт үйлдвэрийн 51,49 хувь оффшор данс зэрэг асуудал юм. Энэ бүх зүйл 2009 оноос хойш болсон. Үүнээс өмнө би ийм болгохгүй байж чадсан юм. Тэгэж яривал би Эрдэнэт үйлдвэрийн 51 хувийг 2003 онд Монголдоо авч, их өрийг тэглэж байсан.

Хууль бол харин цоож нь юм. Шинэ дээд Үндсэн хууль батлагдвал 49,51 хувь ард түмэнд очих болно.

-Ерөнхий сайд асан С.Баяраас АТГ байцаалт авсан байна. Оюу Толгой болон оффшорын асуудлаар байцаалт авсан нь хэр үндэслэлтэй гэж та харж байна вэ. Өмнөх хэргүүд шиг хэргүүд ингээд замхраад байвал яах вэ?

-Намайг ямар ч гэмт хэрэг хийгээгүй байхад хорьж цагддаг тогтолцоо манайд байна. Би үүнийг яс махаараа мэдэрсэн хүн. Тиймээс нэг шүүгчийг, хэдэн хүнийг муулаад өөрчлөгдөх асуудал биш л дээ.

-Та С.Баяртай ойр ажиллаж байсан хүний хувьд энэ хүний оффшорт байгаа хөрөнгийг хаанаас бүрдүүлсэн гэж харж байгаа вэ?

-Би хэлсэн. Хаанаас, хэрхэн энэ хөрөнгийг бүрдүүлсэн бэ гэдгийг шалгаад өгөөч гэж хэлсэн шүү дээ. Би 25-р сувгийн “Ам нээвэл” нэвтрүүлэгт орох үеэрээ энэ асуултад хариулсан юм. Ганц С.Баяр ч гэлтгүй бусад хүмүүсийн оффшор дансыг шалга л даа. Х.Баттулга Ерөнхийлөгч энэ асуудлыг хөөцөлдөж, яриад байгаа юм билээ. Энэ хөрөнгийг нь зүгээр Монгол руу татах биш хураах ёстой. Үүгээрээ ядаж багш нарынхаа цалинг нэм л дээ.

-“Жаст”-ын Ш.Батхүүгийн ард хэн байгаа гэж та хэлэх вэ?

-Шалга л даа. Заавал Энхбаяраар хэлүүлэх ч хэрэг байхгүй. Амархан олно шүү дээ. Дансыг нь хөөгөөд л үзэхэд олдоно л доо. Данс гэдэг чинь мөр байхгүй юу. Банкаар орсон гарсан мөнгөнийх нь дансны хуулгаар нь шалгахад л гараад ирнэ. Хууль шүүхийн байгууллага шалгая гэвэл амархан олно. Нэг удаа Х.Тэмүүжин гишүүн байхдаа “Н.Энхбаяраар бүгдийг яриулаад өөрийг нь хамгаалалтад авчихъя. Амь нас нь эрсдэлд орчихож магадгүй. Тэгээд энэ бүх луйвар булхайг илрүүлчихнэ гэж байсан. Одоо тэгвэл С.Баяраар, Ц.Элбэгдоржоор, М.Энхболдоор яриулах хэрэгтэй шүү дээ. Бүгдээрээ эр зориг гаргаад хэний ард юу байсныг ярих ёстой. Би бол хангалттай эр зориг гаргаж ярьсан.

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. OLHONUD OVOGT BAERHUUGIIN YSON ERDENE NOM HUUCHINII UZLIIG OMOORSON NOM BOLJ HUUCHIN ESOO GEEHGUIGEES JENDERT SUURILSAN HUCHIRHIILEL GARAAD BNA GEJ MONGOL TV EER GARSAN

    0 0 Хариу бичих

ЭНЭ ТУХАЙ