Х.Батчулуун: Мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэхгүй бол эдийн засгийн олон эрсдэлд орохоор байна

Манай улсад мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх тогтолцоо байхгүйгээс олон улсад саарал жагсаалтад орох эрсдэл ойрхон байна. Саарал жагсаалтад орох юм бол гадаадын хөрөнгө оруулалт багасах, зээлжих зэрэглэл буурах зэрэг сөрөг үр дагавартай юм. Мөнгө угаах гэмт хэрэг болон удахгүй хэлэлцэгдэх хуулийн төслийн талаар Монголбанкны Санхүү мэдээллийн албаны дарга Х.Батчулуунаас тодрууллаа.

-Зөв хөрөнгө оруулагч эсвэл буруу замаар орж ирсэн мөнгийг аж ахуй нэгж байгууллагууд хэрхэн таньж мэдэх вэ?

-Компани болон хувь хүний орлого хууль ёсны болон хууль бус байдаг. Аливаа гэмт хэргийн үйл ажиллагаанаас олсон хөрөнгийг хууль ёсны мэт харагдуулж эдийн засагт оруулан, буцаан гаргаж авахыг мөнгө угаах гэмт хэрэг гэж хэлнэ. Гэмт хэргээс олсон орлого аливаа эдийн засагт гэнэт орж ирээд гэнэт гараад явчихдаг. Ингэхдээ эдийн засагт ямар нэгэн суурь, үндэслэлгүй савалгаа үүсгэдэг. Монголын жишгээр аваад үзэхэд валютын ханшны хэлбэлзлийг тайлбарлаж болно. Олон улсад цагаан мөнгө (хууль ёсны орлого), хар мөнгө (гэмт хэргээс олсон ашиг) гэсэн ойлголт бий. Гэмт хэрэгтнүүд буруу замаар олсон мөнгөө цагаан болгох гэж төрөл бүрээр оролддог. Манай иргэд энэ төрлийн гэмт хэргийн мэдээлэлгүйгээсээ болоод гэмт хэрэгт өртөж болзошгүй байдаг. Тиймээс өөрийн болон компанийн үйл ажиллагаанд хаанаас ямар мөнгийг, ямар замаар татаж авч байгаагаа хянаж анхааралтай байх ёстой. Гадаадын зах зээлд мөнгө угаахтай хатуу тэмцэж байгаа. Хэрэв энэ тал дээр анхаарахгүй бол олон улсын хараанд орж болзошгүй байна. 
-Мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх тал дээр манай улс саарал жагсаалтад орох магадлалтай байгаа гэсэн. Саарал жагсаалтад орохгүй байхын тулд ямар арга хэмжээ авах шаардлагатай байна вэ?

-Мөнгө угаах терроризмтой тэмцэх олон улсын байгууллага байдаг. Эндээс мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх 40 зөвлөмж нэртэй олон улсын стандартыг гаргасан. Үүний дагуу улс орнууд өөрийн мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх тогтолцоог бүрдүүлдэг. Тухайн орны тогтолцоо энэ 40 зөвлөмжид нийцэж байгаа эсэх харилцан үнэлгээний үйл ажиллагаагаар тодорхойлогддог. Манай улс үйл ажиллагааны харилцан үнэлгээнд анх 2007 онд орж байсан. Энэ үед мөнгө угаах, терроризмтой тэмцэх тогтолцооны суурь тавигдаж эхэлж байсан учир 2013 онд гарсан эхний үнэлгээний хариу тааруу гарч саарал жагсаалтад орж байсан.  Мөнгө угаах, терроризмтой тэмцэх хууль байгаа хэдий ч Эрүүгийн хуульд зүйлчлэл ороогүй байсан нь саарал жагсаалтад орох хамгийн том үзүүлэлт болсон. Зохих арга хэмжээг авсны үр дүнд 2014 онд энэ жагсаалтаас гарч чадсан. Хоёрдахь удаагийн харилцан үнэлгээний тайлангаа бид 2017 оны долдугаар сард Шри Ланк улсад хамгаалсан. Тайлан албан ёсоор есдүгээр сард Ази Номхон далайн бүсийн орнуудын вебсайт дээр тавигдсан. Хэдий хууль журам, үйл ажиллагаа хариуцаж байгаа байгууллагууд байгаа боловч үйл ажиллагааны үр дүн байхгүй гэсэн шалтгаанаар саарал жагсаалтад ахин орох шалгуурыг хангасан. .

-Саарал жагсаалтад орсноор ямар эрсдэл учрах вэ? Өмнө нь жагсаалтад ороод гарах үед Монгол Улсын эдийн засагт ямар нөлөө үзүүлж байсан бэ?

- Мөнгө угаах терроризмтой тэмцэх олон улсын байгууллагын саарал жагсаалтад орсон орон эдийн засгийн хүндрэлд орно. Хамгийн түрүүнд улсын нэр хүнд гадаад харилцаа, гадаад мөнгөн урсгалд сөргөөр нөлөөлнө. Зээлжих зэрэглэл буурна. Банкнуудын гадаад харилцаа хүндрэлд орно. Монгол шиг жижиг эдийн засагтай хэрнээ эрсдэл өндөртэй улсын банктай гаднын том банкнууд харилцахаа больдог.

2013 онд саарал жагсаалтад орох үед Монголыг гаднынхан ид сонирхож, эдийн засаг өсөлттэй байсан үе учир Монголын эдийн засагт нөлөөлөл үзүүлээгүй. Харин одоо бол манай эдийн засаг гаднын зах зээлээс хамааралтай, олон компани гаднаас зээл авч, олон банк гаднаас эх үүсвэрээ авч байгаа энэ үед саарал жагсаалтад орвол энэ бүгдийн өртөг өснө. Ерөнхийдөө барууны зах зээл хаалттай болно.  

-Манай улсад энэ төрлийн гэмт хэрэг хэр гардаг вэ?

-Жилдээ мөнгө угаах гэмт хэрэгтэй холбоотой 200  гаруй хэрэг бүртгэгддэг. Гэхдээ суурь гэмт хэрэг гэж үздэггүй учир мөнгө угаах гэмт хэргээр шийтгэгдсэн тохиолдол гараагүй байна. Өөрөөр хэлбэл давхар зүйлчлэгдээд мөнгө угаах гэсэн зүйл анги нь хасагдаад нөгөө зүйлээр нь шийтгээд явчихдаг.

-Мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх хуулийн төсөл ирэх хаврын чуулганаар хэлэлцэгдэнэ. Хэрэв батлагдвал ямар зүйлүүдийг хуулийн төсөлд тусгаж шинэчилсэн байгаа вэ?

-Мөнгө угаах терроризмтой тэмцэх хуульд өөрчлөлт оруулахаар УИХ-д өргөн барьсан. Хуулийн төсөл УИХ-ын Хууль зүйн байнгын хороон дээр байгаа.  Олон улсын жишгээр хяналт шалгалтын үйл ажиллагааг эрсдэл дээр суурилуулсан зарчим руу шилжүүлж байгаа нь хуульд орох гол өөрчлөлт. Мэдээлэх үүрэгтэй байгууллагууд үйл ажиллагаа явуулахад өөрийн харилцагчийг илүү сайн таньж, санхүүгийн урсгалыг ойлгож үүнээсээ үндэслэн эрсдэлийн зэргийг тогтоож,харилцагчаасаа хэр их мэдээлэл шаардахаа тогтоодог зарчимд шилжинэ. Мөнгөн урсгал дээр нягт хяналт тавигддаг болсон орчин үед хүн болгонд энэ төрлийн хяналтыг явуулахад зардал өндөр гарна. Хууль оруулсан өөрчлөлтийн дагуу зардал хэмнэж, үйл ажиллагааны чанар нэмэгдэнэ гэж харж байна.

Мөн мэдээлэх үүрэгтэй этгээдийн цар хүрээг нэмсэн. Тухайлбал үнэт чулуу, үнэт металлын худалдаа эрхлэгчид мэдээлэх үүрэгтэй болж байгаа.

-Хууль байгаад хангалттай бус орлогоо өөрөө нотолдог болох зарчмыг бий болгох хэрэгтэй  байх?

-Барууны орнуудад жишиг тогтолцоо, 40 зөвлөмжийн дагуу хувь хүн, байгууллагууд өөрийн орлогыг хууль ёсны үйл ажиллагаа явуулж байж олсон гэдэг зарчим руу шилжээд байгаа. Манайд бас тийм тогтолцоо хэрэгтэй байна. 

-Мөнгө угаах гэмт хэрэг гэхээр олон нийтэд хол сонсогддог байж магадгүй. Энэ төрлийн гэмт хэргийн өдөр тутмын амьдралд тохиолдож болох жишээг дурдаач?

-Хэн нэгэн иргэн луйврын гэмт хэрэг хийгээд түүнээс олсон мөнгөө өөр тийш нь шилжүүлбэл тэр цагаас эхлэн мөнгө угаах гэмт хэрэг үйлдэгдэж эхэллээ гэж үзнэ. Баруунд дээрх жишээг луйврын гэмт хэрэг гэж үзээд дээр нь мөнгө угаах гэмт хэрэг гэж давхар зүйлчилдэг. Харамсалтай нь манайд мөнгө угаах гэмт хэрэг гэдэг утгаараа бүрэн хэрэгжихгүй байгаа.

Гадаад төлбөр тооцоо хийдэг иргэд, байгууллагууд и-мэйлээр санхүүгийн мэдээллээ солилцдогоос болоод санхүүгийн луйварт өртөх асуудал их гарч байна. Харилцагчийн и-мэйл хаягийг нь хакердаад, эсвэл ижил төстэй и-мэйл хаягаас төлбөр тооцоогоо өөр дансанд хийнэ үү гэсэн мэйлийн дагуу мөнгөө шилжүүлж мөнгөө алдсан тохиолдол бараг компани бүрд бий.

-Баруунд давхар зүйлчлэгддэг гэлээ. Гэтэл манай улсад энэ зүйл ангиар жилд 200 гаруй гэмт хэрэг бүртгэгддэг хэрнээ мөнгө угаах гэмт хэрэг гэж шийтгэгдсэн тохиолдол байхгүй юм байна.

-Манайд мөнгө угаах гэмт хэргийг суурь гэмт хэрэг гэж авч үзэхгүй байна. Бидний төсөөллөөр гэмт хэрэг үйлдсэнээс хойш ул мөрийг нь арилгаж мөнгийг цэвэр болгож байгаа  мөчид гар бие оролцож байгаа хүмүүс гэмт хэрэг үйлдээгүй ч мөнгө угааж байгаа этгээдүүд болно.

-Мөнгө угаах гэмт хэрэг терроризмтой яаж холбогддог юм бэ?

-Терроризмыг хар тамхины наймаа, зэвсгийн наймаа, хүний наймаагаар санхүүжүүлдэг.Тэр үйл ажиллагаагаа хил дамнуулан үйлддэг. Тэр давлагаа болгонд хяналтыг давахын тулд мөнгөө цэвэр мэт харагдуулахын тулд мөнгө угаах үйлдэл хийдэг.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)