АНУ-ын шинэ Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео гэж хэн бэ

АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргаар өчигдөр томилогдсон Майк Помпеогийн талаархи мэдээллийг хүргэж байна. Канзас мужийн Конгрессийн гишүүн байсан энэ эр АНУ-ын ТТГ-ын даргаар 2017 оны нэгдүгээр сард томилогдож, жил гаруйхан ажиллаад төрийн нарийн бичгийн даргаар дэвшээд байна.   

Угсаа гарал, боловсрол

Майкл Ричард “Майк” Помпео 1963 оны арванхоёрдугаар сарын 30-нд Калифорни мужийн Оринж хотод, итали гаралтай гэр бүлд төржээ. Аавынх нь ээж Италийн Абруццо мужийн Караманико Термед төрсөн итали эмэгтэй аж. Гэр бүл нь Калифорнийн Санта Ана хотын ойролцоо амьдарч, Майк хөрш зэргэлдээ Фонтан Вэлли хотын “Лос Амигос” дунд сургуульд суралцаж төгссөн байна.

Тэрээр сургуулийнхаа сагсан бөмбөгийн шигшээ багийн гишүүн байжээ. Дунд сургуулиа 1982 онд төгсөөд Вэст Пойнт дахь цэргийн академид элсэж, техникийн зохион бүтээгч мэргэжлийг эзэмшсэн аж.

Улмаар төгсөөд армид офицероор үлдэж, 1986-1991 онд хуягт танкийн бригадад алба хаажээ.

Офицер Майк Помпео

Армид байхдаа дахин суралцаж, 1994 онд Харвардын их сургуулийн хуулийн ангийг төгссөн байна.   

Бизнесийн замнал

Майк Помпео “Thayer Aerospace”, “Private Security” гэсэн хоёр компанийг үүсгэн байгуулсан аж. Мөн  газрын тос олборлолтоор үйл ажиллагаа явуулдаг “Sentry International” гэх компанийн Ерөнхийлөгчөөр ажиллаж байжээ.

Улс төрийн замнал

Бизнесмэн Доналд Трамп Ерөнхийлөгч болсныхоо дараа салбараасаа олон хүнийг төрийн албанд “уруу татсан”-ы нэг нь Майк. Тэрээр 2017 оны нэгдүгээр сарын 23-ны өдөр Сенатаар батламжлагдан Тагнуулын төв газрыг удирдах болсон юм. Тэр өдрөө дэд Ерөнхийлөгч Майк Пенсэд тангараг өргөн үүрэгт ажилдаа оржээ. Шинэ албанд очсоныхоо дараа сард Турк, Саудын Арабт айлчилж, Саудын Арабын ханхүү Мухаммад бен Наефыг ТТГ-ын тэмдгээр шагнасан. Ингэснээрээ Д.Трампын ойрхи Дорнодтой харилцах харилцааны эхлэлийг эергээр тавьсан гэж үнэлэгддэг аж.

ТТГ-ын дарга Майк Помпео

Энэ оны нэгдүгээр сарын 27,28-нд АНУ, ОХУ-ын Тагнуулын байгууллагын удирдлагууд Вашингтонд уулзахад Майк Помпео албан үүргийнхээ дагуу оролцсон. Энэ нь хоёр улсын тагнуулын байгууллагын түүхэнд хамгийн дэд хэмжээний уулзалт хэмээн түүхэнд тэмдэглэгджээ. Уг уулзалтад ОХУ-аас сөрөх тагнуулын газрын дарга Сергей Нарышкин, Холбооны Аюулгүй байдлын албаны дарга Александр Бортников Байлдааны тагнуулын албаны дарга Игорь Коробов нарын өндөр тушаалтнууд оролцжээ.    

Төрийн нарийн бичгийн дарга

Ерөнхийлөгч Д.Трамп Төрийн нарийн бичгийн дарга Рекс Тиллерсоныг огцруулах шийдвэр гаргаж, оронд нь Майк Помпеог томилохор болсноо хэдхэн цагийн өмнө олон нийтэд зарлаад байна. Тэрээр албан тушаалдаа орохын тулд Сенатын дэмжлэгийг авах шаардлагатай. Дэмжигдвэл албаа гүйцэтгэж эхлэх юм.  


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)