В.Баярмаа: Нойргүйдэл сэтгэцийн эмгэгийн эхний шинж

Нарны гэрлийн эрч нэмэгдэн, өдөр уртсаж шөнө богиносох энэ үед өвлийн улиралд дассан бие сэргэх үйл явц эхэлдэг байна. Хүйтний улирлаас дулааны улиралд шилжихэд хүний бие махбод орчиндоо дасах гэж хямардаг. Харин улирал солигдох ийм үед хүний сэтгэцэд өөрчлөлт ордог эсэх талаар Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн дэд захирал В.Баярмаатай ярилцлаа.

-Хаврын улирал хүний сэтгэл зүйд нөлөөлж сэтгэцийн эмгэгтэй хүний өвчин сэдэрдэг гэж ярьдаг. Энэ шинжлэх ухааны үндэстэй юу?

-Хавар намрын улирлыг сэтгэл үелзүүлдэг, сэтгэл санаа тогтворгүй болдог үе гэж ярьдаг. Гэхдээ хүмүүсийн ярьдагчлан хүний сэтгэл зүйд өөрчлөлт ороод байдаггүй. Харин олон жилийн динамикийг харахад хавар намартаа сэтгэцийн эмгэгийн өвчин сэдэрдэг, хүмүүст сэтгэцийн өөрчлөлт илэрдэг тохиолдол байдаг. Гэвч сүүлийн жилүүдэд нийгэм, эдийн засгийн байдлаас хамааран жилийн аль ч улиралд сэтгэцийн өөрчлөлт нэмэгдэх хандлагатай байна. 

-Сэтгэцэд цаг агаар нөлөөлж байна уу, эсвэл тухайн хүний өөрийнх нь бие махбодын онцлогоос хамаарч байна уу?

-Байгаль цаг уур нөлөөлж байгаа эсэхийг тогтоосон судалгаа алга. Сэтгэцэд сэтгэцийн хувьд эрүүл байх, сэтгэцийн хувьд тулгамдсан асуудалтай байх, сэтгэцийн хувьд эмгэгтэй байх гэсэн гурван үндсэн ойлголт бий. Хүрээлэн буй орчиндоо дасан зохицох чадвартай хүнийг сэтгэцийн хувьд эрүүл, нийгмийн нөлөөтэйгөөр тухайн хүний сэтгэл хөдлөл, зан үйл хямрахыг сэтгэцийн хувьд тулгамдсан асуудалтай гэж үздэг. Сэтгэцийн тулгамдсан асуудал нь удаан хугацаанд хуримтлагдсанаар сэтгэцийн эмгэг үүсдэг.

1990 оноос хойш нийгмийн орчин, хүмүүсийн сэтгэлзүй, эдийн засгийн байдал тогтворгүй болсонтой холбоотойгоор иргэдийн сэтгэлзүй хямардаг болсон. Тухайн хүний сэтгэл санаа хямарч байгаа байдал нь сэтгэл хөдлөл, зан үйл нь өөрчлөгдөх байдлаар илэрдэг. Манай төвөөс хийсэн “Зонхилон тохиолдлын судалгаа”,  “Хүүхэд өсвөр үеийн судалгаа”-г харахад бага насны хүүхэд ялангуяа өсвөр насандаа сэтгэл хөдлөлийн өөрчлөлт давамгайлсан байдал нь охидод, зан үйл нь өөрчлөгдсөн байдал нь хөвгүүдэд илүү давамгай байна. Хүмүүс сэтгэл санааны байдлыг насанд хүрсэн хүний тохиолдолд дээр яриад байдаг. Гэтэл тухайн хүний сэтгэл санааны байдал ямар байх, хэрхэн төлөвших нь эхийн хэвлийд ураг бүрэлдэн тогтохоос эхэлдэг. Ээж хэдий тайван байна төдий чинээ сэтгэл бага хямарна. Сэтгэл хямраад эхлээр сэтгэцийн өвчлөл, сэтгэл тулгамдсан асуудлууд нэмэгдэх эхлэл тавигддаг. Тиймээс хүмүүс сэтгэцийг өргөн утгаар нь ойлгож, бүх насанд байдаг, нас насандаа өөр өөр онцлогтой байдгийг мэддэг байх хэрэгтэй.

-Иргэдийн дунд сэтгэлийн ямар хямрал зонхилж байна вэ?

-Монгол Улсын хэмжээнд “Зонхилон тохиолдохын судалгаа”-г зургаан эмгэгээр хот, хөдөөгийн 15500 хүнийг хамруулж хийсэн. Тэр судалгаагаар хамгийн өндөр тархалттай нь сэтгэл түгшилт гарсан. Өөрөөр хэлбэл хүмүүс сэтгэл түгшээд тайван бус байгаагаа байх хэвийн үзэгдэл хэмээн хүлээн авдаг. Сэтгэл түгшилт гурван жил түүнээс дээш хугацаагаар даамжирвал сэтгэцийн эмгэг болдог. Тэгэхээр зонхилон тохиолдоод байгаа сэтгэл түгшилт, нойргүйдэл, сэтгэл гутрал, сэтгэл гутралаа дагаад янз бүрийн бодол төрөх, архи уух, тамхи татах, мансууруулах бодис хэрэглэх, хүүхэд насанд хулгай дээрэм хийх зэрэг нь байнгын давтамжтай болоод ирэхээрээ сэтгэцийн эмгэг болдог.

Сэтгэцийн эмгэг гэдэг ойлголт нь хүмүүсийн төсөөлдөгчлөн зөвхөн “Шар хад”-нд хэвтдэг, эмчлүүлдэг, үйлчлүүлдэг иргэдэд хамааралтай асуудал биш.

-Шинж тэмдэгүүд илэрвэл хүн сэтгэл зүйгээ хэрхэн хянах вэ?

-Дээр хэлсэнчлэн нийгэм эдийн засгийн хүчин зүйлс хүний сэтгэл санаанд хамгийн ихээр нөлөөлж байна. Нийгэм, улс орон тогтворгүй, ядуурал, ажилгүйдэл их байх тусам хүний сэтгэл тайван байх боломжгүй болгодог. Тэгэхээр хүн өөрийн сэтгэцээ хамгаалах, урьдчилан сэргийлэх, эрүүл сэтгэцтэй байхын тулд сэтгэлийн амар амгаланг мэдрэх ёстой. Тэгж байж л хүн эрүүлээр сэтгэж, эрүүл зан үйл гаргаж,  эрүүл мэдрэмжийг бий болгоно. Гадаад дотоод шалтгаанаас болоод нэгэнт ийм нөхцөл бүрдэх боломжгүй учраас хүмүүс байгаль цаг ууртай холбоотой юм болов уу гэх зэргээр ойлгож, тайлбарлаад байх шиг байна. Стрессгүй амьдрал гэж байхгүй. Гэхдээ таагүй асуудлаа дор бүр нь ямар нэгэн байдлаар гадагшлуулж байх хэрэгтэй. Хамгийн энгийнээр хүнтэй ярилцаж, бодол санаагаа чөлөөтэй илэрхийлж, уйлмаар санагдвал уйлж байх хэрэгтэй. Сэтгэлээ тайван байлгах ур чадварт суралцах хэрэгтэй.

-Стресс ажлын бүтээмжид хэр нөлөөлдөг вэ?

-Стресс ажлын бүтээмжид асар их нөлөөлнө. Хүний сэтгэл санаа тавгүй байхад хүн сөрөг бодлоор цэнэглэгддэг. Тэгэхээр ажлынхнаас ирж буй шүүмж зэргийг илүү хүндээр тусгаж авдаг. Энэ мэдрэмж нэмэгдэх тусам тархинд эерэг зүйл бодох орон зай байхгүй болно.

-Сэтгэцийн эмгэг жил бүр нэмэгдэх хандлагатай байна гэлээ. Танай төвөөр үйлчлүүлж байгаа өвчнүүдийн тоо эрс нэмэгдэж байна уу?

-Жил бүрийн динамикаас харахад сэтгэцийн өвчлөл буурдаггүй. F4 буюу стресстэй холбоотой сэтгэцийн өөрчлөлтүүд, F10 буюу архинд донтох эмгэгүүд, мансуурлын асуудалтай байгаа хүмүүс мөн хүүхдийн стресстэй холбоотой эмгэгүүд мэдэгдэхүйц нэмэгдэж байгаа. Хүүхдийн хэвтэлтийн 80 орчим хувь нь стресстэй холбоотой байна.

Хүүхэд аавыгаа архи уухад хүлээн зөвшөөрдөг хэрнэ ээжийг архи уусан байхыг харахад ихээр стресстдэг.

-Хүүхдийн сэтгэлзүй, сэтгэцийн эмгэгийн талаар дэлгэрэнгүй яриач?

-Хүүхдийн сэтгэцийн эмгэгүүд нас насанд өөр байдаг. Бага насанд аутизм, сургуулийн насанд анхаарал дутмагших, хэт хөдлөгөөнтөх эмгэгүүд , өсвөр насанд илүү сэтгэл хөдлөлтэй болдог. Манай төвд 25 ортой хүүхдийн клиник ажиллаж байна. Клиникт 10-18 насны хүүхдүүд ихэвчлэн эмчлүүлдэг. Бага насны буюу таваас доош насны хүүхдүүд Эх хүүхдийн эрүүл мэндийн төвд хандчихдаг.

-Хүүхдийн сэтгэцийн эмгэгт нөлөөлж байгаа хүчин зүйлүүд юу байна?

-Хүүхдийн сэтгэцэд нөлөөлдөг хүчин зүйл бол ерөөсөө л гэр бүл. Гэр бүлийн хүчин зүйлс, гэр бүлийн орчин, эцэг эхийн үлгэр дуурайлал, хүмүүжил, хүүхэдтэйгээ харьцаж байгаа хандлагаас хүүхдийн зан төлөв, сэтгэлзүй ихээхэн хамаардаг.

Гэр бүл салалт, архидалт өсвөр насныхны сэтгэл хөдлөлийг 11 дахин нэмэгдүүлдэг

Хүүхэд аавыгаа архи уугаад ирэхэд байдаг зүйл мэт хүлээн авч, хүчтэй хариу урвал өгдөггүй хэрнэ ээжийгээ архи уухыг хараад байж боломгүй мэт хүлээн авч илүү их стресстдэг.

-Сэтгэцийн эмгэг эмчлэгддэг үү?

-Стресстэх, архинд донтох эмгэгүүд бүгд эмчлэгдэж эдгэдэг. Гэхдээ эмчилгээний дараа гам сайн барихгүй бол үр дүн гарахгүй.

-Иргэд өөрсдөө сэтгэцийн эрүүл мэндийн төвд оношлуулахаар хэр ханддаг вэ?

- Хүн амын 70 орчим хувь нь эрүүл, 20-30 орчим хувь нь сэтгэцийн тулгамдсан асуудалтай, 3-5 хувь нь сэтгэцийн эмгэгтэй. Сэтгэцийн эмгэгтэй иргэд аймаг дүүргийнхээ сэтгэц наркологийн тасаг болон сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд хандах үйлчлүүлдэг. Гэтэл ихэнх хувийг эзлээд байгаа 20-30 хувь маань нийгэмд сурч хөдөлмөрлөөд явж байна. Ихэнхдээ өөрийгөө хүлээн зөвшөөрдөггүй. Сэтгэцийн эмгэгийн талаарх ойлголттой болсноосоо хойш сэтгэцийн талаар зөвлөгөө авахаар  сэтгэлзүйч, сэтгэцийн эмчид хандах болсон.

Харин сүүлийн жилүүдэд иргэд сэтгэцийн өөрчлөлттэй хүмүүс зөвхөн “Шар хад”-нд байдаг гэдэг ойлголтоосоо салсан. Тиймээс өөрсдөө ирж үзүүлэх хандлага нэмэгдсэн.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)