Хөлбөмбөгийн ДАШТ-д эх орноо төлөөлөх хоёр Монгол хөлбөмбөгч тодорлоо

Монголын хөлбөмбөгийн холбооноос ОХУ-ын нийслэл Москва хотод ирэх зургадугаар сарын 3-18-нд болох "Нөхөрлөлийн хөлбөмбөг" олон улсын нэр хүндтэй форум, алдарт "Лужник" цэнгэлдэх хүрээлэнд болох ДАШТ-ий нээлтийн ажиллагаанд эх орноо төлөөлөн оролцож, Орос, Саудын Арабын тоглолтыг үзэхээр шалгарсан хоёр хүүхдийг албан ёсоор зарлалаа. Энэхүү нэр хүндтэй үүргийг "ДМЮ" клүбийн довтлогч Э.Даринчулуун, "Монголын тэмүүлэл" клүбийн хагас хамгаалагч Ш.Эрхэс нар эдлэх юм.

Тэд дэлхийн хаан спортоор хичээллэдэг 12 хүртэлх насны хүүхдүүдийн дунд зохион байгуулсан хөлбөмбөгийн ур чадвар, англи хэлний бичгийн болон ярианы шалгалтыг амжилттай давснаар энэхүү эрхийг хүртэв. Э.Даринчулуун дэлхийн 211 улсаас ирсэн хүүхдүүдийн тэмцээнд "Горилла" багийн өмнөөс тоглож, Ш.Эрхэс сэтгүүл зүйн сургалтад хамрагдаж, "Нөхөрлөлийн хөлбөмбөг" форумын тухай мэдээллийг олон улсын нэр хүндтэй мэдээллийн хэрэгслээр дамжуулах юм. 2013 оноос хойш жил бүр болж буй энэхүү үйл ажиллагааг ОХУ-ын "Газпром" ХК, ЕХБХ санаачилсан бөгөөд ОУХБХ сүүлийн хоёр жил хамтран ажилласан байна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)