Монгол Улсын худалдааны нөхцөл сайжирсан ч засгийн зардлыг бууруулах шаардлагатай

"ЭДИЙН ЗАСГИЙН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ, ЦААШДЫН ЧИГ ХАНДЛАГА-2018” сэдэвт хурал өнөөдөр боллоо. Хурлыг  Эдийн засгийн судалгаа эрдэм, шинжилгээний хүрээлэн (ERI), Монгол Улсын Их Сургууль, Монголбанкнаас хамтран зохион байгуулав. Уг хурлаар танилцуулсан судлаачдын илтгэлээс түүвэрлэн хүргэж байна.

Засгийн газар зардлаа танах нь эдийн засагт чухал нөлөөтэй

Уул уурхайн бүтээгдэхүүнээс төсвөө бүрдүүлдэг манай улсын хувьд 2013 оноос эрдсийн бүтээгдэхүүний үнийн бууралтаас шалтгаалан Монгол Улсын эдийн засгийн өсөлт буурч эхэлсэн. Мөн улсын төсвийн алдагдал нэмэгдэж 2016 он гэхэд ДНБ-ийн 17 хувьд хүрчээ. 

Тиймээс бид  эдийн засгийн хүндрэлээс гарахын тулд өнгөрсөн жилээс эхлэн ОУВС-ийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-т хамрагдаж байгаа.

ОУВС-ийн тооцоолсноор Монгол Улс энэхүү хөтөлбөрт хамрагдсанаар 2022 он гэхэд төсвийн алдагдлын ДНБ-д эзлэх хувийг 1.5 хувьд хүргэх ба үүний тулд Засгийн газрын зардлаа танах шаардлагатай гэж нэн тэргүүнд үзжээ.
Энэхүү судалгаагаар Засгийн газрын зардлаа бууруулах нь  эдийн засгийн үзүүлэлтэд хэрхэн нөлөөлөхийг харуулж байгаа юм.

Монгол Улсын худалдааны нөхцөл сайжирчээ

Монгол Улсын худалдааны нөхцлийг олон улсад сайжирсан гэсэн дүгнэлтийг судлаачид хурлын үеэр хэлж байна. Чили болон Монгол улсын  худалдааны нөхцөл түүхэн хугацаанд ижил чиг хандлагатай байгааг  харьцуулжээ.

 2012-2016 оны хооронд Монгол Улсын худалдааны нөхцөл доогуур байсан нь тухайн онуудад манай улсын гадаад худалдааны хуулийн орчин, гааль, хөрөнгө оруулалтын хязгаарлагдмал байсан нь нөлөөлж байсан гэнэ. Мөн Засгийн газрын шууд интервац зэрэг үзүүлэлтүүдийн хувьд өрсөлдөх чадвар сул байсныг илтгэж байгаа аж. Харин 2017 онд түүхий эдийн экспортын хэмжээ ихэссэн, ялангуяа зэсийн баяжмал болон нүүрсний экспортын үнэ өссөнөөс худалдааны нөхцөл өсчээ.

Монгол Улс шатахууны эрэлтээ 100 хувь гадаадаас импортоор хангадаг. Иймд дотоодын шатахууны үнэ нь импортын хил дээрх үнэ болон татвараас хамааралтайгаар өөрчлөгдөж байна. Доорх зургаас 2010-2017 онд хил дээрх шатахууны үнэ хэлбэлзэхэд Засгийн газар татварын бодлогоор дамжуулан дотоодын үнийг тогтворжуулж байсныг харж болно.

Энэхүү судалгаагаар шатахууны импортын хил дээрх үнийн өсөлтийн эдийн засагт үзүүлэх нөлөөг татварын бодлого хэрхэн өөрчилж байгааг тодорхой аргачлалаар үнэлэн үнэлж, үр дүнг харьцуулжээ.

Бэлчээрийн доройтолд  малын хөлийн татвар шаардлагатай

Өнгөрсөн жилүүдэд Монгол Улсын хэмжээнд таван хошуу малын тоо толгой хурдацтай өссөнөөр, бэлчээрийн даац хэтэрч, бэлчээрийн доройтол нэмэгдсээр байна. Бэлчээрийн даацыг экологи болон эдийн засгийн бэлчээрийн даац хэмээн хоёр ангилж үздэг бөгөөд Монгол Улсад энэ төрлийн судалгаа ховор байгаа юм. Олон улсад хийгдсэн судалгаануудад дурдсанаар, бэлчээрийн эдийн засгийн даац экологийн даацаас өндөр байдаг учраас татвар, квот гэх мэт арга хэрэгслээр бэлчээрийн эдийн засгийн даацыг экологийн даацтай тэнцүү болгож, бэлчээрийн тогтвортой байдлыг хангах ёстой. Энэхүү судалгаагаар Монгол Улсын бэлчээрийн экологи болон эдийн засгийн даацыг тооцож, малын хөлийн татварын хэмжээг тодорхойлж өгөх шаардлагатай гэж мэргэжилтнүүд үзжээ. Доорх зурганд экологийн даац 3 дахин хэтэрснийг шар өнгөөр, 3-5 дахин хэтэрсэн бол бүдэг улаан, 5-аас дээш  хэтэрсэн сумдыг улаан өнгөөр үзүүлжээ.

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

ЭНЭ ТУХАЙ