“Жаст”-ын Ш.Батхүүг өршөөлөөр суллагдсан хэргээр нь саатуулжээ

“Жаст” группын ерөнхийлөгч Ш.Батхүүтэй холбоотой хэргийн тоо зузаарсаар байгаа билээ. “Эрдэнэт”-ийг барьцаалж Өмнөд Африкийн “Стандарт” банкнаас мөнгө зээлсэн, төмөр замын виксель, Төрийн банкаар баталгаа гаргуулсан гэхчилэн хэргийн нэрс хөвөрнө. Хоорондоо холбоо уялдаатай эдгээр хэрэгтээ Ш.Батхүү нь ял эдэлсэн ч өчигдөр орой түүнийг АТГ-аас саатуулан баривчилсан юм. Тиймээс түүнийг ямар учраас цагдан хорин 461-р ангид саатуулаад буйг тодрууллаа.

Түүнийг оргон зайлах магадлалтай гэж үзэж саатуулжээ

Баянзүрх дүүргийн шүүхээс өчигдөр “Жаст” группын ерөнхийлөгч Ш.Батхүүг баривчлах тухай шүүхийн тогтоол гаргажээ. Ш.Батхүүг “Эрдэнэт” үйлдвэрийг барьцаалан “Стандарт” банкнаас зээл авсан асуудалд яллагдагчаар татаж эрүүгийн хэрэг үүсгээд байсан юм. Мөн хилээр гарч магадгүй гэж үзээд цагдан хорьж шалгах шаардлагатай гэсэн хүсэлтээ Авлигатай тэмцэх газрын мөрдөгчид прокурорт гаргасан байна. Түүнийг яллагдагчаар татсан хэргийн шүүх хурал өнгөрсөн долоо хоногт товлогдсон ч яллагдагч өөрөө шүүгчээс татгалзжээ.  Шүүх ч түүний хүсэлтийг ёсоор болгож хэргийг хариуцсан шүүгчийг өөрчилснөөр хурал өчигдөр болж шийдвэр гаргасан нь энэ аж.

Ш.Батхүү хуурамч гарын үсэг зурсан хэргээр ял эдлээд Өршөөлийн хуульд хамрагдсан

“Жаст” групп 2012 он дуустал “Стандарт” банкинд зээлээ өөрсдөө төлж явснаа 2013 оноос төлж чадахгүйд хүрсэн байдаг. Үүнээс хойш “Стандарт” банк өрөө нэхэн олон улсын Арбитрт хандаж баталгаа гаргасан “Эрдэнэт” үйлдвэртэй заргалдаж эхэлсэн ажээ.

Энэ хооронд “Жаст” дампуурч зээлээ төлөх нь “худлаа” болсноос гадна тус компанийн эзэн болох  Ш.Батхүү шүүхээс ял аваад, уг ял нь аль хэдийнэ Өршөөлийн хуулиар өршөөгдчихсөн байгаа аж.

Шүүхийн шийдвэрээр Монголын “Эрдэнэт ”үйлдвэр “Жаст ”-ын зээлээс 51 сая ам.долларыг хүүтэй, хүүгийн алдангитай нь төлөхөөр болоод байгаа тухай мэдээллийг өнөөдөр хэвлэлүүд цацаж байна. Мөн шүүх ажиллагаанд зарцуулсан Өмнөд Африкийн “Стандарт” банкны үйлчилгээний хөлсийг нь ч төлөх аж.

Ш.Батхүүд гаргаж өгсөн өнөөх баталгааны бичигт тухайн үеийн ТӨХ-ны даргаар ажиллаж байсан өдгөө Үндсэн хуулийн Цэцийн гишүүн хийж буй Д.Сугар, Монгол, Оросын хамтарсан УБТЗ ХНН-ийн дарга асан Т.Очирхүү,  “Эрдэнэт “үйлдвэрийн захирал асан Ч.Ганзориг нар гарын үсэг зурсан гэдэг ч албан тушаалтнууд өөрсдөө үгүйсгэж байгаа.

Цагдаагийн байгууллагаас харин тэдний гарын үсгийг Ш.Батхүү хуурамчаар ашигласан хэмээн ял өгсөн. Гэвч Ш.Батхүү ял эдлэх хугацаандаа батлан даалтаар гарч байснаас гадна түүний хэрэг Өршөөлийн хуульд хамрагдсан ч дахин сэргээгдэн ийн цагдан хоригджээ.

Дээрхээс харвал Ш.Батхүү “Эрдэнэт” үйлдвэрийг барьцаанд тавьсан хэрэгтээ ял шийтгэл эдэлсэн болж таарч байгаа юм. Гэсэн ч түүнийг ял завших боломжгүй, хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй хэмээн АТГ-аас өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэн.

АТГ-аас энэ сарын 5-ны өдөр мэдэгдэл гаргахдаа,  “Мөрдөн шалгах хэлтэс “Жаст групп” ХХК-ийн “Стандарт” банкнаас авсан зээлд “Эрдэнэт”  үйлдвэр баталгаа гаргасан асуудлыг шалгаж байна.   Шалгалтын явцад хэргийн цар хүрээ нэмэгдэж байгаа тул Ажлын хэсэг томилогдож нарийвчилсан мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна. “Жаст” группын ерөнхийлөгч асан Ш.Батхүү нарын нэр бүхий хүмүүст холбогдуулан шалгаж байгаа хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусах болоогүй бөгөөд гэм буруутай этгээдүүд ял завших боломжгүй. Уг хэргийн мөрдөн шалгах ажиллагааг прокурорын хяналтан дор явуулж байна” хэмээн мэдэгдсэнээс долоо хоногийн дараа түүнийг баривчлан хорилоо.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)

  1. хууль бол хууль биз дээ. Өршөөлийн хуулийг чинь УИХ баталсан.

    0 0 Хариу бичих
  2. urshuuluur sullachihaad dahiad hiine gedeg sonin sanagdaj bna Dahiad urshuul tohiovol yah ve Basl sullahuu Hudlaa baahan sensaats degdeej bgaad daraa ni yu ch boloogui yum shig ungurdug yavdal ene yeiin MAN-n arga bolood bgaashdee Yamar medehgui bish

    0 0 Хариу бичих
  3. Хуулийн мэдлэгээ сайжруулахгүй бол горьгүйнээ хө. Цагдаагийн байгууллагаас харин тэдний гарын үсгийг Ш.Батхүү хуурамчаар ашигласан хэмээн ял өгсөн гэж. Цагдаагийн байгууллагад хүн яллах эрх байхгүй, яллагдагчаар татахдаа прокурорын тогтоолоор татдаг, " Мөн хилээр гарч магадгүй гэж үзээд цагдан хорьж шалгах шаардлагатай гэсэн хүсэлтээ Авлигатай тэмцэх газрын мөрдөгчид прокурорт гаргасан байна. Түүнийг яллагдагчаар татсан хэргийн шүүх хурал өнгөрсөн долоо хоногт товлогдсон ч яллагдагч өөрөө шүүгчээс татгалзжээ. Шүүх ч түүний хүсэлтийг ёсоор болгож хэргийг хариуцсан шүүгчийг өөрчилснөөр хурал өчигдөр болж шийдвэр гаргасан нь энэ аж." Магадгүй, болзошгүй гэдэг үгийг хуулиас хассан, одоо зөвхөн оргосон, оргохыг завдсан, саад учруулсан, дуудахад ирээгүй, өөртөө болон бусдад аюул учруулах үндэслэлтэй, 8аас дээш жил хорих ял оногдуулж болох гэмт хэрэг үйлдсэн гэсэн үндэслэлүүд л байгаа

    0 0 Хариу бичих

ЭНЭ ТУХАЙ