Азербайжанд монгол оюутнуудыг сургах санал тавьжээ

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар өчигдөр Бүгд Найрамдах Азербайжан улсын Гадаад хэргийн сайд Эльмар Мамедьяровтой Баку хотноо уулзаж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцжээ. Д.Цогтбаатар сайд Азербайжаны их, дээд сургуулиудад Монголын оюутнууд суралцаж байсан уламжлалыг сэргээж, Азербайжаны Засгийн газрын тэтгэлгээр тус улсад Монголын оюутнуудыг суралцуулах, жүдо, чөлөөт бөх, бокс, уран сайхны гимнастикийн холбоодын хооронд хамтын ажиллагаа эхлүүлэх боломжтойг онцолсон байна. Мөн Улаанбаатар хотноо байгуулагдаж буй Далайд гарцгүй хөгжиж байгаа орнуудын олон улсын судалгааны төвийг байгуулах олон талт хэлэлцээрт Азербайжан улсыг нэгдэхийг уриалжээ. Тус төвийн нээлтийн ажиллагаа ирэх зургадугаар сард болох юм. Энэ үеэр Азербайжаны Гадаад хэргийн сайдыг Монгол Улсад айлчлах санал тавьсан байна.

Азербайжаны Гадаад хэргийн сайд Эльмар Мамедьяров Азербайжан, Монголын харилцаа, хамтын ажиллагааг өргөтгөн хөгжүүлэх талаарх хоёр улсын Засгийн газар болон бусад байгууллагын санал, санаачлагыг дэмжин ажиллахаа илэрхийлжээ. Энэхүү уулзалтын дараа Монгол, Азербайжаны Гадаад хэргийн яамд хооронд хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурсан байна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)