Д.Сарангэрэл: 38 мянган хүүхдийг уушгины хатгалгааны эсрэг вакцинд хамруулна

Нийслэлийн бүх дүүргийн хоёр сартай хүүхдүүдийг уушгины хатгалгаа буюу пневмококкийн эсрэг вакцинд энэ сарын 1-нээс хамруулж эхэлсэн. Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, НЭМГ-ын дарга Л.Төмөрбаатар, ЭМЯ-ны Тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл нар энэ ажил газар дээрээ хэрхэн явагдаж байгаатай танилцахаар өнөөдөр Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлгийн Дархлаажуулалтын тасагт ажиллалаа. Тус дүүргийн хувьд өдөрт 20-25 хүүхэдэд вакцин хийлгэж нийтдээ 150 хүүхэд хамрагдах ёстойгоос 94 хувийн хамрагджээ. Тус вакцины эхний тунг хоёр сартай, хоёр дахь тунг дөрөв сартай, гурав дахь тунг есөн сартай хүүхдэд хийх ажээ. Энэ үер Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл "Энэ онд 38 мянган хүүхдийг гурван удаагийн тунгаар дархлаажуулахад шаардлагатай 110 мянган хүн/тун вакциныг НҮБ-ын Хүүхдийн санд захиалж, 35 мянган хүн/тунг нь хүлээж авсан. Үлдсэн 75 мянган хүн/тун вакциныг хоёрдугаар улиралд багтаан авна. Вакцины зах зээлийн үнэ нэг хүн/тун нь 13-15 ам.доллар байдаг. Харин НҮБ-ын Хүүхдийн сангийн хөнгөлөлттэй үнэ болох 3.5 ам.доллараар худалдан авч байна" гэлээ.

Энэхүү вакцины гурван тунг бүрэн хийлгэсэн хүүхэд пневмококкоор үүсгэгдсэн уушгины хатгаа өвчний эсрэг 10-15 жилийн дархлаатай болдог байна. Вакцинд хүүхдээ хамруулах ёстой эцэг эхчүүд өрхийн эмнэлэгтээ хандахад л болох ажээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)