А.Загитовагаас ч илүү чадварлаг, үзэсгэлэнтэй охид айсуй

Оросын эмэгтэй уран гулгагчид дэлхийд ноёрхож байгааг Пёнчаны олимп дэлхий нийтэд харуулсан. Тэгвэл энэ ноёрхол цаашид ч үргэлжлэнэ гэдгийг саяхан болж өнгөрсөн өсвөр үеийнхний ДАШТ баталлаа. Тус тэмцээнд 13 настай Александра Трусова бүх цаг үеийн хамгийн дээд оноог авч дэлхийн дээд амжилт үзүүлсэн төдийгүй дөрвөн эргэлт гүйцэтгэсэн, түүнийгээ нэг үзүүлбэрт хоёронтоо давтсан анхны уран гулгагч болсон юм. ДАШТ-д аман хүзүүдсэн Алена Косторная ч бэлтгэлийн үеэр дөрвөн эргэлт хийж байгаа бөгөөд удахгүй тэмцээний үед хийх төлөвлөгөөтэй. Тэд хоёул одоогийн хатан хаан А.Загитовагаас илүү гэгдэж буй ч 2019-2020 оны улиралд л насанд хүрэгчдийн ангилалд гулгаж эхэлнэ.

Александра Трусова, 13 настай

Насанд хүрэгчдийн ангилалд гулгаж эхлэх жил: 2019/2020 оны улирлаас.

А.Трусова, А.Косторная, А.Тараканова

13 настай Александра Трусоваг дэлхийн хамгийн шилдэг уран гулгагч гэж бүгд хүлээн зөвшөөрөөд байна. Тэрээр өсвөрийн ДАШТ-д бүх цаг үеийн хамгийн дээд үнэлгээг аван түрүүлснээр дэлхийн аварга хэмээх албан ёсны цол, дэлхийн шилдэг уран гулгагч хэмээх албан бус цолыг хамтад нь эзэмших болсон юм. Түүний үнэлгээ нь ийм үр дүн дагуулжээ.

Тухайлбал:

-Чөлөөт үзүүлбэртээ 153.49 оноо авсан нь насны ангилалдаа дэлхийн дээд амжилт болжээ. Олимпийн аварга Алина Загитова ноднин жил энэ тэмцээнд түрүүлэхдээ А.Трусовагаас 15 оноо дутуу авч байв. 

-Нийлбэр дүнгээр 225.52 оноо авсан нь мөн л А.Загитовагийн өнгөрсөн жилийн үзүүлэлтээс 17 оноогоор илүү гарсан.

-Техникийн үзүүлэлтдээ 92.35 оноо авсан нь Пёнчанд А.Загитовагийн авснаас 10 оноо илүү бөгөөд дэлхийн дээд амжилт юм.

-Дөрвөн эргэлттэй үсрэлтийг нэг үзүүлбэрт хоёр удаа /тулуп, сальхов/ гүйцэтгэсэн нь дэлхийд анх удаагийнх.

-А.Трусовагаас өмнө нэг ч уран гулгагч нэг үзүүлбэрт гурван каскадыг өөр, өөр хувилбараар гүйцэтгэж байгаагүй аж /3 лутц+3 риттбергер, 3 флип+3 тулуп, 3 флип+3 риттбергер+3 сальхов/.

Өсвөрийн ДАШТ-д түрүүлсэн хамгийн залуу тамирчин болж түүхэнд үлдсэн тэрээр 2019 оны намраас л насанд хүрэгчдийн ангилалд өрсөлдөх эрх авна. Тиймээс А.Загитова, Е.Медведевагийн өрсөлдөөн дахиад нэг жил л үргэлжлэх нь тодорхой байна. Харин түүнээс хойш А.Трусовагийн эрин үе эхэлнэ гэдэгт мэргэжилтнүүд эргэлзэхгүй байгаа юм. Учир нь гулгалтын техник, ур чадвараар А.Трусова одоо ч Алинагаас илүү гэж мэргэжилтнүүд үнэлж байгаа юм.

А.Трусова дөрвөн насныхаа төрсөн өдрөөр ролик бэлгэнд авснаасаа хойш тэшүүрийн спортод дурласан бөгөөд есөн настай байхад нь гэр бүл нь Москвад шилжиж ирснээс хойш уран гулгалтаар тууштай хичээллэх болжээ. Түүнээс хойших дөрвөн жилд Александра Волкова, Анна Царева, Этери Тутберидзе нарын зэрэг гурван дасгалжуулагчийн гар дээр хичээллэж ирсэн байна. Оросын уран гулгалтын шилдгүүдийг бэлтгэдгээрээ алдаршсан Этери Тутберидзетэй ажиллаад хоёр жил болж байгаа ажээ.

Тэрээр төрсөн нутаг Рязаньдаа байхдаа л ааваасаа “Олимпийн аварга болчихвол би бэлтгэл хийхийн тулд эрт босдгоо болих уу” гэж асууж байсан гэнэ. Оросын тэшүүрийн ирээдүй гэгдээд буй энэ охин 2022 онд Бээжингийн олимпод өрсөлдөхдөө 17 настай байх юм. Гэвч тэр болтол түүнд сурах зүйл их, хүчтэй өрсөлдөгчид түүнээс ч дутахгүй олон байна. 

Алена Косторная, 14 настай

Насанд хүрэгчдийн ангилалд гулгаж эхлэх жил: 2019/2020 оны улирлаас.

Нэрт дасгалжуулагч Татьяна Тарасова түүний тухай “Аленагийн гулгаж байгааг харахад хүүхэд биш, насанд хүрсэн хүн мэт сэтгэгдэл төрдөг” хэмээн сэтгэл хөдлөн ярьж байжээ. Анхны дасгалжуулагч нь суурийг нь их зөв тавьж өгсөн гэгдэж буй энэ охин Этери Тутберидзегийн удирдлагад ирээд жил болж буй. Өмнө нь “Самбо-70” дунд сургуульд Елена Жгуны удирдлагад хичээллэж байсан бөгөөд дасгалжуулагчаа солих болсон шалтгаанаа “Шагналын тавцанд зогсохыг хүссэн учраас” гэж тайлбарласан хэрсүү охин аж. 2017 оны ОХУ-ын аварга шалгаруулах тэмцээнд муу гулгаж, 18 оролцогчоос 14 дүгээр байр эзэлснийх нь дараа Этери Тутберидзе анхаарал хандуулж, гурвалсан эргэлт, хоёрдугаар хагаст хийх эргэлтүүдийг нь сайжруулснаар ганцхан зуны дотор танигдахгүй болтлоо өөрчлөгдсөн гэнэ. Тэрээр энэ оны өсвөрийн ДАШТ-д А.Трусовагийн дараа хоёрдугаар байрт орсон юм. Хичээлдээ бараг явдаггүй ч ирээдүйд мэс засалч болох зорилго өвөртлөн биологи, химийн хичээлдээ илүү анхаардаг ажээ.   

Анастасия Губанова, 15 настай

Насанд хүрэгчдийн ангилалд гулгаж эхлэх жил: 2018/2019 оны улирлаас.

Өсвөрийн ангилалдаа улсынхаа шилдгүүдийн тоонд ордог энэ охин Ангелина Туренкогийн удирдлагад хичээллэдэг. Этери Тутберидзегийн шавь биш гэдгээрээ дээрх хоёроосоо ялгарна. Таван настайдаа Санкт Петербургээс Тольяттид ирсэн энэ охин Алексей Урмановын шавь болж, улмаар Ангелина Туренкотой хичээллэх болжээ. Тэрээр найман настайдаа гурвалсан тулуп эргэлт хийж сурсан гэдэг.

Өсвөр насны ангилалд А.Губанова гайхалтай амжилттай байж, хоёр ч гран прид түрүүлэн оноогоороо дэлхийн дээд амжилт тогтоон, шигшээ тэмцээнд А.Загитоватай өрсөлдөж байв. Гэвч шилжилтийн насны хүнд үе таарч, бие махбод нь уналтад орсны улмаас амжилт нь буурсан юм. Энэ оны өсвөрийн улсын аваргад Станислава Константиновад 0.35 оноогоор хожигдон ДАШТ-д явж чадаагүй ч түүнийг ирээдүйд их зүйл дуулгана гэдэгт спорт сонирхогчид найддаг аж.   

Дарья Паненкова, 15 настай

Насанд хүрэгчдийн ангилалд гулгаж эхлэх жил: 2018/2019 оны улирлаас.

Одоогоос гурван жилийн өмнө ээж нь Дарьяд “Уран гулгалтаар хичээллэхээ боль” гэж хэлж байжээ. Найман жил хичээллээд ямар ч амжилт гаргаагүй учир ингэж хэлсэн аж. “Тэмцээн болоход 15-17 дугаар байрт л ордог байлаа. Эргэлтүүд тогтвортой болж өгдөггүй. Одоо харин сайн болсон. Ирээдүйд бүр ч сайжирна гэдэгт итгэлтэй байна” гэж Дарья охин ярьж байна.

Тэр үед Дарья Наталья Гавриловагийн удирдлагад хичээллэдэг байжээ. Гурвалсан эргэлтийг багшийнх нь нөхөр Игорь Пашкевич зааж өгч байсан гэнэ. Харамсалтай нь Игорь хоёр жилийн өмнө нас барсан тул эцэг эх нь Э.Тутберидзегийн багт оруулснаар амжилт гарч эхэлсэн гэнэ.

Анастасия Тараканова, 13 настай

Насанд хүрэгчдийн ангилалд гулгаж эхлэх жил: 2019/2020 оны улирлаас.

Этери Тутберидзегийн багийн бас нэгэн гишүүн болох Анастасия Тараканова шинэ багшийнхаа удирдлагад нэгдээд жил гаруй л болж байгаа аж. “Дасгалжуулагч нь хатуу чанга байж л тамирчин амжилт гаргана. Түүний мөсөн дээр бусад охидтой хэрхэн хатуу ширүүн харилцаж шахаж байгааг хараад надад юу дутагдаж байсныг шууд ойлгосон” хэмээн ярих энэ охин Этери дээр ирэхээсээ өмнө төрөлх Волгограддаа дөрвөн жил хичээллэчихээд байсан аж. 

Одоохондоо өсвөрийн Гран при тэмцээнээс хүрэл медаль авснаас өөр том амжилтгүй ч яваандаа том амжилт гаргана гэдэгтээ багш, шавь хоёул итгэлтэй байгаа гэнэ. 

Софья Самодурова, 15 настай

Насанд хүрэгчдийн ангилалд гулгаж эхлэх жил: 2018/2019 оны улирлаас.

Нэрт дасгалжуулагч Алексей Мишин, Артур Гачинский, Элизавета Туктамышевагаас хойш чанартай шавь бэлдэж чадалгүй явж байсныг нь Софья охин эцэс болгожээ. Өнгөрсөн улиралд тэрээр өсвөрийн хоёр ч гран при тэмцээнд ялалт байгуулж, мэргэжилтнүүдийн анхаарлыг татаад байна. Ингэхдээ Хорватад А.Таракановаг, Италид Алена Косторнаяг ялсан. Харамсалтай нь, гран пригийн финалд хоёуланд нь ялагдсан юм. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)