Д.Золзаяа: Эмэгтэй хөөмийчид шингэн дуугаралттай боловч цараагаараа эрчүүдээс илүү

Ховд аймгийн Хөгжимт драмын театрын уран бүтээлч Д.Золзаяатай ярилцлаа. Тэрээр Монголд гарын таван хуруу байтугай ганц, хоёроор тоологдох хөөмийч бүсгүйчүүдийн нэг юм. Хөөмийлөөд зогсохгүй хөөмийн судалгааг хийж, энэ чиглэлд мөн цоо шинэ шан татаж яваа гэдгийг нь онцлох хэрэгтэй болов уу.  

 

-Таныг хөөмийн өлгий нутагт төрж өссөн гэж сонссон. Хэр багаасаа хөөмийлж эхэлсэн бэ?

-Би Ховдын Чандманийнх. Манай сумынхан хөөмийг хар багаасаа л сурдаг. Тав зургаан настай хөвгүүд хөөрхөн хагас шахаагаар хөөмийлөөд л явж байдаг. Ер нь хүнээр заалгахгүй өөрсдөө л сурчихдаг. Орчин нөхцөл нь нөлөөлдөг байх л даа. Би 2016 онд СУИС-ийн үндэсний язгуур урлагийн ангийг Одсүрэн, Загд-Очир багш нарынхаа удирдлага дор төгссөн. Төгсөөд үргэлжлүүлэн хөөмийн судалгаагаар магистр хамгаалахаар сурч байгаа.

-Судалгааны сэдэв тань юу вэ. Хөөмийг яг аль талаас нь судалж байна вэ?

-Бакалаврын төвшинд эмэгтэй хөөмийчийн физиологийн онцлогийг судалсан. Эмэгтэй, эрэгтэй хоёр хөөмийч хөөмийлөхөд орчин, бие, ахуйн байдал нь ямар ялгаатай байдаг вэ гэдэг үүднээс судалж байлаа. Түүнийгээ одоо дэлгэрүүлж судалж байгаа. Эмэгтэй хөөмийчийн дуугаралтын царааг судлах гэж байна. Ерөнхийдөө эмэгтэй хөөмийчид ихэвчлэн хоёр октав хөөмийлдөг гэсэн ойлголт байдаг. Гэтэл хоёр октаваас илүү гарч байгаа. Тэр талаас нь судалж гаргаж ирье гэж зорьсон. Эмэгтэй хөөмийчдийг ганц ля можарт хөөмийлдөг гэж боддог. Гэтэл тийм биш.  

-Манайд хөөмийн судалгаа хэр хөгжсөн бэ. Таны хувьд эрэгтэй, эмэгтэй хөөмийчдийн ялгаа, онцлогыг харьцуулан судлач гэхэд өмнөх үеийн судлаачдын судалгаа, бааз суурь байна уу?

-Манайх хөөмийн судалгаагаар хамгаалсан ганц доктортой. Гэхдээ судлаачид байгаа. Судалгаа хийхэд бааз суурь хомс. Жишээ нь Монголд хоолойн бичлэг хийгээд түүндээ нарийн задаргаа хийх боломжгүй. Тиймээс Японд манайхан хоолойн бичлэгт орсон байдаг юм билээ. Тэгж байж хөөмийлөхөд хэдэн өнгө дуугарч байна гэдгийг тодорхойлсон. Хөөмийлөх явцад хэдэн авиа эгшиг, өнгө гарч байгааг нарийн тодорхойлох хэрэгтэй байгаа. Ер нь хөөмийлөхөд суурь нэг эгшиг авч байгаа, дээр нь нэг ая аялгуулж явж байгаа л гэж ойлгодог. Үүнээс цааш нарийн судалбал хэдэн ч өнгө гарч магадгүй.

Нэгдүгээр эмнэлэгт хамраар камер оруулаад зөвхөн төвөнхийг дээрээс нь харах боломжтой. Хүний дууны хөвчний хэлбэлзэл ямар байна вэ гэдэг ч юм уу, хөөмийлдөг, хөөмийлдөггүй хүний төвөнх ямар ялгаатайг харж болно. Яг хөөмийлж дуугарч байхад нь бичиж ялгамжийг гаргаж чадахгүй байгаа. Тэгэхээр технологийн дэвшил зайлшгүй хэрэгтэй. Мөн судлаач ч хэрэгтэй.

-Эмэгтэй хөөмийч их ховор байх аа. Өмнө нь СУИС-ийг төгссөн эмэгтэй хөөмийч бий юү?

-СУИС-ийг төгссөн нь гэвэл би хоёр дахь нь. МУИС-д ардын урлаг судлалын анги гэж байхад хоёр гурван эмэгтэй төгссөн юм билээ. Тэднээс хөөмийгөөрөө дагнаж яваа нь Үндэсний их театрт ажиллаж байсан Ундармаа гэж эгч бий.

-Эрэгтэй, эмэгтэй хөөмийчдийн гол ялгаа юунд байна вэ?

-Шууд харж сонсоход, хамгийн түгээмэл ажиглагддаг зүйл нь эмэгтэй хөөмийч нь арай шингэхэн дуугаралттай байдаг. Энэ бол мэдээж юм. Хөөмийлөхөд хүч хэрэгтэй. Харин эмэгтэйчүүд царааны хувьд эрчүүдээс жаахан илүү. Дээшээ дуугарах нь ч илүү гэдэг нь ажиглагдаж байгаа. Доошоо бол эрэгтэй нь илүү. Тэгэхээр энэ бүхэн хоолойны өнгө, төвөнхтэй холбоотой юм болов уу.

-Чандмань сум хөөмийн орон. Танай суманд эмэгтэй хөөмийч байна уу?

-Байна. 1992 оны нэг бичлэг байдаг. Манай сумын Болормаа гэж эмэгтэй ардын хоёр дуу хөөмийлсөн байдаг юм. Түүнээс өөр бичлэг хийж баримтжуулсан зүйл бараг байхгүй. Би 2013-2014 онд сумынхаа нэг эгчээс “Дөрвөн уул”-ыг хөөмийлүүлэн бичиж авч байсан.

-Хөөмийлөхөд эмэгтэй, эрэгтэй хүмүүсийн онцлогос гадна нутаг орны нөлөө байна уу?

-Хөөмийн түүхийг харахад ялангуяа Алтайн нуруу тойрсон нутгуудад хөөмий хөгжиж ирсэн байдаг. Тэгэхээр энэ нь уул устайгаа холбоотой болов уу. Гэхдээ одоо даяаршсан. Хаана ч амьдарч байлаа гэсэн хүмүүс хөөмий сурч байна.

-Тууль, хөөмийг салгах аргагүй. Гэхдээ тууль хайлахад эмэгтэй хүн болохгүй гэсэн цээр, ёс журам байдаг уу?

-Миний хувьд урын санд маань уламжлалаа дагаад ч гэдэг юм уу ардын дуу дийлэнх байдаг. Өвөрмонголын аялгуу сайтай дуунуудыг хөөмийлсөн. Мөн сонгодог бүтээлийг сонирхож хөөмийлнө. Бид СУИС-т суралцахдаа цуур сурсан. Энэ бүхнээ хослуулаад зөөлөн туулиудыг хайлдаг. Би “Яриг цагаан ингэний сариг цагаан ботго” туулийг Н.Дагийранз гуайн хайлснаар сонсоод өөрийн хоолойдоо тааруулж хайлдаг. Уг туулийг 2015 онд сурсан. Мэдээж том туулиудыг эмэгтэй хүн хайлахад хэцүү. Зохицно, зохицохгүй гэж юм бас байгаа.

-Хотод ирж хөөмийн тухай жүжгийн гол дүрд тоглож байгаа гэл үү?

-СУИС энэ сард хөөмийн тухай шинэ жүжиг тавих гэж байна. Дан хөөмийгөөр илэрхийлэх уг жүжгийн гол дүрд тоглож байгаа. Одоогоор нууц байгаа. Их сайхан бүтээл болно.  

  

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)