Х.Тэмүүжин: Улстөрийн нам хэн нэг даргын цүнх баригчдын бөөгнөрөл биш

АН дотоод сонгууль явуулж Р.Амаржаргал, Л.Гантөмөр, Баабар, Х.Тэмүүжин, Э.Бат–Үүл, Да.Ганболд, Ж.Наранцацралт агсны хүү Н.Соёмбо, Олимпийн аварга Н.Түвшинбаяр, Ерөнхийлөгчийн Хуу­лийн бодлогын зөвлөх асан Ч.Өнөрбаяр, “Оюуны ундраа”-гийн С.Отгонбаяр, Сангийн сайд асан Б.Болор нарын 116 гишүүнээ Үндэсний бодлогын хорооноос хассан.  Дээрх болон бусад цаг үеийн асуудлаар УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжинтэй ярилцлаа.

-Үндэсний бодлогын хорооны 116 гишүүнээ Ардчилсан нам хассан тухай мэдээлэл олны анхаарлыг татаад байгаа. Үүнд тайлбар өгөөч?

-Нийгмийн даатгалын 116 ажилтан АН-ын ҮБХ-нд элссэн тухай надад мэдэх зүйл алга. ҮБХ-д ротаци явагдаад оронд нь ямар хүн орж ирэх нь шийдэгдээгүй байна. ҮБХ бол хуучнаар Үндэсний зөвлөлдөх хороо. Хуучин АН-ын дүрэмд ч шинэчлэл хийхийг оролдож ротаци явуулж байсан. Шинэ дүрэм бичигдээд эхний ротациа хийгээд явж байх шиг байна. Ротациар 120 гаруй хүн хасагдаж байна. Энэ бол нам дотор байдаг л үзэгдэл. Нөгөөтээгүүр ганц Ардчилсан нам гэхгүйгээр Монголын улс төр ямар болчихов оо гэсэн эмзэглэл байгаа. Манай улсад нам зөвтгөж боломгүй гурван буруу хандлагаас ихээхэн хамаарах боллоо. Үүнд,

-Мөнгө. Мөнгөтэй бол хэн ч байсан хамаагүй юуг ч хамаагүй худалдан авч байна. Нам мөнгөөр дамжуулж намд сэтгэлтэй гишүүдийнхээ шүүсийг сорж эхэлж байна. Нам гишүүдээсээ ингэж мөнгө сорчихоор тэнд төлсөн мөнгөө эрх мэдэлд хүрснийхээ дараа олж авах гэж оролдож, тэр хэсэг нь эрх мэдэл рүү улайран тэмцэж эхэлдэг. Тэгэхээр төрийн албанд очоод түүгээрээ мөнгө олох гэж оролддог, авилга авдаг үзэгдэл өөгшинө. Аль нам эрх барьж байгаагаас үл хамааран ийм үзэгдэл байна.

-Учир шалтгааныг ойшоохгүйгээр сэтгэл хөдлөлөөр ханддаг муйхар хүч. Ингэж асуудлыг сэтгэл хөдлөлөөр шийдэх тусам асуудалд нухацтай хандах гэж оролддог ухаалаг хэсэг нь ийм хүч түрсэн хэрүүлээс залхаад холдож эхэлдэг.
-Намын үзэл баримтлал, үнэт зүйл, зарчимд бус даргад нийцүүлэн гаргадаг шийдвэр. Улс төрийн нам итгэл үнэмшил, үзэл санааны ажил болохоос хэн нэг даргын цүнх баригчдын бөөгнөрөл биш.  

Дээрх гурван зүйлээс шалтгаалаад, таагүй дүр зурагтай хэвээрээ яваад байвал аль ч нам эх орны төлөө ажиллаж чадахгүй. Улс төрийн намын шинэчлэл үйл явцыг сууриар нь эргэж харахгүй бол улс төрийн нам хуйвалдах байдлаар бүлэглээд зөвхөн өөрсдийн эрх ашиг, мөнгө эдийн засгийн төлөө улайрснаас болоод 1990 онд эхлүүлсэн олон дэвшилтэт үзэл санаа, ардчилалд итгэх итгэл үгүй болж байна. Тиймээс энэ ротаци гэдэг зүйлийн цаана юу байгаа вэ гэдгийг нухацтай харах хэрэгтэй. 

Улс төрийн нам шинэчлэлийнхээ үйл явцаар дээр дурдсан гурван зүйлээс хол явахгүй бол нам гэдэг утгаараа цааш явж чадахгүй.

Мөн энэ намд юу байх хэрэгтэй вэ гээд зөрүүлээд харвал боловсрол дээр суурилсан улс төр Монголд үгүйлэгдэж эхэлж байна. Боловсрол муутай хэн нэгэн эрх мэдэлд очоод боловсрол дэмий зүйл хэмээн нийгэм рүү цацаж байгаа нь аюул. Гэтэл мэдлэг боловсрол гэдэг асуудлын шийдлийг олдог хөгжлийн түлхүүр шүү дээ. Бодлого боловсролд суурилсан улс төр рүүгээ алхмаар байна. Үүний дараагаар бохирдоогүй баймаар байна.

-Та сая хэллээ. Нам бол хуйвалдаж бөөгнөрсөн хэсэг хүмүүсийн нэгдэл биш гэж. Ардчилсан нам өөрчлөлт шинэчлэлээ хийж байна. Намын даргаа бид анхныхаа гишүүдээс  сонгож байна гэдэг зүйлийг ярьж байсан. Тухайн үед таны хэлсэнчлэн мэдлэгт суурилсан улс төр бус мөнгөнд суурилсан улстөр явагдаад байна гэдгийг яагаад яриагүй юм бэ?

-Янз бүрийг шүүмжлэл байсан. Ардчилсан намын шинэчлэх үйл явц дуусаагүй байна. Шинэчлэх үйл явцаар бодлогод суурилсан нам болохын тулд хүмүүсийн оюун ухааныг ашиглаж эрэл хайгуул хийж байгаа эрүүл саруул бодол санааг цуглуулагч нам болж хувирах ёстой болохоос биш дарга цэргээр нь эрэмбэлдэг демократ тогтолцоотой нам болчихвол тэнд хүн тогтохгүй. Тэгэхээр зардал багатай, бодлогоо гаргаж ирдэг зарчмаа авч үлдэх тийм үзэл санааны бөөгнөрөл болъё гэж зорихгүй бол үндсэндээ дарга тойрсон хийрхэл бий болоод хийрхэл нь хүмүүсийн хооронд хана босгоод байна.

Ардчиллын өртгийг нэмэх тусам авилга нэмэгдэнэ. АН-д байгаа том дутагдал бол нам дотор байгаа нэг андыгаа өөр намын гишүүнээс илүү үзэн ядаж байна. Ярилцаад ойлголцох олон зүйлийг фракциараа зааглаж хувааж байна. 

-ҮБХ-ноос Засгийн газарт ажиллаж байсан гишүүд хасагдсан байна. Залуус хэр хасагдаж байна?

-Залуучууд ихэвчлэн татвараар хасагдсан байх. ҮБХ-ны гишүүд нэг жилд гурван сая төгрөгийн татвар төлдөг. Зөвхөн ҮБХ-нд төлж байгаа мөнгө нь өөрсдийн үйл ажиллагаанд хүрэхгүй болж, нэмэлт татвар төлөөд ҮБХ-ны мөнгөөр орон нутгийн намыг санхүүжүүлээд ирэхээр үзэл бодлын, итгэл үнэмшлийн, эрүүл саруул хүч зорилгын төлөөх гэхээсээ илүүтэйгээр нэг хэсгээ нөгөө хэсэг нь хэмлэж мөлжиж иддэг систем болон хувирах гэж байна. Тэгэхээр улс төрийн намыг сайжруулах замаар үзэл бодлын бөгөөд бодлогын маягийн нам бүрдэхийн тулд тэжээгч, тэжээлгүүлэгч гэсэн харилцаа нам дотор байж болохгүй гэдэг зарчмыг оруулж ирэх хэрэгтэй. Үүнээс болоод нам хэсэг бүлэг хүнийг тэжээх хэрэгтэй болоод тэрийгээ тэжээхийн тулд мөнгө хэрэгтэй болонгуут засгийн эрх бариад мөнгө олох тухай яриа болж хувирахаар “60 тэрбумын хэрүүл” шиг зүйл болж эхэлнэ.

Монгол Улсад улс төрийн намын зарчим нийтийн ашиг сонирхлын төлөөх зарчим руугаа явж, өөрчлөгдөхгүй бол бүх намын нэр хүнд унаж байна. Намын нэр хүнд унах нь маш аюултай.  Ийм үед хувь улстөрчдийн улс төрийн хувийн тоглолт өсдөг. Намын нэр хүнд унах, хувийн тоглолт өсөх завсрын үед дарангуйлал бий болдог. Тиймээс аль ч нам өөрсдийн дүр төрхийг эрүүлээр эргэн харах цаг болсон .

-АН-ын ҮБХ-ноос хасагдсан гишүүд хасагдсан тухайгаа ярихыг хүсээгүй. Яагаад тэд энэ тухай ярихыг хүсэхгүй байгаа юм бол?

-Хувь хүн болгоны өөрийнх нь сонголт, асуудал байгаа байх. 1990 онд тогтолцоог өөрчлөх маш том хувьсгал хийсэн. Тэр хувьсгалд ардчилал, хүний эрх, чөлөөт зах зээл,  хувийн  өмч иргэний нийгэм, хувь хүний өөрийнх нь санаачилга, хүний хөгжил гэх мэт олон  үнэт зүйлүүд явж байсан. Хорин хэдэн жилийн дараа харахад өөрийнх нь нам өөрийнх нь итгэл үнэмшил, ийм зүйлүүдийн төлөө тэмцэнэ гэж байсан бүлэг өнөөдөр цаазын ялыг дэмжээд, цэргээр төмөр зам бариулъя гээд явж байна. Хүний эрхийн болоод хувийн өмч, чөлөөт зах зээл гээд олон суурь зарчмыг нь шууд дарангуйллын, хамгийн фашист үзэл санаагаар сольж байдаг болоод ирэхээр ийм увайгүй болж байгаа намд байгаа гишүүд үзэл санаа, эрх чөлөөгөө хамгаалж үлдэх зөв үү гээд гайхаж байгаа. Тэд санаа зовж байгаа зүйлдээ шийдэл олоогүй байгаа болохоор одоохондоо хэлэх үггүй байгаа байх.

-УИХ-ын гишүүн бололгүйгээр хөндлөнгөөс ажиллаад, үгээ хэлээд байж  байдаг байж гэсэн бодол байдаг уу?

-Хөндлөнгийн байр сууринаас шүүмжлэхээс илүүтэйгээр тодорхой хэмжээнд хууль ийм байх ёстой гэдэг дээр гар бие оролцоод явсан маань миний хувьд маш чухал завшаан. Миний хувийн амьдрал дээшлээгүй байж болно. Миний хувийн нэр хүнд хамгийн муухайгаар сэвтсэн байж болно. Тэр хамаагүй. Хуулийн байгууллагуудыг, хуулийг иргэнд хэрэгтэй болгох гэж оролдсон. Тухайлбал тахарын алба байна. Гэрч хохирогчийг хамгаалах тогтолцоог бий болгох гэж оролдсон. 

-14 настай эмэгтэйг хүчиндэхэд 450.000 төгрөгөөр торгоно гэсэн мэдээлэл олон нийтийн сүлжээнд цацагдсанаас хойш олон нийт маш ихээр эсэргүүцлээ илэрхийлж байна. Зөрчлийн тухай хууль дээр та ажиллаж байсан. Энэ зүйл заалтыг талаар яриач?

-Нийгэмд оюуны залхуурал гэх нийтлэг хандлага бий болчихлоо. legalinfo.mn руу ороод харахгүйгээр нэгэн үнэн худал нь мэдэгдэхгүй үг шидчихэнгүүт даган хуйлардаг боллоо. Шинэ эрүүгийн хуулийн 12.1-т Хохирогчийн хүслийн эсрэг, хүч хэрэглэн эсвэл хүч хэрэглэхээр айлган сүрдүүлж бэлгийн харилцаанд орвол хүчингийн гэмт хэрэг болно. 12.1.4-т энэ гэмт хэргийг 14-өөс доош насны хүүхдэд үйлдсэн байх юм бол дээр шаардсан шинж чанарыг шаардахгүйгээр хүчинд тооцож, хүчингийн улмаас амь насаа алдсантай адилаар 12-20 жил цаашлаад насан туршид нь хорих ялтай. Тэгэхээр 14 наснаас доош хүнийг хүчиндсэн бол торгодог гэдэг худал. Мөн 12.1.2.1-т 14-18 нас хүртэл хүнийг хүчиндсэн бол насанд хүрсэн хүнийг хүчиндсэнээс хүнд ялтайгаар найман жил хүртэл хорих ялаар шийтгэхээр байна. Тиймээс 14-16 настай хүнийг хүчиндвэл торгуулна гэж битгий эндүүрээрэй. Харин 14-16 нас хүртэл насны хүнтэй харилцан тохиролцон бэлгийн харьцаанд орсон бол нэг жил хүртэлх хугацаанд хорино гэсэн заалт бий. Тэгэхээр мэдээллийг нягтлахгүйгээр нийгэмд цацвал худал хөөсрөл үүснэ. Энэ хөөсрөлөөс нөгөө л нэг поп улстөрч хожоо олох гэж оролдоно. Ийм төрлийн хөөсрөл сүүлийн нэг жилийн дотор хэд хэдэн удаа гарлаа.

Саяхан АТГ-ын нэг мэргэжилтэн Эрүүгийн хуулиас хөрөнгө хураах ялыг авч хаясантай холбоотойгоор үндэслэлгүй хөрөнгөжих болон авилгын хэргээр шалгагдаж байгаа хүмүүсийн хууль бусаар олж авсан хөрөнгийг хурааж чадахгүй боллоо гэсэн тайлбар хийжээ. Үүнээс болоод мөн л олон нийт бужигнаж эхэлсэн. Гэтэл эрүүгийн хуульд хуучин социализмын үеийн хөрөнгө хураах ял гэж байсныг авч хаясан. Хууль бусаар олсон хөрөнгийг хураах, гэмт хэрэгт ашигласан эд зүйлийг хураах гэдэг бол хуулинд маш тодоор бичсэн албадах арга хэмжээ байна. Гэтэл яагаад хуулийг гүтгэж эхлэв? Хуучин хөрөнгө хураачихаад улсын орлого болгодог байсан. Одоо шинэ хуулиар хөрөнгийг хураагаад хохирогчийн хохирлыг нэгдүгээрт төлүүлнэ. Түүнээс илүү гарсныг улсын орлого болгоно гэж заасан байгаа. Цагаан дээр хараар бичсэн байгаа хуулийг яагаад уншихгүй байна.

-Уншихгүй байх хөөсрөл давлагааг үүсгэх сонирхол бас яваад байх шиг байна

-Хөөсрөл яагаад үүсэж байна гэдэг дээр ажиглалт хийхэд попордог улс төрчид хөөсрөлөөс хожоод байна гэдгээ олоод харчихаж.  Өөртэй нь холбоотой асуудал гарч ирэх болгонд хүмүүсийн дургүйг хүргэх хөөсрөлийг бий болгож, олны анхаарлаас гарах, өөр тийш нь эргүүлэх хандлага хүчтэй гарч ирлээ.

-Ийм төрлийн хөөсрөлтэй тэмцэх кибер гэмт хэрэгтэй тэмцэх алба байгаа. Тэмцэж чадаж байна уу?

-Цахим ертөнц дэх энэ төрлийн гэмт хэргүүдийг илрүүлэхийн тулд тусгайлсан жигүүртэй байгууллага, тусгай мэргэшсэн боловсон хүчин, туршлага, тодорхой хэмжээний санхүүжилт хэрэгтэй. Зөвхөн энэ төрлийн биш зохион байгуулалттай улс дамнасан гэмт хэргүүдтэй тэмцэхийн тулд Н.Алтанхуягийн Засгийн газрын үед Мөрдөх алба байгуулахаар ажиллаж байсан юм.

Мөрдөх алба байгуулагдвал эрх мэдлээ алдах гээд байсан, энэ гэмт хэргүүд илрэхээр өөрсдийнх нь хийдэг гэмт хэрэг илрэх гээд байсан хуулийн байгууллагууд маш хүчтэй эсэргүүцэн тэмцсэн.

-Бидний хийсэн  гэмт хэрэг ил болчих вий гэсэн бүлэглэл одоо ч бий юу?

-Тахарын албыг татан буулгаснаас харж болно. Авилгачид авилгын хэргийг илчлэх гэрчээс хамгийн их айдаг. Гэрчийг хамгаалалтгүй байлгана гэдэг өөрсдийнхөө хэргийг нуух боломжтой байна гэсэн үг. Дуртай үедээ гэрчийг айлгана, дуртай үедээ мэдүүлгийг нь өөрчилж болно. Тахарын алба гэрчийг хамгаалбал тэд тэгж чадахгүй. Гэрч хохирогчийг хамгаалах тогтолцоог хэн үзэн яддаг вэ? Гэмт хэрэг нь илрэхээс айдаг эрх мэдэлтнүүд айдаг. Тиймээс одоо ч гэсэн байгаа.

-С.Зориг агсны амиа алдсан хэрэгт буруутгагдан хоригдож буй Содномдаржаа өөрийгөө энэ хэрэгт гүтгэгдсэн хэмээн захидал бичсэн байсан. Таныхаар тэр гүтгэгдсэн үү?

-Энэ хэргийн үнэн худлыг мэдэхгүй. Энийг шалгаж зөв голдиролд нь оруулж болох байсан. Гэмт хэрэг мөрддөг байгууллагыг гэмт хэрэг мөрддөггүй бие даасан өөр байгууллагад өгч байж гэмт хэрэг илэрдэг.  Тахарын албанд хэрэг хянан шийдвэрлэх гэмт хэргийг мөрдөх чиг үүрэг байсан. Тахарын албанд энэ чиг үүргийг өгье гэдэг үг гарангуут маргааш нь уг албыг устгахгүй бол болохгүй нь гэдэг яриа гарч эхэлсэн.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (10)

  1. Ene neg lekts unshdag bandi uls turd guu mun olon doloon yum yarih yumaa Gants udaa ih hurald songogdsonigoo yu gej boddog yum

    0 0 Хариу бичих
  2. бидэнд намын сонголт үлдсэнгүй хувь хүнийг нь сонгоод үзэхээс өөр аргагүй боллоо

    0 0 Хариу бичих
  3. Ан-н олигархууд нь орон нутаг дахь пялдага хэдийнхээ мөнгийг даагаад л ҮЗХ-дээ оруулдаг л байсан шд Одоо гэнэт л засарчив гэж

    0 0 Хариу бичих
  4. Temuujin shig olon chadvarlag zaluusiig yanz buriin ner hoch ugch uls turuus zailuulj baigaa ni tun haramsaltai bolovsroltoi uls turch mongol ulsad mash ih heregtei baina Bolovsrolgui teneguudee tolgoi deeree dahichihaad suugaa mongoliin ard tumen usan teneg tolgoi ni hooson deer ni hodood ni hooson dotor setgel ni bur haranhui baij hugjih devjih tuhai hooson yariad yah ch yum bilee dee

    0 0 Хариу бичих
  5. Мэргэн жараахай шvvмжлэхеес еер юу хийлээ дээ!!?? Угаасаа АН-н хvн биш!! Хассан нь яг оносон!!

    0 2 Хариу бичих
  6. Улс Төрийн Нам бол Хулгайч, Луйварчидын орогнож нуугддаг газар биш, АН-ын дарга Эрдэнэ Намаа Шинжлэх үйл ажиллагаа явуулж, Тэмүүжин мэтийн Улс орондоо хийж бүтээсэн юмгүй Охид бүсгүйчүүдтэй нэр холбогдож явдаг Нөхдүүдыг Намаасаа зайлуулах нь хамгийн Зөв алхам,

    0 0 Хариу бичих
  7. Энэ хүн овоо юм болов уу гэсэн чинь фракц байгуулаад АН-г хагаргах талцуулан хуваах ажиллагаа зохион байгуулж том тэнэгтсэн дээ. Чам шиг гаруудаас болж АН ялагдсан.

    0 0 Хариу бичих
  8. Amjilt husey. Iim l zaluus uls eh orond heregtei bna.

    2 0 Хариу бичих
  9. Чиний цэцэрхэл үеэ өнгөрөөлөө дөө. Хүйтэн цуст могойн гулгидас минь. Эхлээд нөхдөө, дараа нь намаа тэгээд эх орноо хайрла. Даанч чи чадахгүй дээ...

    0 3 Хариу бичих
  10. аль хэдийнээ бөөгнөрөл болчихоод байгаан бишүү ? :)) АН угаасаа сөнөсөн, дараагийн сонгуульд нэрээ дэвшүүлэхийн хэрэг ч байхгүй

    1 1 Хариу бичих

ЭНЭ ТУХАЙ