Итгэл найдвараас ч илүү

Гуядаж авсан эрх

Өдгөө 21 настай даруухан энэ залуу өнгөрсөн жилийн цанын “А” зэрэглэлийн ДАШТ-д есдүгээр байрт хурдалснаар “Пёнчан-2018”-д өрсөлдөх эрхээ гуйж биш гуядаж авсан билээ. 

Түүнээс өмнө өвлийн паралимпийн наадамд хүчээ сорьсон монгол хүн байгаагүй. 

БНСУ-д эхэлсэн өвлийн XII паралимпод эх орноо төлөөлж, босго өндөртэй цасан цагаан замд зандан хүлгээрээ таван тивийн цаначидтай өрсөлдөх тамирчин бол Б.Ганболд юм. 

Манай цаначин дөрвөн жилийн өмнө “Сочи-2014” паралимпийн наадамд хөл тавьсан тул айдас гэх юмгүй Пёнчанд уралдана. Б.Ганболдыг Монголын цанын спортын түүхэнд өмнө нь байгаагүй амжилт үзүүлнэ гэж харж байгаа. Тэрээр 1, 10, 20 км гэсэн зайд гурав хоног тутамд уралдах хуваарьтай байгаа юм. 

Энэ удаагийн наадамд Б.Ганболдын үзүүлэх амжилтыг зөвхөн монголчууд төдийгүй дэлхийн цанын мэргэжилтнүүд нүд, чих тавин хүлээнэ. Нас, хүч, хурд ид тэгширч яваа манай тамирчин паралимпийн эрхийн 180 оноо авахаас 260-ыг авснаар “А” нормативаар эрхийн болзлыг биелүүлсэн билээ. Б.Ганболд Олон улсын паралимпийн хорооноос гаргасан сүүлийн чансаагаар (2018.02.26) LW-6 ангилалд 55 тамирчнаас 23 дугаарт байрт жагсчээ.

Спорт түүний амьдрал

Монгол Улсын пара цанын үндэсний шигшээ багийн тамирчин тэрээр 2012 оноос эхлэн цанын спортын мастер Ж.Дашдондогийн удирдлага дор цанын спортоор хичээллэж байна. Б.Ганболд 1991 онд Дорноговь аймагт төрсөн. Бага насаа Сүхбаатар аймгийн Онгон суманд өнгөрүүлжээ. Түүний аав Батмөнх Сүхбаатар аймгийн Дарьганга сумын уугуул. Армид алба хаадаг аав нь хаа хэрэгтэй газар ажиллахаар томилогдох нь олонтаа байсан ч хүү нь эцгийнхээ төрсөн нутагт өссөн болоод тэр байх, Сүхбаатарынх гэж хэлэх дуртай.

Ахуйн осолд орж, 15-тайдаа зүүн гараа тайруулсан цагаас хойш хөгжлийн бэрхшээлтэй болсон ч багаас мөрөөдсөн зорилгоо биелүүлэхээр спортыг орхиогүй. 

Б.Ганболд 2012 онд Говьсүмбэр аймгаас хөнгөн атлетикийн төрлөөр Бүх ард түмний спортын XIII наадамд оролцсон нь туршлага болсон байна. Энэ тэмцээний үеэр түүнд одоогийн багш Ж.Дашдондог түүнд цанаар хичээллэх санал тавьжээ. Хүү тэр даруй нь зөвшөөрч багш, шавь хоёр цанын спортоор хичээллэхээр шулуудаж, өдгөө хоёр дахь паралимпийн наадамд өрсөлдөхөд бэлэн болоод байна. 

Анхдагчийн замнал

Тэд 2013 онд АНУ-ын Солт Лейк хотод болсон Сочигийн наадмын сонгон шалгаруулах тэмцээнээс цанын спринт (1.5 км) төрөлд мөнгөн медаль хүртэж, пара цаначдын анхны олон улсын тэмцээний эрхийг эх орондоо авчирсан юм. Мөн үүний дараа Шведэд болсон ДАШТ-д оролцож, 60 тамирчнаас 18 дугаар байрт жагсчээ. Энэ амжилтаараа багш, шавь хоёр Сочигийн паралимпод оролцох эрхтэй болсон байна. “Сочи 2014” Паралимп тэдний хувьд хамгийн том тэмцээн байсан ч гэлээ 20 км-ын зайд 14 дүгээр байрт орсон юм. 

2017 оны нэгдүгээр сарын эхээр Хэнтий аймгийн Биндэр суманд болсон “Чингис хаан” цомын нээлттэй тэмцээнд 15 км-т уралдаж, шагналт V байрт орсон. 2014 оны Сочигийн паралимпод 20 км-ыг нэг цаг долоон минутад туулж, 14 дүгээр байрт орж байлаа. Эдүгээ тус зайг 59 минутад туулж, амжилтаа найман минутаар ахиулсан амжилттай байгаа юм. 

Амжилт хүсье, Б.Ганболд оо. “Пёнчан-2018” таных байх болно.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)

  1. Чи бидний хөрөнгийг цуслаж байгаа Бясаануудаас илүү нь Монгол улсынхаа Төрийн тугийг мандуулан явж байгаа жинхэнэ Монгол хүү.Амжилт

    0 0 Хариу бичих
  2. мөч бүтэн тэр муу 2 гуйлгачинг бодвол мундаг хүү байна,ичихгүй ирсэн байгаам даа,хан мөрөнд живж үхэх,хад мөргөж үхэх,харлаад үлдэх гээд олон арга тэр 2 эр эмд байсан даа

    0 0 Хариу бичих
  3. 14-т орсон гэнэ. Сайн л уралдсан байна.

    0 0 Хариу бичих

ЭНЭ ТУХАЙ