Байгалийн жам байгаасай...

ЭХЛЭЭД УГ НЬ БҮХ НАМ БҮТЭН БАЙСНЫГ ХЭЛЭХ ХЭРЭГТЭЙ.

ХҮ нам уг нь гадаад, дотоодод явж галуу шувууны мах идэж үзсэн залуу сэхээтнүүдээс бүрдсэн амбицтай нам байлаа. Даан ч нэгдсэн концепци, зангидсан үзэл санаа үгүйн улмаас ердийн нэгэн дипломгүй популистын гараар хоёр хуваагдаж, яваандаа юу ч биш болж орхив.

МАХН уг нь сайдтай бол сайдтай, гишүүдтэй бол гишүүдтэй нам шиг нам байлаа. Гуравдугаар Ерөнхийлөгчид гомдсон залуу лидер нь зам салж, тавдугаар Ерөнхийлөгчид дагаар орсноор намаа хоёр хувааж орхив.

АН уг нь үзэлтэй бол үзэлтэй, үүрд дурсагдах гавьяатай, хүчирхэг нам юмсан. Авч өгөх, “алах” шулах,аргадах найрах авьяас чадвараа даган салж салбарласан бүлэг болгоноо угжсаар таван хэсэг болж авав.

МАН уг нь Монгол Улсын тусгаар тогтнолын тулгуур болсон улс төрийн хүчин байлаа. УИХ-ын 2016 оны сонгуулиар бүрэлдсэн парламентад эрх баригч намын 65 гишүүн ярайтал сууж, ярзайтал инээж байсныг хэлэх
хэрэгтэй. Шинэ гишүүдийнхээ цээж өвчин, шилийн эрийнхээ холын шуналыг тооцолгүй явснаас тэхий дундуураа хуваагдаж орхив.

Саарал ордон хавиар үнэндээ ордноосоо бусад нь хуваагдаж байна. Байгаль дэлхий эсийн хуваагдлын үр дүнд төлжиж хөгждөг гэсэн. Энэ  бүх хуваагдал нь байгалийн жам, хөгжлийн үйл явц байгаасай гэж найдах л үлдэж байна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

ЭНЭ ТУХАЙ