Өмнөд Африкийн үнэн нүүр царайг илтгэсэн гурван гол дүр

Хар тивийн хамгийн хүчирхэг улс ӨАБНУ-ын эрх баригч нам дотор гарсан хагарал Ерөнхийлөгчөө солиход хүргэв. Тус улсыг 10 жил удирдсан Жейкоб Зума нам доторх тэмцлийн улмаас энэ сарын 15-ны шөнө огцорч байгаагаа зарлалаа. Парламентад олонхийг бүрдүүлдэг Африкийн үндэсний Конгресс нам нь 12-ны өдөр түүнээс огцорхыг шаардаж, 48 цагийн дотор огцрохгүй бол итгэл үзүүлэх эсэх асуудлыг сөхнө хэмээн шахалт үзүүлсний дараа энэ үйл явдал болсон. Ж.Зума өөрт нь тавьсан шаардлагыг нам доторх зөрчил, улс төрийн зорилготой гүжир гүтгэлэг гэж харуулахыг оролдсон ч үнэндээ бол замбараагүй хувийн амьдрал, хууль зөрчсөн үйлдлүүд намын нэр хүндэд нөлөөлөх хэмжээнд хүрэхтэй нь зэрэг шахан зайлуулсан хэрэг гэдэг нь ойлгомжтой байгаа юм. 

Тэрээр Кейптаунд болох БРИКС, Африкийн орнуудын зөвлөлийн хуралдаан хүртэл албан тушаалдаа үлдэж, залгамжлагч Сирил Рамапосагаа бусад төрийн тэргүүнүүдтэй танилцуулахыг хүссэн ч нам нь зөвшөөрөөгүй. Өдгөө түүнийг энэтхэг гаралтай Гуптагийнхан хэмээх бизнесийн гэр бүлтэй холбоотой авлига хээл хахуулийн хэргээр эрүү үүсгэн шалгаж буй.

Төрийг хувийн өмч мэт болгосон Ерөнхийлөгч асан Жейкоб Зума, Ерөнхийлөгчийг төртэй нь хамт захирдаг харь гаралтай Гуптагийн гэр бүл, тэдний нууц холбоон дээр тоглолт хийж, авлигатай тэмцэгчийн дүрд тоглож эхэлсэн шинэ Ерөнхийлөгч Сирил Рамапоса нар яах аргагүй ӨАБНУ-ыг дэлхийн нийтийн анхаарлын төвд оруулж байгаа гол дүрүүд болоод байна.

Энэ гурван дүрийн чанасан “холион бантан” Өмнөд Африкийн хөгжлийн загвар гэгдэн шагшигдаж асан төрийн тогтолцоо, эдийн засаг төрөөс оролцоо багатай гэсэн эерэг хандлагад нөлөөлөхүйц хэмжээний скандалыг үүсгээд байгаа юм. ӨАБНУ-ын Ерөнхийлөгчийн суудлаас дуулиантайхан буусан Ж.Зума, хэвлэлээр “Гуптагийнхан” хэмээгдэн шуугиулж байгаа энэтхэг гэр бүлтэй хэрхэн сүлбэлдсэн тухай болон төрийн тэргүүний өндөр сэнтийг “булааж” авсан Сирил Рамапосагийн талаар дор өгүүлэх болно. 

Хувьсгалчаас авлигач болсон Жейкоб Зума

Жейкоб Зумад “Расизмыг эсэргүүцэгч, цагаан арьстнуудад дургүй” гэсэн нэг марзан тодорхойлолт бий. Энэ нь түүнийг ардчилсан үзэл бодол төлөвшсөн бие хүн бус, жирийн харилцааг ч хүндээр тусгаж авдаг, яс маханд нь цагаан арьстнуудыг үзэн ядах үзэл шингэсэн жирийн африкуудын нэг гэдгийг баталдаг. Арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзлийг эсэргүүцэгч хүн өөр өнгөтэй арьстнуудад дургүй байх учиргүй билээ. 

Африкийн зулу омгийн хүү Жейкобын улс төрийн карьер Апертейдийн эсрэг тууштай тэмцэгч, Өмнөд Африкт хувьсгал хийсэн гол удирдагчдын нэг гэдэг “фон” дээр суурилсан. Төрийн эрхэнд гарах зам нь амар байгаагүй бөгөөд муухан киноноос хавьгүй илүү адармаатай амьдралыг тэрээр туулжээ. 

Жейкобыг бага ангийн сурагч байх үед цагдаа эцэг нь буудалцааны үеэр амиа алджээ. Ядуу тарчгаасаа болоод Жейкоб тавдугаар ангиасаа дунд сургуулиа хаяж, Апертейдийн эсрэг тэмцэгч болсон байна. Улмаар төрийн эргэлт хийхийг оролдсон хэргээр 10 жилийн ял авч шоронд оржээ. Бүх африкчуудын бахархал амьд бурхан болсон Нельсон Манделатай тэнд танилцаж, журмын нөхөд болцгоосон байна. Тэрээр 31 настайдаа шоронгоос суллагдаад хоёр чухал ажил амжуулсан гэдэг. Нэгдүгээрт, анхныхаа эхнэртэй гэрлэсэн (Ж.Зума албан ёсны тав, албан бус гурван эхнэртэй). Хоёр дахь нь, Наталь муж дахь газар доор хонгилыг ухах ажилд оролцсон явдал байв. Дараа нь Африкийн Үндэсний конгресс намын олон гишүүдийн адилаар хилийн чанад одож, хөрш зэргэлдээ орнуудад 15 жил амьдарсан байдаг.

1980-аад онд ЗХУ-д очиж, КГБ-ийн сургуульд терроризм-хорлон сүйтгэх ажиллагааны чиглэлээр суралцаж байсан сонирхолтой баримт түүний намтарт бий. Тэр үеийн ЗХУ Африкийн үндэсний конгресс намын Апертейдийн дэглэмтэй хийх тэмцэлд нь дэмжлэг үзүүлдэг байв. Тавдугаар ангийн боловсролтой Ж.Зума хожим намынхаа Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн болтлоо томроход энэ сургууль нөлөөлсөн нь дамжиггүй. 

Ж.Зумагийн хүү Дудузане Зума ах, дүү Гуптагийн хамт

Апертейдийн дэглэм нурсны дараа Африкийн үндэсний конгресс нам төрийн эрхийг авч одоо болтол засаглаж байна. Хүчирхэг намын тогоонд орсон Ж.Зума ч албан тушаалын шатаар өгсөх боллоо. Ингэж явахдаа анхныхаа шуугианд орооцолдож, авлига, хүчирхийлэл гээд хэргүүд ар, араасаа цуварсан билээ. Тэрээр 1999 онд дэд Ерөнхийлөгч болсныхоо дараа таван тэрбум ам.доллараар зэвсэг худалдаж авах ажлыг зохион байгуулахдаа багагүй мөнгө өөртөө үлдээсэн нь 2005 онд илчлэгдсэн юм. Энэ явдлын дараа Ерөнхийлөгч Табо Мбеки түүнийг огцруулсан юм. Дараа нь хүчингийн хэрэгт холбогдсон ч нотлох баримт хангалтгүй гэж үзэн хэргийг хаасан байдаг. 

2009 онд Ерөнхийлөгч болсных нь дараа хууль бус хүүхэдтэй, үндэслэлгүй хөрөнгөжсөн гэсэн шалтгаанаар огцруулах санал хураалт явуулсан ч парламентын 400 гишүүний 84 нь л дэмжсэн нэг тохиолдол бас бий. Харин 2014 онд дахин Ерөнхийлөгч болсных нь дараа сөрөг хүчний зүгээс түүнийг огцруулах оролдлогыг таван удаа хийсэн бөгөөд авлига, хээл хахуулийн шинжтэй 783 үйлдлийг илрүүлэн баримтжуулсан байдаг юм. Тэрхүү хэргүүдээс хамгийн ноцтой нь төсвийн 16 сая ам.доллараар хувийн байшиндаа засвар хийсэн гэх хэрэг. Нэг байтугай нэлээд хэдэн байшин шинээр барьчих мөнгөөр засвар хийчихсэн энэ хэрэг түүнийг нам дотроо нэр хүндгүй болоход хүргэсэн юм. Дараа нь Гуптагийнхантай холбоотой асуудал. Өмнөд Африкийн хэвлэлүүдэд бичиж байгаагаар бол Ж.Зума ах, дүү Гуптатай цай ууж, хоол идэнгээ хэнийг ямар албан тушаалд тавих, бизнес, тендерийг хэнд хэрхэн өгөхийг шийддэг байсан гэх. Үнэн хэрэгтээ тийм том гарууд байсан уу гэдгийг одоогоор мэдэх боломжгүй байна. Хуулийнхан “Мөрдөн байцаалт дуусаагүй” гэдэг шалтгаанаар амаа хамхижээ. Энэ нь Гуптагийнхныг сонирхох сонирхлыг улам өдөөж байна.

Ж.Зумаг “Зупта” болтол “базсан” Гуптагийн гэр бүлийнхэн 

Ямартай ч Гуптагийнхны нэр Африкийн, тэр ч байтугай улсынхаа баячуудын жагсаалтад байхгүй. Тэгсэн мөртлөө амьдралын чанарт нь тэрбумтан ч атаархмаар гэнэ. Гуптагийнхны гэр бүл Йоханнесбургийн дагуул, “баячуудын” гэсэн тодотголтой Saxonwold хотхонд хатуу чанд харуул хамгаалалттайгаар аж төрдөг байна. Эзэмшил газар нь тансаг зэрэглэлийн дөрвөн байшинтай. Нисдэг тэрэгний зогсоолтой, тэнд нь байнга нисдэг тэрэг бууж, хөөрдөг. Өндөр зэрэглэлийн таван ахлах тогооч гал тогоог нь хариуцдаг, өөрсдөө байнга бие хамгаалагчтай явдаг гэх ажээ. Кейптауны төвд байрлалтай, Их Британийн Ерөнхий сайд асан Маргарет Тетчерийн хүү, Сэр Марк Тэтчерийн эзэмшиж асан байшинг мөн Гуптагийн гэр бүл худалдаж авсан байна. 

Энэтхэгийн Уттар Прадеш мужаас гаралтай ах, дүү Атул, Ражеш Гупта Апертейдийн дэглэм нурж, дэлхий ертөнцөд хаалгаа нээсэн 1993 онд Өмнөд Африкт анх хөл тавьж, “Сахара Компьютерс” хэмээх компани байгуулан бизнес эрхэлж эхэлсэн байдаг. Нутагтаа жижигхэн бизнесмэнд тооцогддог байсан тэд компьютер, сэлбэг хэрэгслийн худалдаа эрхэлдэг байсан бол яваандаа интернэт, АйТи технологийн бизнест орж, бизнес нь өргөжин тэлсэн байна. Сүүлдээ уул уурхай, олон нийтийн мэдээллийн зах зээлийг ч сонирхох болжээ. Бизнесийн энэ өргөжин тэлэлт нь Ж.Зуматай танилцсанаас хойш явагдсан нь эдүгээ хуулийнхны гол бай болчихоод байна. Гэхдээ сэжиг таамаг бизнестэй холбоотой авлига хээл хахууль бус, улс төр дэх оролцоо, төрийн эрх мэдэлд нөлөөлөх чадвар руу нь илүүтэй чиглэж буй. Ингэж сэжиглэх сэжүүр ч хангалттай байгаа аж. 
Сангийн дэд сайд Мессийс Йонас 2016 онд хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Ноднин Гуптагийн гэр бүл надад дэд биш жинхэнэ сайд болох санал тавьж байсан” гэж ярьж байжээ. Африкийн үндэсний конгресс намын гишүүн асан Витьи Ментор 2010 онд Saxonwold дахь гэрт нь Гуптагийнхантай уулзахад Засгийн газарт сайдын албан тушаал хашихыг санал болгосон тухай ам алдсан. Тухайн үед Ерөнхийлөгч Ж.Зума хамт байсан гэдгийг тэрээр батлан хэлсэн ч Ерөнхийлөгч мэдээж, “Огт санахгүй байна” хэмээн үгүйсгэсэн байдаг. Гэсэн ч Гуптагийн гэр бүлийг төрд нөлөөлдгийг илтгэх өөр өчнөөн баримт бий. Эдгээрийн нэг нь болох, дипломат пасспорт олгохыг хүссэн өргөдөл гаргаж, үндэслэл гэсэн хэсэгт “Ерөнхийлөгч Ж.Зумагийн гаднын улс оронд хийсэн айлчлалын багт орж, олон удаа гадаадаар явах шаардлага гардаг тул” гэж бичсэн тухай түүх нь олон нийтийн анхаарлыг ихээр татсан байдаг. Пасспорт олгодог, хүсэлт хүлээж авдаг байгууллага нь албан ёсоор үгүйсгэж, дипломат пасспорт олгохоос татгалзаж байж энэ шуугиан намжсан. 

Гуптагийнхны гэр бүлийн хуримд уригдсан зочид хувийн онгоцоороо Преторийн ойролцоохь “Waterkloof” нисэх баазад газардсан хэрэг бас олны анхаарлыг татаж байна. Энэ нисэх баазад нь цэргийнхнээс гадна Ерөнхийлөгч, гадаадын дипломатуудад л ашиглуулдаг аж. Ингээд зогссонгүй, 200 гаруй зочид цагдаагийн хамгаалалт дор цуваагаар тансаг зэрэглэлийн амралт сувиллын хотхон болох Сан Сити рүү хүргүүлсэн байна. Цэргийн нисэх баазад Airbus A330 газардуулах, төрийн цагдаагаар хуримын зочин хамгаалуулах үүргийг хэн өгсөн байж болох талаар олон нийт шуугисан ч хариугаа авч чадалгүй өнгөрсөн юм. Төсвөөс “Ядуу фермерүүдэд хөнгөлттэй зээл хэлбэрээр олгох” зориулалттайгаар гарсан нэг сая ам.доллар Атул Гуптагийн хувийн данс руу яваад орчихсон нь ил болчихоод байхад хар цагаан дуугүй өнгөрч байсан хүчирхэг байдлынх нь ард чухам юу нуугдаж байсан бэ гэдгийг жирийн иргэд мэдэхийг одоо ч хүссээр байна. Магадгүй, энэ асуултад хариулт авах боломж одоо л гарч байгаа бололтой. Учир нь, шинэ Ерөнхийлөгч Сирил Рамапоса авлигатай тууштай тэмцэнэ гэж зарласан. Амлалтаа биелүүлэх эсэх нь Ж.Зуматай холбоотой хэргийн шийдэлтэй холбоотой болчихоод байгаа юм.

“Форбс”-ын жагсаалтаас Ерөнхийлөгч болсон Сирил Рамапоса

Ж.Зума 15-ны шөнө огцорч байгаагаа мэдэгдсэн талаар дээр дурдсан. Маргааш өглөө нь Парламентын дарга Балека Мбеке гишүүдэд энэ талаар танилцуулсныхаа дараа шууд дараагийн Ерөнхийлөгчийг тодруулах санал асуулга явуулснаар ӨАБНУ Сирил Рамапоса хэмээх шинэ Ерөнхийлөгчтэй болсон юм. Хэдхэн цагийн дотор төрийн тэргүүнээ өөрчлөх боломжтой сонгодог Парламентын зарчим хэрэгждэг улсын нэг давуу талыг дэлхий нийт харж авсан гэж хэлж болно. 

Шинэ Ерөнхийлөгч Сирил Рамапоса нь залуудаа Ж.Зумагийн нэгэн адил апартейдийн дэглэмийн эсрэг тэмцэж явсан нэгэн. 1980-аад онд уурхайчдын бослогыг зохион байгуулж, үйлдвэрчний эвлэлийн гол кадр гэдгээр олон нийтэд танигдсаныхаа ачаар 1991 онд Африкийн үндэсний конгресс намын ерөнхий нарийн бичгийн дарга болж байжээ. Апертейдийн дэглэмийг зогсоох талаар Фредерик Виллем де Клерктэй хийсэн олон хэлэлцээрт Сирил л намаа төлөөлж ордог байсан аж. Дэглэм нурж, Н.Мандела Ерөнхийлөгчөөр сонгогдсоны дараа тэрээр дэд Ерөнхийлөгчийн суудлын төлөө Табо Мбекитэй өрсөлдсөн ч ялагдсан байна. Үүний дараа тэрээр улс төрөөс явж, бизнесийн салбар руу орсон байна. Амжилттай ч орж, 450 сая ам.долларын хөрнгөтэй болтлоо хувийн хэвшилд зүтгэжээ. Түүний эзэмшилд ӨАБНУ дахь McDonald’s-ын сүлжээ ресторануудаас гадна уул уурхай, эрчим хүчний салбарт цөөнгүй компани байдаг. Дэлхийн топ компаниудын тоонд ордог “The Coca-Cola Company”, “Unilever Africa”-гийн Олон улсын зөвлөлд ордог том гар аж. Одоо улс төрийн салбарт түүнээсээ ч томорч оргилд гарчээ. Гэхдээ түүнийг эсэргүүцэн шүүмжилдэг хэсэг бүлэг бас бий. Тэгэх үндэслэл ч байдаг юм байна. 

Нэгдүгээрт, тэрээр бизнес хийж байхдаа намын гишүүнчлэлээ хадгалж иржээ. Бизнестээ нэмэр болох үүднээс ингэсэн гэсэн таамгийг тэнэг хүн ч хэлж чадна. Хоёрдугаарт, төрд нөлөөтэй, тэрхүү нөлөөгөө өөрийн эрх ашигт үйлчлүүлдэг байсан гэсэн хардлага байдаг аж. 2012 онд Өмнөд Африкийн “Марикана” хэмээх уурхайн ажилчид ажил хаяж, цалин нэмэхийг шаардсаны төлөө цагдаа нар очиж, нам дарж байсныг монголчууд сайн санаж байгаа байх. 100, түүнээс олон жил ажилласан уурхайнууд шил шилээ даран хаагдаж, ажилчдаа 140, 1500-гаар нь халж, хоосон нүх, уурхай дагаж үүссэн суурийнгууд орлогын эх үүсвэргүй болж буй эмгэнэлт явдлын тод томруун жишээ нь тэрхүү ажил хаялт байсан юм. Тэгэхэд цагдаа нар, уурхайчдын хооронд мөргөлдөөн үүсч, 34 уурхайчин амиа алдсан эмгэнэлт хэрэг гарч дэлхийг шуугиулж байлаа. Тэгвэл яг тэр үед Сирил Рамапоса уурхайг эзэмшдэг “Lonmin” компанийн Ерөнхийлөгчөөр ажиллаж байжээ. Төрийн цагдаа хувийн эд хогшил хамгаалахаар яаравчлан хөдөлж, үхэн хатан хамгаалсны цаана Сирил Рамапосагийн улс төрийн нөлөөлөл байсан гэдэгт хохирсон уурхайчдын ар гэрийнхэн итгэж явдаг аж. 

Ж.Зумаг С.Рамапосагаар солих энэ хэргийн цаана их гүрнүүд байгаа гэж хардах шалтгаан ч бий. Түүнийг Африкийн үндэсний конгресс намын даргын суудлын төлөө Ж.Зумагийн олон эхнэрүүдийн нэг Нкосазана Дламини-Зуматай өрсөлдөж ахуйд намын залуучуудын жигүүрийнхэн “Америкийн утсан хүүхэлдэй” гэж нэрлэж байсан нь хэвлэлийн шарласан хуудаснаа үлджээ. ЗХУ-д сурч байсан, ӨАБНУ-ыг ОХУ-ын олон туйлт дэлхийг бий болгох эрмэлзлийн бодит биелэл болсон БРИКС-ийн идэвхитэй гишүүн болгосон зэргээс нь харахад Ж.Зумаг ОХУ-д элэгтэй гэж үзэх үндэстэй. Тэгэхээр шинэ Ерөнхийлөгчийн өнгөн дээр ӨАБНУ-ын гадаад бодлогод эрс өөрчлөлт гарахыг ч үгүйсгэх аргагүй юм. Парламент дахь сөрөг хүчин, Эдийн засгийн эрх чөлөөний төлөө тэмцэгчид намын дарга Жулиус Малема С.Рамапосаг “харийнхан, цагаан арьст бизнесмэнүүдийн гар хөл“ гэж цоллож байсан удаатай. ОХУ Ж.Зумагийн огцролтод мэдрэг хандаж, хэвлэлээр “Гадаад бодлогод ямар өөрчлөлт гарах бол” хэмээн болгоомжлонгуй бичиж байгааг анхаарахгүй байхын аргагүй. Улс төр судлаач Максим Медоваров энэ талаар “Африк тивд Зимбабвегийн дараа хоёр дахь улс төрийн тэргүүнээ нам дотроо асуудлыг шийдэх аргаар солилоо” хэмээн өгүүлсэн. Өнгөрсөн сард Давост болсон уулзалтад улсаа төлөөлж очихдоо С.Рамапоса цөмийн эрчим хүчний салбарт оролцоогоо үлэмж багасгах болно гэж зарласан. Өмнөх Ерөнхийлөгч Ж.Зума цөмийн эрчим хүчний салбарт хамтран ажиллах гэрээг 2014 онд “Росатом”-той байгуулж байсан. Энэ гэрээ цуцлагдах нь С.Рамапосагийн хийсэн мэдэгдлээс бараг л тодорхой болж байна.

Ямартай ч ӨАБНУ Ж.Зумаг бодвол барууны чиг хандлагатай байж мэдэхээр шинэ удирдагчтай болсон нь тодорхой. Цаашид ямар замаар урагшлахыг цаг хугацаа харуулах биз ээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)