Хонь бүрэн, чоно цатгалан

Саяхныг хүртэл иргэд бид улсад төлдөг татвараа юунд зарцуулагдаж байгааг мэддэггүй байлаа. Сар бүр л цалингаасаа төлдөг 10 хувь, цаашилбал бизнес хийгээд улсад тушаадаг татвар, талх авах бүртээ “мэдэлгүй”-гээр төлж байдаг НӨАТ гээд энэ бүх мөнгө хаашаа явдгийг хэн ч мэддэггүй. Элсэнд асгасан ус шиг үгүй болчихдог татварын мөнгийг 76 гишүүн яаж зарцуулахыг шийдэж, төсөв захирагч нар “тэр дагуу” нь үрдэг юм. Хамгийн гол нь энэ бүгд “маш нууц”-аар хийгддэг байлаа. Тэгвэл одоо энэ байдал өөрчлөгдсөн. Төсвийн мөнгөний гүйлгээ таван сая төгрөгөөс давсан л бол түүнийг нь хянах боломж иргэдэд нээлттэй болсон. Энэ боломжийг Шилэн дансны тухай хууль хүн бүрт олгосон билээ. Гэвч... 

ТҮҮХ ИНГЭЖ ЭХЭЛСЭН...

Төрөөс тэрбумтнууд төрдөг нь үнэн байх. Ийм ч учраас “Төрөөс төрсөн тэрбумтан” гэх хэлц нийгэмд амь бөхтэй оршоор л байдаг биз. Тэгвэл энэ хүмүүс Шилэн дансны тухай хуулийг УИХ-аар батлахын эсрэг “эрчимтэй” тэмцсэн нь үнэн юмдаг. Ажиглагч Д.Цэрэнжав энэ талаар маш ойлгомжтой өгүүлснийг одоо хүргэе.

Ажиглагч Д.Цэрэнжав

Шилэн данс бол Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлага. Тэрээр анх 2013 оны зургадугаар сарын 10-нд “Засгийн газарт чиглэл өгөх тухай” 88 тоот зарлиг гаргаж, харин араас нь Ерөнхийлөгч санаачлагаа улам лавшруулж “Шилэн дансны тухай” бүхэл бүтэн хуулийн төслийг боловсруулж 2014 оны эхээр УИХ-д өргөн барьсан юм. Хуулийн төсөл 2014 оны дөрөвдүгээр сард УИХ-ын чуулганаар орсон ч эрхэм гишүүдийн олонхи “нэр нь сонин юм”, “үүний оронд бусад хуулиа хэрэгжүүлээд явахад болохгүй юу” гэх мэтээр шүүмжилснээр хэлэлцэх шаардлагагүй гэж үзээд буцаж байв. Гэхдээ Ерөнхийлөгч зургадугаар сард дахин өргөн барьснаар долдугаар сарын 1-нд батлагдсан түүхтэй. Харамсалтай нь, хэн тийм санал гаргаад хэдийд зөвшилцөж шийдсэнийг бүү мэд, ямар ч байсан хууль санаачлагчийн оруулсан ил тод болгох гүйлгээний дүнгийн нэг сая төгрөгийн босго хэлэлцүүлгийн дундуур 5 сая төгрөг болсон байлаа. Гэхдээ “Чамлахаар чанга атга” гэдэг.

Шилэн дансны тухай хууль хэрэгжиж эхэлсэн жил нь 2015 он. Бүтэн гурван жил мөрдсөн гэсэн үг. Харамсалтай нь, “Монголын хууль гурав хоног” гэдгийн үлгэрээр Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилт жилээс жилд суларсаар байгаа аж. Өнөөдрийн байдлаар хуулийн хэрэгжилт замхарч, shilendans.gov.mn цахим хуудас “үхмэл” хэлбэрт шилжсэн гэж хэлэхэд хилсдэхгүй болжээ. Төрийн хэд хэдэн байгууллагын цахим хуудас руу орж сонирхвол 2017 оны долдугаар сараас буюу Ерөнхийлөгчийн сонгуулийн дараачаас шилэн дансны мэдээллийг шинэчилж оруулахаа зогсоожээ. Зарим нь бүр 2016 оны зургадугаар сараас хойш шилэн дансны мэдээллээ шинэчлээгүй байна. Төрийн эрхийг барьж буй бодлого тодорхойлогчид солигдоход “Урьдын юм ул” болдог зангаар Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилт ч тиймэрхүү болжээ. Энэхүү хуулийг хэлэлцэж, батлах үед тухайн үеийн сөрөг хүчин, одоогийн эрх баригч МАН Ерөнхийлөгчийн санаачилгыг дэмжиж буйгаа илэрхийлэн төрийн байгууллагуудын мөнгө санхүү хэрхэн зарцуулагдаж байгааг татвар төлөгчид мэдэж байх ёстой гэсэн байр суурьтай байсан билээ. Гэвч өнөөдөр тэд эрх баригчид болсон!!!

ХЭН ШИЛЭН БАЙХ ЁСТОЙ ВЭ?

Төрийн яам, агентлаг, аймаг, нийслэл, сум дүүрэг зэрэг бүхий л шатны төсвийн 5000 гаруй захирагч, төрийн болон орон нутгийн оролцоотой компани, улсын үйлдвэрийн газар гээд 360 байгууллагаас гадна таван сая төгрөгөөс дээш үнийн дүнтэй хийгдэж байгаа төсвийн хөрөнгө оруулалт, төсөл, ажил үйлчилгээ гүйцэтгэж байгаа аж ахуйн нэгж байгууллага Шилэн дансны тухай хууль, журамд заасан мэдээллийг цаг тухайд нь олон нийтэд мэдээлж байх үүрэг хүлээдэг. Хэн хэдий хэмжээний мөнгийг чухам юунд зарцуулав гэдгийг тухайн байгууллага өөрийн цахим хуудас болон бусад эх сурвалжаар олон нийтэд ил болгосноор төрийн “машин”-д эргэлдэж байдаг их хэмжээний мөнгийг сүүдэр адил дагадаг үр ашиггүй зардал, шахааны бизнесээс зайлсхийх давхар боломж бүрдэх ёстой. Товчхондоо, энэ хууль нь улсынхаа “авдар”-ын түлхүүрийг атгадаг хэдхэн хүний дур зоргоороо хулгайлдаг, үрэн таран хийдэг үйлдлийг таслан зогсоох иргэдийн эрх мэдлийг хүчирхэгжүүлж буй хүчтэй зэвсэг юм. Гэвч энэ зэвсэг улам л үнэ цэнээ алдаж буйг дараахь баримт гэрчлэх буй за. 

УЛСЫН ТӨСВИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН ХЭРЭГЖИЛТ 2.7% БУУРСАН

Баримт сөхье. Үндэсний аудитын газраас Шилэн дансны тухай хуулийн 2017 оны хэрэгжилтэд аудит хийжээ. Өмнөх жилүүдэд Үндэсний аудитын газраас жилд хоёр удаа Шилэн дансны хуулийн хэрэгжилтийг хянадаг байсан бол өнгөрсөн онд нэг л удаа аудит хийсэн байна. Яагаад? Тавих л ёстой асуулт. Харин сүүлийн дүнгийн тухайд Үндэсний аудитын газрын тайланд мэдээлснээр “Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтийг 13 Төсвийн ерөнхийлөн захирагч, тэдгээрийн харьяа 724 байгууллага дунджаар 94.7 хувь, аймаг, нийслэлийн 22 Төсвийн ерөнхийлөн захирагч, тэдгээрийн харьяа 4256 байгууллага дунджаар 88.9 хувьтай хэрэгжүүлсэн нь 2016 оны IV улиралд гүйцэтгэсэн аудитын дүнгээс улсын төсвийн байгууллагуудын хэрэгжилт 2.7 хувиар буурсан” гэсэн дүн гарчээ. Аудитын явцад илэрсэн зөрчилд тухай бүр залруулга хийлгэж ажилласнаас гадна нийт байгууллагад 72 хариуцлага тооцуулах, 415 зөрчил арилгуулах хугацаатай албан шаардлага хүргүүлсэн байна. Тухайлбал, “Байгууллага нь шилэн дансны мэдээллийг өөрийн цахим хуудсаар хүргэнэ” гэж заасан байхад аудитад хамрагдсан байгууллагууд өөрийн цахим хуудсанд мэдээллийг хугацаанд нь бүрэн мэдээлээгүй, зарим байгууллага өөрийн цахим хуудас дахь цэсийг нэгдсэн цахим хуудсанд холбосон байна. Байгууллагуудын өөрийн цахим хуудсанд байршуулсан мэдээллээс үзэхэд олон нийтийн зүгээс мэдээлэлтэй танилцах боломжгүй нь олонтаа байжээ. Тухайн байгууллагын Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтийг хангах үүрэг хүлээсэн Тамгын газрын дарга болон Ерөнхий нягтлан гэх албан тушаалтнууд нь цахим хуудсандаа байршуулах мэдлэг, ур чадваргүй байгаа нь нотлогдсон байна. Тиймээс мэдээллийн технологийн мэргэжилтнээр дамжуулан шилэн дансны мэдээллээ байршуулж байгаа нь хуулийн шаардлагыг хангаж байгаа эсэхэд эргэлзээ төрүүлж. Гэтэл хуульд зааснаар, “иж бүрэн, ойлгомжтой, тогтоосон хугацаанд тогтмол шуурхай мэдээлэх” ёстой. Нарийндаа тулаад үзвэл байгууллагынхаа цахим хуудсыг хөгжүүлж буй мэргэжилтэн ажлын завсраараа ийнхүү байршуулж байгааг Төсвийн ерөнхийлөн захирагч Ерөнхий сайдад зөвлөмж болгон хүргүүлжээ. Мөн аудитын дүнг үндэслэн Засгийн газрын тэргүүнд зөвлөмж хүргүүлэхдээ, Шилэн дансны тухай хуульд Төсвийн хуулийг нийцүүлэх шаардлагатай гэсэн байна. Шилэн дансны тухай хуулийн дагуу мэдүүлэх үүрэг бүхий аж ахуйн нэгж, байгууллагуудын санхүүжилтийг шилэн дансанд тусгасан биелэлтээр олгохыг санал болгосон байгааг онцолсон байна. Хөндлөнгийн байгууллагын энэхүү зөвлөмжийн хамгийн чухал нь Шилэн дансны тухай хууль, шилэн дансны мэдээллийн талаар иргэд олон нийтийн дунд сургалт сурталчилгааг идэвхжүүлж, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх шаардлагатай гэжээ. 

ШИЛЭН ДАНСЫГ ШАХАХ, ШАЛГАХ ХҮН АЛГА

Яг одоогийн хэрэгжиж буй shilendans.gov.mn сайт дахь мэдээлэлтэй танилцав. Мэдээ, мэдээлэл цэсэнд иргэн Осоргаравын санаачилсан хандивын дансны тухай дөрвөн мэдээ, Шилэн данстай холбоотой хэрэг шүүхээр шийдвэрлэгдээгүй гэсэн утга бүхий мэдээлэл хоёр байх аж. Шилэн дансны тухай хуульд 2017 оны байдлаар хийсэн аудитын дүнг оруулж болох байсан ч алга. Хуулийг хэрэгжүүлэхэд хүн бүрийн оролцоо чухал. Анхлан энэхүү хуулийн хэрэгжилтэд хүн бүхэн санаа тавьж, төрийн байгууллагын шилэн дансыг хэсэгтээ л шалгав. Бүр шилэн дансаа хөтлөхгүй байгаа төрийн байгууллагуудыг Авлигатай тэмцэх газарт шалгуулахаар удаа дараа хандаж байсан тохиолдол ч бий. Энэ нь сүүлдээ эрх баригч хүчнийг шүүмжилж, харлуулах гэсэн санааг ч агуулж байв. Угтаа бол хэрэгжиж эхэлсэн жилдээ shilendans.gov.mn цахим хуудсанд 454014 мэдээлэл орсон байдаг. Салбарын сайд нь хүртэл харьяаны төрийн өмчит хувьцаат компанийн даргад Шилэн дансны хуулийг хэрэгжүүлээгүй тул хариуцлага тооцуулах тухай албан бичгийг Засгийн газартаа “өргөн барьж” байсан удаатай. “Улаанбаатар төмөр зам нийгэмлэг”-ийн дарга Д.Жигжиднямаад ийнхүү тухайн үеийн сайд М.Зоригт хариуцлага тооцуулж байж. Хуулийн хэрэгжилтийг хангаагүй гэсэн үндэслэлээр гурван яамны Төрийн нарийн бичгийн дарга, гурван яамны Засаг даргатай хариуцлага тооцохоор болж цалингийн тодорхой хувийг хасч байжээ.

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж

Би анх энэ хуулийг санаачлаад УИХ-д өргөн барьж байхад хэлж байсан. Хууль хэрэгжиж эхлээд нэг жил өнгөрөхөд шилэн дансаа хөтлөөгүй, мөрдөж ажиллаагүй аймгийн Засаг дарга нар, эсвэл Засгийн газрын төвшинд агентлаг, газрын дарга нар ажлаасаа солигдож, албан тушаалтнууд хариуцлага хүлээж байвал би энэ хуулийг хэрэгжиж байна гэж үзнэ. Хэрвээ ингэхгүй байвал хэрэгжихгүй байна гэсэн үг. Гэхдээ бид ингэлээ гээд хойш сууж болохгүй ээ, ард иргэд мохож болохгүй гэж хэлмээр байна. Ер нь бол шахах хэрэгтэй, албан тушаалтнуудыг мэдэртэл нь шахах хэрэгтэй. Халуу оргитол нь, тэр арга хэмжээг авах хүртэл шахах л хэрэгтэй. 

Гэтэл өнөөдөр байдал ямар байна? Аудитын байгууллагаас 72 хариуцлага тооцуулах, 415 зөрчил арилгуулах хугацаатай албан шаардлага хүргүүлсэн ч хэн ч үл тоон суусаар байна. Нэг ёсондоо гурван аймгийн Засаг дарга, гурван яамны Төрийн нарийн бичгийн даргад хариуцлага тооцож байсан цаг түүх болж үлдэх нь. Нөгөөтэйгүүр, Шилэн дансны тухай хууль бол албан тушаалтнуудад гэхээсээ илүү ард иргэдэд зориулсан хууль. Хамгийн гол нь бидний мөнгийг эрх баригчид, яам, төрийн захиргааны байгууллагынхан хэрхэн яаж зарцуулж байна вэ гэдэг чухал. Төсөвт төр засгийн мөнгө гэж байхгүй, Засгийн газрын мөнгө гэж байхгүй, УИХ-ын мөнгө гэж байхгүй. Харин бидний, тодруулж хэлбэл, таны татварт төлсөн мөнгө л бий. Гэтэл уг хуулийг мөрдөж эхэлснээс хойш Аудитаар дээрхи олон зөрчил бүртгэгдсэн хэрнээ албан тушаалтанд хариуцлага тооцоогүй, Шилэн дансан дахь мэдээллийн тоо нэмэгдээд байгаа хэрнээ уг хуулийн хэрэгжилт нэг үгээр хэлбэл “Хонь бүрэн чоно цатгалан” гэдгийн үлгэр рүү оржээ. Шилэн дансны хуулийн хэрэгжилтэд хяналт тавих, түүнийг шахах шилэн иргэн ч алга болов.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Шилэн дансны хуулиар төсвийн захиран зарцуулалтанд иргэдийн тавих хяналтыг нэмэгдүүлэх үүрэгтэй гэдгийг МАН-ын гишүүн дарга нар мэдэж байгаа. Тэд хөтлөхгүй байхыг хүсдэг болоод хууль хэрэгжүүлэхгүй байна.

    0 0 Хариу бичих

ЭНЭ ТУХАЙ