Олимпийн дараахь Солонгосын хойг

Элэг нэгтнүүдийн элгэмсэл

БНСУ-ын Пёнчан хотноо болж өндөрлөсөн өвлийн олимп хурцадмал байсан Солонгосын хойгийн уур амьсгалыг зөөлрүүлэв. Умард, Өмнөд Солонгос хамтарсан баг бүрдүүлэн цагаан олимпод оролцсон, олимпийн нээлтэд хамт талбайд гарсан зэрэг нь хүн төрөлхтний эв нэгдлийн их наадмын утга учрыг улам тодотгосон. БНАСАУ ч Пёнчаны олимпод өндөр дээд түвшний төлөөлөгчдөө илгээн элэг нэгтнүүдтэйгээ эв нийцтэй байх хүсэл эрмэлзлээ илэрхийлэв.

Хориг буюу сөрөг алхам

Өнгөрсөн баасан гаригт АНУ-ыын Ерөнхийлөгч Дональд Трамп БНАСАУ-д түүхэнд байгаагүй хатуу хориг тавина гэдгээ зарлажээ. Энэ дагуу АНУ-ын Сангийн яам БНАСАУ-тай холбоотой 56 аж ахуй нэгж болон хувь хүнд хориг тавихаар болсон байна. Энэхүү хатуу хоригоо АНУ-ын эрх баригчид БНАСАУ-ын цөмийн санхүүжилтийг зогсоох алхам гэж тайлбарласан аж.

Энэ удаа АНУ хөлөг онгоцны ачаа тээвэр болон худалдааны 27 аж ахуйн нэгж, 28 хөлөг онгоц, нэг хувь хүнд хориг тавьсан байна. Үүнээс гадна, АНУ-ын Сангийн яам, төрийн департмент, тэнгисийн эргийн сэргийлэлт хамгаалалтын зэвсэгт хүчинтэйгээ  хамтран “Дэлхийн усан замын тээврийн анхааруулга” нэртэй баримт бичиг нийтэлж, БНАСАУ-тай худалдаа наймаа эрхлэгчдэд хориг тавина гэж сэрэмжлүүлсэн юм.  Хоригт хамрагдсан хувь хүн болон аж ахуйн нэгжүүдийн АНУ-ын нутаг дээрх буюу америк иргэний эзэмшилд байгаа хөрөнгийг нь царцааж, АНУ-ын иргэдийг тэдэнтэй арилжаа наймаа хийхийг хориглохоор болсон. Энэхүү хоригтой холбогдуулан БНАСАУ болон БНХАУ сөрөг алхмууд хийхээ мэдэгджээ.

БНАСАУ АНУ-ыг шүүмжлэв

Тухайлбал, БНАСАУ-д шинэ нөхцөлөөр хориг тавьж байгаа нь Солонгосын хойгт дахин сөргөлдөөн, дайн дажин үүсгэх зорилготой гэж БНАСАУ-ын ГХЯ-ны хэвлэлийн  төлөөлөгч өчигдөр мэдэгдэж АНУ-ын эрх баригчдыг зэмлэн буруушаажээ. Тэрээр Солонгосын хойгийн умард, өмнөд хоёр тал яриа хэлцэл хийж, хамтран ажиллах ховор боломжтой болоод байгаа бөгөөд хоёр талын хамтын  хүчин чармайлтаар Пёнчаны өвлийн олимп амжилттай болсон. Харин энэ үед АНУ-ын  тал БНАСАУ-д чиглэсэн их хэмжээний хориг арга хэмжээ авч байгаа нь Солонгосын  хойгт сөргөлдөөн, дайн дажин үүсгэх зорилготой юм. Аливаа битүүмжлэл, хориг  арга хэмжээг БНАСАУ-ын тал дайны өдөөн хатгалга хэмээн үзэх болно. Хоёр  Солонгосын харилцааг сайжруулж, Солонгосын хойгийн энх тайван, тогтвортой  байдалд ахиц гаргах гэсэн БНАСАУ-ын хүчин чармайлтыг АНУ үл хайхран, зориуд  өдөөн хатгалга хийвэл БНАСАУ өөрийн гэсэн арга хэлбэрээр хариу барих болно. АНУ хэрвээ Солонгосын хойгийг дайны ирмэгт аваачвал, түүнээс үүссэн бүх хор уршгийг өөрөө амсах ёстой” гэжээ.

Хятадууд НҮБ-ын шийдвэрийг сануулжээ

“Синьхуа” агентлагийн мэдээлснээр БНАСАУ-тай холбоотой компани, хөлөг онгоц, хувь хүнтэй холбоотой хориг арга хэмжээ авахдаа БНХАУ-ын аж ахуйн нэгж, хувь хүнд ганц талаасаа хориг  тавих, “гараа сунган захирах”-ыг эсэргүүцнэ гэдгээ Хятадын эрх баригчид мэдэгсэн байна. БНХАУ-ын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Гэн Шуан өнгөрсөн бямба гариг буюу хоёрдугаар сарын 24-нд мэдээлэл хийн “Хятадын засгийн газар НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн БНАСАУ-тай холбоотой шийдвэрийг ямагт бүх талаар, хатуу чанга хэрэгжүүлж, өөрийн  олон улсын үүрэг хариуцлагаа хэрэгжүүлнэ. Харин Хятадын ард иргэд болон компани Аюулгүйн зөвлөлийн шийдвэрийг зөрчсөн үйл ажиллагаа явуулахыг огт зөвшөөрөхгүй. Мөрдөн шалгасны дүнд хэрэв үнэхээр НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн шийдвэр болон Хятадын хууль тогтоолыг зөрчсөн байвал Хятадын тал хууль тогтоолын дагуу хатуу чанга шийдвэрлэнэ” гэжээ.

Мөн тэрээр “АНУ-ын тал улсын дотоодынхоо хуулиар Хятадын аж ахуйн нэгж болон хувь хүнд ганц талаасаа хориг тавихыг БНХАУ-ын тал эрс эсэргүүцнэ. Бид холбогдох асуудлаар АНУ-ын талтай хатуу байр сууринаас хандаж, буруу үйлдлээ даруй зогсоож, хоёр талын холбогдох салбарын хамтын ажиллагааг хохироохгүй байхыг шаардсан” хэмээн мэдэгдсэн байна.

Хоёр Солонгосын ойлголцол

БНСУ-ын ерөнхийлөгчийн ордны мэдээнд дурдсанаар энэ сарын  25-ны ням гаригт  ерөнхийлөгч Мүн Жэ Ин Пёнчанд хүрэлцэн ирж өвлийн олимпийн наадмын хаалтад оролцсон БНАСАУ-ын дээд зиндааны төлөөлөгчдийг хүлээн авч уулзан, хоёр  тал нэг цаг үргэлжилсэн хэлэлцээ хийсэн аж.  Уулзалтын үеэр БНАСАУ-ын тал АНУ-тай яриа хэлэлцээ өрнүүлэх “бүрэн хүсэл зорилготой байна” гэдгээ илэрхийлсэн байна. Хөх ордны хэвлэлийн төлөөлөгч Ким Еуй Кёмын танилцуулснаар, Мүн Жэ Ин “Өвлийн олимпийн наадамд БНСУ, БНАСАУ хоёр тал хамтарсан баг бүрдүүлэн тэмцээнд оролцож,  нээлтийн ёслолд хамтдаа талбайд гарч, дэлхий нийтийг догдлууллаа. Хоёр талын  хамтын хичээл зүтгэлээр Пёнчаны өвлийн олимпийн наадам нэг удаагийн энх тайвны  олимпийн наадам болсон” хэмээн тэмдэглэжээ.

Мүн Жэ Ин Өмнөд, Умардын харилцаа улам өргөн хүрээнд илүү их ахиц гаргахыг хүсч  байгаагаа илэрхийлсэн бөгөөд Хойд Солонгосын тал хариу үгэндээ БНАСАУ-ын төрийн зөвлөлийн  дарга Ким Чен Ун ч мөн ийм санаатай байгаа гэжээ.

БНСУ-ын ерөнхийлөгч хэлсэн үгэндээ Өмнөд умардын харилцааг сайжруулж, Солонгосын хойгийн асуудлыг уг үндсээр нь засахын тулд БНАСАУ, АНУ-ын яриа хэлэлцээг эртхэн эхлүүлэх  шаардлагатай гэсэн байна. Үүнийг Хойд Солонгосын тал зөвшөөрөн дэмжиж, БНСУ, БНАСАУ-ын харилцаа БНАСАУ, АНУ-ын харилцаатай холбоотойгоор хамтдаа хөгжих ёстой хэмээн тэмдэглэжээ.

Пёнчаны өвлийн олимпийн сүүлийн гурван өдөр болсон улс төрийн өнгө аястай үйл явдлуудыг тоймлоход ийм байна. Өвлийн олимпийн буухиа Пёнчанаас Бээжинд шилжиж, хүн төрөлхтний эв  нэгдлийн баяр түр завсарлав. Олимпийн дараахь Солонгосын хойгт улс төрийн “хавар” ирэх эсэхийг дэлхий нийт анхааралтай ажиглаж байна.

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Сайхан нэгдчээсэй

    0 0 Хариу бичих