Бээжингийн өвлийн олимп "эхэлжээ"

БНСУ-ын Пёнчан  хотод зохиогдож буй 23 дахь удаагийн Өвлийн олимп энэ сарын 25 буюу ирэх ням гаригт өндөрлөнө. Ингэснээр дөрвөн жилийн дараа болох Бээжингийн өвлийн олимпийн мөчлөг тоологдож эхлэх болно. Өмнөд хөршийнхон 2022 оны Бээжингийн өвлийн олимпод хэдийнэ бэлдэж эхэлжээ. Тухайлбал, 2022 оны өвлийн олимпийн үеэр зохиогдох цасны төрлийн зарим тэмцээний талбайг Жанчхүүд байгуулж байгаа аж. Уг цасны талбайг дөрвөн жилийн дараа болох өвлийн  олимпод бэлдэж, Хятадын онцлогтой "олимпын өв"-ийг үлдээхийн төлөө хичээн ажиллаж  байна хэмээн тус улсын хэвлэлүүдэд бичжээ.

Жанчхүүгийн цасны талбайг засах ажилд АНУ-ын мэргэжилтэн Тайсон уригдан ажиллаж байгаа аж. Тэрээр "Хятадын үндэсний шигшээ багийн тамирчид энэ талбайд дасгал хийж байна. Миний үүрэгт ажил бол "Halfpipe" цасны талбайн өнцгийг олимпийн талбайн жишигт нийцүүлэн, 82 градусын орчимд байлгах явдал юм. Хэрэв энэ хэмжээ нь багадах буюу хэтэрвэл тамирчдын хэвийн үйл ажиллагаанд нөлөөлөх болно" хэмээн ярьжээ. 

"Halfpipe" талбайгаас гадна Чүн Лигийн цанын талбайд Бээжингийн өвлийн олимпийн чөлөөт цана, налуу газраас саадтай буух тэмцээн зэргийг зохиохоор төлөвлөжээ. Бээжингийн өвлийн олимпийн цасан дээрх төрлийн талбайн зураг төслийн болон бүтээн байгуулалтын ажил шуурхай явагдаж байгаа аж. Ми-Юань Юньдин паркийн дэд ерөнхий захирал Шү Вэнь "Бээжингийн өвлийн олимп болохоос дөрвөн жил гаруйн өмнө бид олимпийн тэмцээний талбайн бүтээн байгуулалтаа эхлүүлж, стандарт "Halfpipe" талбайг байгуулж дуусгасан. Агаар дахь ур чадварын бусад тэмцээний талбайн зураг төслийг ч хийж, энэ оноос бүгдийг нь барьж байгуулах болно. Бас хэвлэл мэдээллийн төвийг байгуулна. 2020 оноос өмнө бүх барилга, байгууламжийг барьж байгуулж дуусгана" хэмээн ярьсан байна. 

БНХАУ-ын эрх баригчид 2022 оны Бээжингийн олимпийн бэлтгэлд ихээхэн анхаарал хандуулж байгаа бөгөөд Жанчхүү дэх цанын  талбайдаа олон улсын томоохон тэмцээнүүдийг зохион байгуулж, туршлага хуримтлуулахыг зорьж байгаа гэнэ. Өнгөрсөн нэгдүгээр сард Олон улсын цасан дээрх спортын холбооны чөлөөт цанын ДАШт-ыг зохион байгуулсан нь энэ зорилгынх нь илрэл юм. Ийнхүү хятадуудын хувьд Бээжингийн олимп нэгэнт эхэлжээ. 

Шөнө дунд. Жанчхүүгийн Ми-Юань Юньдин дахь "Halfpipe" цасны талбайд АНУ-ын мэргэжлийн цас мөс арилгагч Тайсон том оврын машин жолоодож, тэмцээний талбайн мөсөн ханыг засч сэлбэж байгаа нь.

Өнгөрсөн 1-р сарын 17-нд 2017-2018 оны олон улсын цасан дээрх спортын холбооны чөлөөт цанын  ДАШТ  "Halfpipe"-ийн талбайд болжээ. Уг тэмцээний эмэгтэй төрөлд түрүүлсэн Австралийн тамирчин Саманц Веллс Бээжингийн олимпийн найдваруудын нэг юм.

 

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)