Зээлээр авах 5.5 тэрбум ам.долларын зарцуулалт

5.5 тэрбум ам.долларын хэдээр нь төсвийн алдагдлыг нөхөх вэ?

Манай улс ОУВС-гийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-т өнгөрсөн оны дөрөвдүгээр сард хамрагдсан. Энэ хүрээнд 5.5 тэрбум ам.долларын санхүүжилтийг ОУВС болон донор орнуудаас авах зээлийн шугам нээгдсэн билээ. Тодруулбал, Азийн Хөгжлийн Банк, Дэлхийн Банк, хоёр талт түншүүд, тэр дундаа, Япон, БНСУ, БНХАУ-аас төсвийн болон төслийн дэмжлэгээр урт хугацаатай, бага хүүтэй, хөнгөлөлттэй нөхцөлтэй зээлийн санхүүжилтийг Монгол Улс авч эхэлсэн.

Хөтөлбөрт хамрагдсаны дараахан эхний ээлжийн зээл болох 38.6 сая ам.долларыг өнгөрсөн оны тавдугаар сарын сүүлээр ОУВС шилжүүлж, Монголбанкны дансанд байршуулсан. Энэ мөнгөний тодорхой хэсгийг төсвийн алдагдлыг нөхөхөд зарцуулсан юм.  

Зээлийн зарцуулалтын талаархи мэдээллийг хүргэе.

-Хоёр тэрбум ам.доллар нь Монголбанк болон БНХАУ-ын Ардын банктай хийсэн юанийн своп хэлэлцээрийг сонгох хэлэлцээрт багтжээ.

-Харин ОУВС-гаас 314.5 сая зээлжих тусгай эрх /ЗТЭ/ буюу ойролцоогоор 434.3 сая ам.долларын зээлийг 15 жилийн хугацаатай олгох юм байна. Ингэхдээ эхний таван жилийн хугацаанд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөж, жилийн хоёр хувиас доош хүүтэй байх юм.

-Азийн хөгжлийн банк 900 сая ам.долларын зээл олгохоос 600 сая ам.доллараар төсвийн алдагдлыг нөхнө.

-300 сая ам.долларын төсөл хөтөлбөрийг санхүүжүүлнэ

-Дэлхийн банк 600 сая ам.долларын хөнгөлттэй зээл /15 жилийн хугацаатай, хоёр хувиас доош хүүтэй/ амласнаас 440 сая ам.доллар нь 2017-2019 онд төсвийн алдагдал санхүүжүүлэхэд зарцуулна

-Японоос  850 сая ам.доллар авна, тодорхой хэсгийг төсвийн алдагдлыг нөхнө.

-Өмнөд Солонгосоос 500 сая ам.доллар авч утаа, агаарын бохирдлыг бууруулахад зарцуулна.  

-Польшоос 50 сая евро авах асуудал яригдаж буй.

Японоос авах хөнгөлөлттэй зээлийн талаар ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар “Бидний өмнө нь авч байсан зээлүүд 5-10 хувийн хүүтэй байсан. Харин Японоос олгох зээл нь өмнөх зээлүүдээс арав дахин бага хүүтэй гэдэг нь зээлийн өрийн дарамтаас гарахад улс орны хөгжилд чухал ач холбогдолтой шийдвэр болж байна” гэв.

БНСУ-аас авах 500 сая ам.долларын талаар Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар “500 сая ам.долларын зээлийн зарцуулалтын төслүүдийн судалгааг БНСУ-аас томилогдох ажлын хэсэг ирэх гуравдугаар сард Монгол Улсад ирж хийнэ. Агаарын бохирдлын эсрэг зарцуулагдах төслүүд тэр дундаа барилга, орон сууц, эрчим хүчний салбарт хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж байна” гэжээ.

ОУВС-ийн хөтөлбөрийн талаар Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Нямаа “Хөтөлбөрийн эцэст тодорхой хэмжээний эдийн засгийн үр дагаврууд гарна. Одоогийн бидний тооцоолж буйгаар эдийн засаг 6-8 хувийн тогтвортой өсөлттэй байна, валютын нөөц дөрөв орчим тэрбум ам.долларын хэмжээнд хүрнэ, мөн инфляци дундаж түвшинд буюу зургаан хувь орчимд хэлбэлзэнэ гэж үзэж байна. Түүнчлэн макро эдийн засгийн тэнцвэр маш сайн хангагдана. Үүний дүнд урт хугацааны өсөлт бий болж, иргэдийн амьжиргаанд сөргөөр нөлөөлж байгаа бүх макро эдийн засгийн тогтворгүй байдал арилна” гэлээ.

Харин СЭЗДС-ийн багш Ж.Дэлгэрсайхан "Болдог бол орж ирж байгаа 5.5 тэрбум ам.долларыг бүгдийг нь эдийн засгийг сайжруулах төсөл хөтөлбөрүүдэд зарцуулмаар байна. Гэтэл өнөөдрийн эдийн засгийн нөхцөл байдлыг бид өөрсдөөсөө болоод хүнд байдалд оруулсан учраас нэмж өр тавихаас аргагүйд хүрсэн. Нэмж өр тавьж байж бид дараа дараагийн зээлүүдийг даван туулах боломж бүрдэж байна. Мөн төсвийн алдагдлыг нөхөхөөс өөр аргагүй болсон. Одоо бид чадах чинээгээрээ эдийн засгийг урт хугацаанд сэргээх, суурийг нь сайжруулах чиглэлд зарцуулах нь энэ Засгийн газрын нэн түрүүний үүрэг хариуцлага. Гарцаагүй төсвийн алдагдлыг нөхөх, өрийн дарамтыг даван туулах зарцуулахаас бусдыг бид эдийн засгийг сэргээхэд ашиглах ёстой. Төсвийн зарлагыг аль болох нөхөхгүй байх хэрэгтэй. Ялангуяа урсгал зардлуудыг, цалингаас бусдыг нь аль болох хэмнэх хэрэгтэй байна. Төсвөө тогтвортой барих шаардлага ч бий. Төсвийн алдагдал, өрийн дарамтаас илүү гарсан гадаад санхүүжилтийг урт хугацаанд эдийн засгийг хөгжүүлэх, нийгмийн үзүүлэлтүүдийг сайжруулах чиглэлд зарцуулах ёстой. Харамсалтай нь бүгдийг нь ингэж зарцуулж чадахгүй. Засгийн газрын мэдээлж байгаагаар 1.5-2.0 тэрбум ам.долларыг нь эдийн засгийг хөгжүүлэх чиглэлд оруулах нь гэж ойлгож байна. Гэхдээ өмнөх алдаагаа давтахгүйгээр зөв салбарт чанартай төслүүдэд хөрөнгө оруулах хэрэгтэй" гэсэн юм. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)