А.Загитовагийн бэлтгэлийг тасалдуулан сэргээшийн шинжилгээ авчээ

Уран гулгалтын эмэгтэй ганцаарчилсан төрөлд түрүүлэх магадал өндөр байгаа ОХУ-ын уран гулгагч Алина Загитовагаас өчигдөр бэлтгэлийг нь таслуулан байж сэргээшийн шинжилгээ авсан нь оросуудын бухимдлыг төрүүлээд байна. ОХУ-ын багийн хөдөлгөөн дэглээч Этери Тутберидзе, Алексей Железняков нар үүнийг Сэргээшийн эсрэг олон улсын агентлаг дээрээс өгсөн даалгаврын дагуу, тамирчных нь амжилтыг бууруулах гэсэн санаатай үйлдэл гэж үзэж байгаагаа шууд илэрхийлсэн. Цаг хагасын дотор авдаг шинжилгээг бүхэл өдөржин авсан нь ингэж хардах үндэслэл болж байна гэсэн үндэслэлийг тэд гарган тавьж буй. Харин ОХУ-ын Уран гулгалтын холбооны ерөнхий захирал Александр Коган дараах зүйлийг ярьжээ.

Тэрээр “А.Загитова бэлтгэлээ эхлээд таван минут болж байхад сэргээшийн шинжилгээ авахаар дуудсан. Түүнээс эхлээд цусны дараа шээсний дээж авсан. Тамирчны шээс хүрэхгүй байсан учраас шингэн зүйл ууж, хүлээх хэрэгтэй болсон. Ийм учраас л дөрвөн цаг хагас болж сунжирсан хэрэг. Бэлтгэлийн үеэр шинжилгээ авсан нь хорлон сүйтгэсэн хэрэг биш. Сэргээшийн шинжилгээнд хамрагдах нь тамирчны үүрэг” гэсэн байна. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)