Тахиа жилийн онцлох үйл явдлууд

Улиран одож буй тахиа жил монголчууд бидний хувьд эргэн дурсах үйл явдал өрнүүн жил байлаа. Дөрвөн жилд нэг болдог Төрийн тэргүүнээ сонгох сонгууль, цаг бусаар амиа алдсан 17 уулчны эмгэнэлт явдал, эдийн засгийн хувьд эргэлт авчрах гэсэн хөтөлбөр гээд энд дурдвал олон үйл явдал өрнөжээ.

МОНГОЛ УЛСЫН ТАВ ДАХЬ ЕРӨНХИЙЛӨГЧӨӨР Х.БАТТУЛГА СОНГОГДОВ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн долоо дахь удаагийн сонгууль өнгөрч буй тахиа жилд болж монголчууд тав дахь Ерөнхийлөгчөө сонголоо. Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгууль нэлээд ширүүн өрсөлдөөн дунд болж өнгөрсөн. АН-аас Х.Баттулга, МАН-аас М.Энхболд, МАХН-аас С.Ганбаатар нар нэр дэвшсэн уг сонгууль түүхэндээ анх удаа хоёр шатны санал хураалттай болсон юм. Эхний шатны санал хураалтад нэр дэвшигчдийн хэн нь ч 50-иас дээш хувийн санал авч чадаагүй. Харин хоёр дахь шатны санал хураалтад АН-аас нэр дэвшигч Х.Баттулга 50.61 хувийн санал авснаар ялалт байгуулж, Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдлоо. Тэрээр хоёр шатны санал хураалтын хоёуланд нь өрсөлдөгчөөсөө 100 мянга гаруй санал илүү авсан. Ингэснээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн сүүлийн гурван удаагийн сонгуульд АН-аас нэр дэвшигч ялалт байгуулаад байна.

ОУВС-ТАЙ ХӨТӨЛБӨР ТОХИРЛОО

Эх орноо өрнөөс салгаж, эдийн засгаа дахин сэргээнэ гэсэн амлалт өгч УИХ-д 65 суудалтай болж ялсан МАН-ынхан эхний арга хэмжээгээ авсан нь ОУВС байлаа. 2016 оны сүүлчээс яригдсан ОУВС-гийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр” 2017 оны тавдугаар сарын 24-нд батлагдсанаар Монгол Улсад нийтдээ 5.5 тэрбум ам.доллар орж ирэх эхлэл тавигдсан юм. Энэ мөнгөний эхлэл болж 118.6 сая ам.долларын санхүүжилт олгогдоод байгаа бөгөөд гурван жилийн хугацаанд хэрэгжих хөтөлбөрийн хүрээнд дээрх мөнгө бүхэлдээ орж ирэх ёстой. Одоогоор Монгол Улсын Засгийн газар хөтөлбөрөөр хүлээсэн үүргээ хангалттай биелүүлж байгаа гэж ОУВС дүгнэж, У.Хүрэлсүхээр удирдуулсан шинэ Засгийн газар ч хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ гэдгээ илэрхийлсэн билээ. ОУВС-тай тохирсон “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хүрээнд Монгол Улс төсвийн бодлогоо эргэж харж, нийгмийн халамжийг танах, татварын орчиндоо өөрчлөлт оруулах, банк санхүүгийн байгууллагадаа шинэчлэл хийх үүрэг хүлээгээд байна.

МАН ХАГАРЧ, ЗАСАГ СОЛИГДОВ

АН-ыг засаглаж чаддаггүй хэмээн ухуулж ирсэн МАН ч 65 суудалтай хэрнээ Засгийн газраа өөрсдөө огцрууллаа. Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг унагах ажлыг гардан гүйцэтгэсэн хүн нь өнөөгийн Ерөнхий сайд У.Хүрэлсүх. УИХ дахь МАН-ын бүлгийн 33:32-ын хуваагдал эхлээд Ж.Эрдэнэбатаас Засгийн газрыг нь, дараа нь М.Энхболдоос МАН-ын даргын тамгыг У.Хүрэлсүхэд авч өглөө. Харин одоо хагарсан намаа буцааж эвлүүлэх хүндхэн үүрэг, унасан эдийн засгаа дахин босгох хэцүү ачаа У.Хүрэлсүхийн нуруун дээр ирээд байна. Тиймээс ч тэр МАН-ын даргын тамгыг авсан даруйдаа “Энэ мөчөөс эхлэн 33:32 гэсэн яриа эцэс болсон” гэж мэдэгдсэн билээ. Өөрөө УИХ-ын гадна талд байгаа учраас Засгийн газраа бүрдүүлэхдээ ч сайд нараа бүгдийг нь УИХ-ын гишүүдээс томилсон. Харин энэ бүх томилгоо нь У.Хүрэлсүхийн хэлж байснаас илүүтэй 33:32 гэж хуваагдсан УИХ дахь МАН-ын гишүүдэд хувь тэнцүүлэх зарчмаар хийгдсэн бөгөөд МАН-ын Бага хурал, Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд ч нэг намын “хоёр бүлэг” хүчний харьцаагаа “33:32”-оороо хадгалж үлдээд байгаа юм.

“ГОВИЙН ГАЙХАМШИГТ-6” ТАВУУЛАА ҮЛДЭХ ШАХЛАА

Заан, ирвэс, арслан, хирс, усны үхрийг Африкийн “BIG-5” гэж нэрлэдэг шиг Байгаль орчин, аялал жуулчлалын яам 2016 оны есдүгээр сард бөхөн, хавтгай, хулан, мазаалай, тахь, хар сүүлт гэсэн зургаан амьтныг “Говийн гайхамшигт-6” буюу “Great gobi-6” хэмээн нэрлэх болсноо танилцуулсан юм. Энэ нь ховорт тооцогддог дээрх амьтдыг хамгаалах, олон нийтэд сурталчлан таниулах зорилготой санаачилга байлаа. Гэвч үүнээс хойш хэдхэн сарын дараа “Говийн гайхамшигт-6” тавуулаа болох шахсан. Учир нь, бөхөнгийн сүрэг халдварт мялзан өвчинд нэрвэгдэж олноороо үрэгдсэн юм. Энэ нь Монгол Улс төдийгүй дэлхий нийтийн анхаарлыг татсан харамсалтай тохиолдол байлаа. Аймшигт мялзан өвчнийг зогсоосны дараа буюу өнгөрсөн дөрөвдүгээр сард Дэлхийн байгаль хамгаалах сан, Говь-Алтай аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар хамтарсан тооллого хийхэд нийт бөхөнгийн 53.4 хувь нь хорогдож 4700 орчим бөхөн үлдсэн нь тогтоогдсон. Ийнхүү бөхөнгийн сүргийн 50-иас илүү хувийг авч одсон аймшигт мялзан өвчин тахиа жилийн мартаж болохгүй харамсалтай тохиолдлын нэг байлаа.

ТҮЙМЭР УНТРААХАД ЗОРИУЛЖ 230 САЯ ТӨГРӨГ ХАНДИВЛАЖЭЭ

Энэ онд улсын хэмжээнд 101 удаагийн ой хээрийн түймэр гарч 38821.3 га ой, 27687 га хээрийн талбай түймэрт өртсөн гэсэн тоо байна. “Зуны саруудад 20-30 хэм хүрч халж, хур тунадас багатай, салхины хурд нэмэгдэж байсан нь түймрийн нөхцөл байдлыг хүндрүүлж байна” гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээлж байв. Нийт гарсан түймрийн 96 хувь нь хүний буруутай үйлдлээс үүдэн гарсан гэж ОБЕГ-аас мэдэгдсэн юм. Түймрийн голомт дээр Онцгой байдлын албанаас 337 алба хаагч, 30 автомашинтайгаар, орон нутгаас 331 иргэн, 20 автомашинтайгаар, Зэвсэгт хүчнээс 238 алба хаагч, 14 автомашин, Хилийн цэргийн дөрвөн албан хаагч, ХХДЦГ-аас 12 ажилтан нийт 922 хүн, нэг нисдэг тэрэг ажиллаж түймрийг цурманд оруулан, улмаар бүрэн унтрааж ажилласан юм. Түймрийн голомтод ажиллаж байгаа алба хаагчдад хүргэх, Онцгой байдлын албанд дэмжлэг үзүүлэх зорилгоор төрийн болон төрийн бус байгууллага, иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд эд материалын болон мөнгөн хандив цуглуулах аян өрнөв. ОБЕГ-ын нээсэн хандивын дансанд 84 иргэний 32.471.835 төгрөг, 34 төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн 197.367.971 төгрөг, нийт 229.839.806 төгрөгийн мөнгөн хандив цугларчээ. Үүнээс гадна иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудаас цэвэр ус, талх, ундаа, бэлэн хоол зэрэг хүнсний бүтээгдэхүүн, гутал, бээлий, цамц, хүрэм, өмд, малгай зэрэг хувцас хэрэглэл, усны сав, галын гөвүүр, галын хор, амны хаалт, үлээгүүр зэрэг багаж, тоног төхөөрөмж, явуулын эмийн сан, эм, ороох боох материал зэрэг боломжит бүхий л зүйлийн хандив, тусламж үзүүлжээ.

ЦАЛИНГАА НЭМҮҮЛЭХ “ХӨДӨЛГӨӨН”

Сургууль, цэцэрлэгийн багш нар цалингаа нэмэгдүүлэхээр Засгийн газарт шаардлага хүргүүлэв. Мөн тэдний төлөөлөл Багш нарын цалин нэмэгдүүлэх түр хороог байгуулсан юм. Улмаар Багш нарын цалин нэмэгдүүлэх түр хороонд нэгдсэн ЕБС-иуд есдүгээр сарын 21-нээс ажил хаялт зарлав. Ажил хаялтад улсын хэмжээнд 70 мянга орчим багш буюу ерөнхий боловсролын 650 сургууль, 850 цэцэрлэг, 36 МСҮТ-ийн багш нар нэгдсэн байна. Тэдний тавьж буй шаардлага болох сарын цалингаа 1.6 сая төгрөг болгох асуудалд ЗГХЭГ-аас “Эхний ээлжинд 30 хувиар нэмэгдүүлэх боломжийг судалж байгаа” гэсэн хариулт өгсөн.

Багш нарын цалингаа нэмүүлэхийг шаардсан жагсаал, ажил хаялтад эмч нар нэмэгдэж, мөн 50 хувиас доошгүй хэмжээгээр цалингаа нэмэгдүүлэх хүсэлтэйгээ зарласан. Цалин нэмэгдүүлэх хөдөлгөөнд соёл урлагийн салбарынхан ч нэгдэж буйгаа илэрхийлэв. Харамсалтай нь ОУВС-тай хамтран хэрэгжүүлж буй хөтөлбөрийн хүрээнд 2019 он хүртэл цалин нэмэхгүй байхаар гэрээнд тусгаснаас Засгийн газар багш, эмч нарын цалинг нэмэгдүүлэх боломжгүй нөхцөл үүссэн гэдгийг тайлбарлан 300 мянган төгрөгийг Төрийн албан хаагчдад үр дүнгийн урамшуулал нэрээр олгохоор болов. Ажил хаялт зогссон хэдий ч 2018 онд цалинг нь 50 хувиар нэмэхгүй бол тэмцлээ үргэлжлүүлнэ гэдгээ багш, эмч нар мэдэгдсэнээр энэ асуудал түр намжсан билээ.

ОТГОНТЭНГЭР УУЛАНД 17 УУЛЧИН ОСОЛДОВ

Завхан аймгийн Отгон сумын Буянт багийн нутаг Отгонтэнгэр ууланд Уулын спортын мастер Н.Сүрэнжаваар ахлуулсан 27 иргэн авиралт хийгээд буух явцад цасан нуранги үүсч, 17 уулчин сураггүй болсон тухай дуудлага 2017.10.22-ны 14:30 цагт Завхан аймгийн Онцгой байдлын газарт иржээ. Эрэн хайх ажиллагааг шуурхай эхлүүлж, гурван өдөр үргэлжилсэн эрэн хайх ажиллагааны дараа сураггүй болсон уулчид бүгд осолдож нас барсан гэх харамсалтай мэдээг дуулгав. Отгонтэнгэр хайрханд авирсан уулчдын ослын шалтгааныг хайрханы огцом өндөр талаас буухдаа том хэмжээтэй мөсөн хавтантай хамт унасан гэж тайлбарлав. Ойролцоогоор 700 метрийн өндрөөс ангал руу унасан тэдний ард явсан уулчид “Урд явсан уулчид цастай хамт цөмрөн унасан” гэж мэдэгдсэн байдаг. Байдал бишидсэнийг гадарласан 10 уулчин эрсдэлтэй замыг тойрон буцаж алхан уулнаас буусан гэдэг.

Аврагчид осолдсон иргэдийн цогцсыг 3200-3400 метрийн өндрөөс буулгажээ. Уулчид осолдсон уг хэрэгт Улсын Онцгой байдал, Цагдаа, Зэвсэгт хүчний байгууллагаас 108 алба хаагч, эмнэлгийн байгууллагаас 23 ажилтан, бусад байгууллагаас 55 иргэн, нийт 196 хүн, 27 автомашин, хоёр нисдэг тэрэгтэйгээр үүрэг гүйцэтгэсэн байна.

НИЙГМИЙГ ЦОЧРООСОН ХҮЧИРХИЙЛЛИЙН ХЭРГҮҮД

Улирч буй тахиа жилд бага насны хэд хэдэн хүүхдийг хүчирхийлсэн сэтгэл эмзэглүүлсэн хэрэг гарлаа. Сүүлийн жилүүдэд хүүхдийн хүчирхийлэл нэмэгдэж байгааг судалгааны байгууллагынхан халаглан өгүүлж, энэ асуудалд төр онцгой анхаарах хэрэгтэйг сануулж байв. Үнэндээ насанд хүрээгүй хүүхдүүдтэй зүй бусаар харьцсан энэ мэт үйлдлүүд нийгмийг цочроолоо. Сэтгэл өвтгөсөн өөр нэг тоо бол 2016 онд 2-7 насны 298 хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртсөн гэх судалгаа байна. Үүнээс 295 нь эмэгтэй, 3 нь эрэгтэй. Энэ бол зөвхөн цагдаад шалгагдсан хэрэг. Үүний цаана ар гэрийнхэн нь нуугаад, тухайн хүүхдийн ирээдүйг бодоод хав дараад өнгөрч байгаа тохиолдол олон гэдгийг энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудын төлөөлөл хэлж байсан юм. Мэдээлэл нь ил болж байгаа нь энэ боловч хүчирхийлэл нууц далд оршсоор байгааг тэд мөн хэлж байлаа. Хүүхдийн хүчирхийллийн асуудалд УИХ-ын гишүүд болон хууль хяналтын байгууллага ажлын хэсэг гарган ажиллаж эрүүгийн хуулиа чангатгах шаардлага байна гэдгийг олон нийт хэлж, сошиал ертөнцөд шүүмжилж байв.

УТАА, УТАА, УТАА...

Улаанбаатар дахь яндангийн тоо нэмэгдэхийн хэрээр агаарын бохирдол асуудал болоод мөдхөн 20 жил болох нь ээ. Хором бүрт амьсгалах агаарыг бохирдуулж, эрүүл мэндэд ноцтой хохирол учруулж буй энэ асуудлыг төр, засаг хүртэл гамшгийн хэмжээнд хүрснийг хүлээн зөвшөөрч иргэд анх удаа гудамжинд жагссан нь улмаар “Боож үхлээ” хөдөлгөөн, “Утааны эсрэг ээж, аавууд” ТББ бий болгоход хүргэсэн нь улирч буй оны онцлох үйл явдлын нэг мөн билээ.

Өнгөрсөн жилүүдэд сайжруулсан түлш, утаагүй зуух, цахилгаан халаалт гэхчлэн олон янзын шийдлийг туршиж, агаарын чанарыг хэмжин мэдээлэх болсон ч агаарын бохирдол, утааны сэдэв нийслэл хотод улам бүр хүндрэлтэй асуудал болоод байна. Арга барахдаа Нийслэлийн Засаг дарга шилжилт хөдөлгөөнд хориг тавьж, 30 мянган өрх шилжин ирдэг байсан Улаанбаатарт өнгөрсөн онд ердөө 8000 өрх ирлээ гэсэн юм. Гэвч энэ нь зөвхөн бүртгэлтэй иргэдийн тоо бөгөөд бүртгэгдээгүй яндан чухам жилд хэд нэмэгдсэнийг хэн ч хэлж мэдэхгүй байна.

Ямартай ч олон янзын технологи туршсанаар агаарын бохирдолд бага ч гэсэн нөлөө үзүүлдэг байсан бол одоо зуух ч үгүй, түлш ч үгүй, орон сууцжуулах хөтөлбөрөө ч “гацааж” гагцхүү “амь, амиа бодоорой” гэх шиг маск зүүхийг тэмцэгчдээс эхлээд Засгийн газрын тэргүүн хүртэл уриалж эхлэв. Нэгэнт нэг жил, гурван жил, таван жил нэг л аргаар тэмцээд шийдэж чадахгүй эл асуудлыг урт хугацаанд төлөвлөгөөтэй, богино хугацаанд тасралтгүй хийх ажилтайгаар л давахгүй бол улирч буй оных шиг маск тараагаад л суугаад байвал утаа улам нэмэгдэхээс биш асуудал биднээс холдохгүй.

“ЭРДЭНЭТ” ТОЙРСОН ЭЭДРЭЭТЭЙ ШИЙДВЭРҮҮД

УИХ уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг төрийн мэдэлд авах тогтоолыг өнгөрсөн хоёрдугаар сарын 10-нд баталсан. Уг тогтоолын дагуу Монгол Улсын Засгийн газар Улсын бүртгэлийн ерөнхий газарт “Эрдэнэт” үйлдвэрийг 100 хувь төрийн эзэмшилд бүртгэж, мөн компанийн ТУЗ-ийн гишүүдийг 100 хувь төрөөс томилсон билээ. Өнгөрсөн хугацаанд “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн 49 хувийг эзэмшдэг “Монголиан коппер корпорейшн” өөрсдийнх нь хувийг төрд шилжүүлэн авах тухай Засгийн газрын тогтоол хууль зөрчсөн гэж үзэж шүүхэд гомдол гаргаад байсан юм.

Тэгвэл арванхоёрдугаар сарын эхээр Улсын Дээд шүүхийн иргэний хэргийн хяналтын шатны шүүх хуралдаанаар “Монголиан коппер корпорейшн” ХХК-ийн нэхэмжлэлийг хэлэлцэж “Эрдэнэт” үйлдвэрийг 100 хувь төрийн эзэмшилд бүртгэсэн улсын бүртгэл болон ТУЗ-ийг 100 хувь төрөөс томилсон шийдвэр нь хууль зөрчсөн гэж шийдвэрлэлээ. Хамгийн сонирхолтой нь үүний өмнө Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн хяналтын шатны шүүх яг эсрэг буюу Засгийн газрын талд шийдвэр гаргаж байсан юм. “Эрдэнэт” тойрсон эргэлзээтэй шийдвэрүүд үргэлжилсээр байна...

ЭЛЭГ ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ ХАГАЛГААНЫ ЗАРДЛЫГ ТӨР ДААДАГ БОЛОВ

Эрүүл мэндийн сайд асан А.Цогцэцэгийн санаачилсан “Эрхтэн шилжүүлэн суулгах (элэг, бөөр, ясны чөмөг) мэс заслын зардлыг төрөөс хариуцуулах” асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж батлав. Тахиа жилд болсон үйл явдлууд дундаас элэг шилжүүлэн суулгах хагалгааны зардлыг төр бүрэн даахаар болсон гэдэг мэдээ хамгийн гэрэл гэгээтэй нь байлаа. Манай улс элэг шилжүүлэн суулгах мэс заслыг 80-85 сая төгрөгийн өртөгтэйгөөр хийж ирсэн бөгөөд жилд дунджаар 30 орчим хүн санхүүгийн болон донорын хүртээмжгүй байдлаас болж элэг шилжүүлэн суулгах мэс засалд орж чадахгүй хүлээгдэж байгаа юм. Элэгний хорт хавдар монголчуудын нас баралтын тэргүүлэх шалтгаан болж, нийт нас баралтын 15 хувийг эзэлдэг гэсэн сэтгэл эмзэглүүлэм тоо бий. Энэ нь элэгний хорт хавдар, хатуурлын улмаас манай улсад жилд дунджаар 2600 хүн нас барж байгаа гэсэн үг юм.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)