Нүүрстэй статистик

Манай сайт 2018 он гарахын өмнөхөн “Эрдэс баялагтаа дулдуйдсан ирэх жилийн төсөв” гэсэн нийтлэлийг уншигчдадаа хүргэж байв. Уул уурхайгаа хараат эдийн засагтай улс орны хувьд яах аргагүй эрдэс баялгийн салбарынхаа аяыг харж бүсээ чангалах үгүйгээ шийдэх болдог нь бидний хувьд зовлон, бас жаргал юм.

Уул уурхайн бүтээгдэхүүний олборлолт сайжирч, дэлхийн зах зээл дээр эрдэс баялгийн үнэ өсөх юм бол эдийн засаг тэлээд ирнэ. Эсрэгээрээ болчих юм бол хямрал үүснэ. Ийм л хоёр туйлын дунд монголчууд бид улсаараа савлаж байна.

Үндэсний статистикийн хороо сар шинийн босгон дээр ээлжит мэдээллээ танилцуулсан. Уг мэдээллээс харахад л дээр өгүүлсэн дүр зураг бодитоор тодорно.   

Манай улс өнгөрсөн нэгдүгээр сард дэлхийн 98 улстай худалдаа хийснээр гадаад худалдааны нийт бараа эргэлт 785 ам.долларт хүрчээ. Экспорт нэгдүгээр сард өмнөх оны мөн үеэс 1.1 хувиар буюу 4,7 сая ам.доллараар буурсан байна. Ийнхүү экспорт буурахад эрдэс бүтээгдэхүүний экспорт 23.7 сая ам. доллар, тэр дундаа нүүрсний экспорт 31.2 сая ам. доллараар буурсан нь голлон нөлөөлсөн аж.

Түүнчлэн гадаад худалдааны тэнцэл 2017 онд 151.4 сая ам. долларын ашигтай гарч байсан бол өнгөрсөн нэгдүгээр сард өмнөх оны мөн үеэс 88.6 сая ам. доллар буюу 58.6 хувиар буурсан үзүүлэлт гарсныг ҮСХ-ноос гаргасан тайланд дурджээ.

Ийнхүү гадаад худалдааны тэнцэл өнгөрсөн нэгдүгээр сард жилийн өмнөхөөс 60 орчим хувиар буурсан нь анхаарал татаж байна.

Мэдээж эрдэс баялагтаа дулдуйдсан эдийн засаг ийм хэврэг байдгийн жишээ энэ. 2018 он гарсаар уул уурхайн бүтээгдэхүүний экспорт яагаад буурав. Тэр тусмаа нүүрсний экспорт 31.2 сая ам.доллараар буурсны шалтгаан юунд байв. Үүнд захын хүн энгийн хар ухаанаар хариулчихна. Манай улсын нүүрсний цорын ганц хэрэглэгч буюу зах зээл нь өмнөд хөрш БНХАУ. Тиймээс хятадуудын коксжих болон хүрэн нүүрсний хэрэглээ их, зах зээлийн үнэ өндөр байвал бид башийгаад явчихдаг. Харин өмнөд түншүүд зангаа хувиргаж, аашаа үзүүлээд эхэлбэл шалдаа бууна.

Нийгэм, эдийн засаг болон төсөвт үзүүлж буй уул уурхайн салбарын нөлөө жилээс жилд нэмэгдэж байгаа болохоор энэ байдал улам л лавширч байна. Овсгоо самбаа гаргаж, ухаан зарж нүүрсний наймаагаа ашигтайхан хийхгүй бол болохгүй нь ээ гэдгийг өнгөрсөн нэгдүгээр сарын статистик харууллаа.

Энэ жилийн улсын төсвийн нийт орлогын 22 хувийг алт, нүүрс болон зэс, цайрын баяжмал, төмрийн хүдэр болон бусад ашигт малтмалын орлогоос бүрдүүлэхээр төлөвлөсөн. Гэтэл төсвийн гол орлогыг бүрдүүлэх импортын бүтээгдэхүүн нүүрс маань гадаад зах зээл дээрх борлуулалт нь саарах шинж ажиглагдаж, оны эхний сард хатуухан дохио өгөв.

Улсын төсөвт тусгаснаар манай улс 2018 онд 28 сая тонн нүүрс экспортолно. Нэгдүгээр сарын прогнозоос харахад нүүрсний экспортыг энэ хэмжээнд хүргэхэд нэлээд хүнд байх бололтой. Ингэж хэлэх үндэслэл хэд хэд бий. Өнгөрсөн оны долдугаар сараас хойш нүүрсний экспорт огцом буурсан. Энэ таагүй үзүүлэлт 2018 онд мөн үргэлжлэх магадлалтай.

БНХАУ хилийн боомтууд дээрх нүүрсний хяналт, шалгалт, стандартаа чангатгаж байгаа. Түүнчлэн агаарын бохирдолтой тэмцэх ажлын хүрээнд БНХАУ-ын эрх баригчид умард нутгийн хотуудынхаа нүүрсний хэрэглээг эрс бууруулах алхам хийж байна. Тухайлбал, БНХАУ-ын коксжих нүүрсний эрэлт аажмаар буурна гэсэн судлаачдын таамаг бий. Учир нь агаарын бохирдолтой тэмцэх зорилгоор өмнөд хөршийнхөн хүнд үйлдвэрүүдийнхээ үйл ажиллагааг хязгаарлаж байгаа тул төмөрлөгийн үйлдвэрлэлийн гол орц болох коксжих нүүрсний эрэлт буурч байгаа аж. Тодорхой баримт дурдвал хятадууд 2016 оноос 2020 оны хооронд барихаар төлөвлөж байсан 150 гигаваттын хүчин чадалтай нүүрсний цахилгаан станцуудаа цуцалж байгаа юм байна. Мөн 20 гигаваттын хүчин чадалтай хуучирсан станцуудаа хаах юм байна.

Энэ бүхэн нүүрсний экспортын орлогод сөргөөр нөлөөлж болзошгүй эрсдэлт хүчин зүйл гэж уул уурхайн салбарын шинжээчид үзэж байна. Уул уурхайн эдийн засгийн оны эхний дүр төрх нэг ийм. Нүүрсэнд найдаад хэрэггүй гэдгийг оны эхний статистик хэлээд өглөө. Гэхдээ эрдэс баялгийн салбарт эерэг мэдээ, итгэл найдвар бас бий. Алтны олборлолт, тушаалтыг нэмэгдүүлж Монголбанд тушаах алтны хэмжээг жилд 20 тоннд хүргэх зорилттой байгаа нь эдийн засагт эерэгээр нөлөөлнө. Мөн “Оюутолгой”-н баяжмал дахь алтны хэмжээ нэмэгдэж байгаа, Засгийн гаар “Алт-2” хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн гэдгийг тооцвол алтны статистик бас ч муугүй гарахаар байна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)

  1. UURHAIN NOOTSIIG TOOCHIJ SHUUMJILSEN NIITLELEES ZALHAJ BNA

    0 0 Хариу бичих
  2. Eagle tv худалдагдсан ТВ гэж харж байна. Хүзүүгүй хүнийг буухаас нь өмнө ямар их магтлаа. Төрийн тэргүүний ард түмэндээ мэндчилгээ дэвшүүлснийг биш харин их хурлын даргыг л баахан рекламдлаа. Хүрэлсүхийн бараа сураг бол бүр байхгүй. Мэдээллийн эрин зуунд тархи угаах хэрэгсэл болж байгаа бол тэнд ажиллаж байгаа сэтгүүлч нэртэй янханууд хэвлэлийн эрх чөлөө гэж мянга яриад утгагүй юм. Он гараад нүүрсний экспорт буурлаа л гэнэ. 2018 он өөдлөхгүй л гэнэ. Шатахууны үнэ өсөөд ааруул махны үнэ дагаад өслөө ч гэх шиг. ТВ нэртэй улстөрийн бууны нохой хийх хэрэг байна уу

    0 0 Хариу бичих
  3. medee unshlaa. 4-5 ug usgiin aldaa bna. medeegee hyanaad niitelj baimaar yum.

    1 0 Хариу бичих