Мандал өргөх ёслолд төрийн түшээд ирсэнгүй

Бурхан шашинтны төв Гандантэгчилэн хийднээ XVII жарны “Тийн унжлагат” хэмээх Шороон нохой жилийн хаврын тэргүүн сарын шинийн нэгний өглөө уламжлал болон Балданлхамыг залах, Мандал өргөх ёслол боллоо. Мандал өргөх ёс нь бурхны шашны нийт бясалгалын журам мэт чанарыг хураахын үүднээс үйлддэг "Хилэнцийг арилган буяныг хотол төгс болгоход оньс ихтэйг" сударт нэгэн дуугаар номлосон чухал зан үйлийн нэг юм. Мандал өргөх ёслолд төрийн зүтгэлтэн, ихэс дээдэс хүрэлцэн ирж, ирж буй жилд ард түмнийхээ төвшин амгалан, эрүүл энх, сайн сайхан, элбэг хангалуун байдлыг даатгадаг уламжлалтай. Харин өнөө жилийн Мандал өргөх ёслолд төрийн түшээдээс хүрэлцэн ирээгүй бөгөөд Гандантэгчинлэн хийдийн тэргүүн хамба лам, гавж Д.Чойжамц тэргүүтэй лам хуврагууд сүсэгтэн олны хамт Мандал өргөлөө.

Н.Чимэгрэгзэн: Би 14 настай. Хийдэд шавилан суугаад таван сар болж байна. Бусад ламаахай нарын хамт өдөр бүр хийддээ ном хурдаг ч энэ удаагийн хурал хамгийн онцгой нь. Яагаад гэхээр битүүний өдрөөс эхлэн сар шинийн шинийн 15-ныг хүртэл үргэлжилдэг том хурал. Мөн өнөөдөр хамгийн том номууд хурж ирэх жилд хамаг амьтны сайн сайхныг даатган хурж байна. Би анх удаа цагаан сарын баярыг гэрээсээ хол тэмдэглэж байгаа болохоор энэ удаагийн цагаан сар их өөр хэрнэ гоё санагдаж байна.  Би шавилан сууснаасаа хойш 11 ном сурсан. Энэ хуралд миний мэддэг гурван ном айлдагдлаа. Би маш их баярлаж хамгийн сайнаараа, даган уншсан. Хуралд айлдагдах бүх номыг сурахад дөрвөн жил шаардлагатай гэсэн. Гэхдээ би тэрнээс өмнө сураад Сар шинийн хурлаар бүгдийг нь даган уншихыг хүсэж байгаа.

Ж.Одгарьд: Гандантэгчилэн хийд түүхэн уламжлалын дагуу битүүний өдөр олон Балданлхам сахиусыг залж. Шинийн нэгний өглөө Балдангомбо сахиустай шинэ жилийн тахилаа өргөж энэ жилийн үйл хэрэг бүгдийг даатгах зан үйл үргэлжилж байна. Уламжлал ёсоор Гандантэгчилэн хийд, дацангууд зан үйл, хурал номуудыг үйлдэнэ. Хамгийн онцлогтой нь энд Гандантэгчилэн хийдийн нийт лам хуврагууд Балданлахм сахиусны Цэдэрлхамдаа хурж нийт сүсэгтэн олон ирж мөргөл хийн өөр өөрсдийн гэртээ очин битүүлж, түүний дараа хүрээ хийддээ ирж мөргөл гороо хийдэг уламжлалтай. Балданлхам сахиусыг эртний хуучин болон шинэ янгаар тахиж, үйлсийг даатгаж, өөрсдийн алдаа тэргүүтнийг наминчилан залбирал даатгалаа өчиж,  магтаал дуулал үйлддэг. Үүний дараа хүрээ хийдийн лам хуврагууд билэг дэмбэрлээ бүрдүүлэн ном хэлэлцэж, шинэ жилийн мандал өргөдөг. Энэ үеэр төрийн зүтгэлтэн ихэс дээдэс заларч ард түмнийхээ буян заяаг даатгасны дараа золголт эхэлдэг. Ингээд шинийн 1-15-ныг хүртэл 15 өдөр бурхан багшийн эрд хувилгаан үзүүлсэн их дүйчин өдөр, хурал номын зан үйлүүд, өглөө бүр 09:00-16:00 цагийн хооронд бүх дацангуудад ном хурдаг.

Ж.Дамдинсүрэн: Битүүний шөнөөс хурж эхэлдэг хурал номд сүүлийн таван жил гэр бүлийн хамтаар сууж, хурал даган баясаж байна. Энэ хуралд сууж Арван хангал хэмээх номыг сонсдог. Битүүний шөнийн ном бол жилд ганц удаа хурдаг хамгийн том хурал хэмээн эхнэр, хоёр охины хамтаар ирж сүсэглэдэг. Сайн сайхан бүхнийг хүсэн ерөөсөн хурал номонд сууснаар тухайн жилдээ ажил амьдрал бүх зүйл өөдлөн дэвжиж, сайн сайхан байдаг.  Монголын ард түмэндээ ирж буй жилдээ элгээрээ энх амгалан төрлөөрөө төвшин амгалан сар шинэдээ сайхан шинэлэхийн өлзийтэй сайхан ерөөлийг өргөе.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (5)

  1. манай Монголчууд шиг сонин Зан ааштай 2 нүүртэй , хэт туйлширамтгай Ард түмэн, Үндэстэн ховордоо, Төр, Шашин 2-ыг хослуулж болохгүй ч гэх шиг, Аль нэг Төрийн Тахилгатай уул овоог Тахихдаа Төр Шашин 2 хослоод л Тахидаг биздээ, Энгийн Бид ч гэсэн аливаа Өвчин зовлон тусч , гай барцад тохиолдоход Лам дээр, очиж ном уншуулдаг, Нас барагсадынхаа Хойтохын буяныг бодож уншуулж Хойтохын даатгуулдаг, Цагаан сар болоход бас л Лам дээр очиж Засал суудлаа засуулдаг ингээд бодохоор Төр, Энгийн Мануус ч Шашинтайгаа яалт үгүй холбогддог шүү дээ, Шашинаа дээдэлдэггүй Улс орон гэж үнэхээр ховор, Шашин шүтлэгээ хамгаалж Улс орнууд хүртэл хоорондоо Дайтаж байна, ОХУ-ын Төрийн тэргүүн Путин хүртэл Шашинаа хүндэтгэж ёс жаягаа дагаж Харзны усанд орж байхыг харсан шүү дээ, Төр нь Шашинаа Хүндэтгэж , Шашин нь Төрөө хүндэтгэж байх юм юу болох юм юу ч болохгүй шүү дээ,

    0 0 Хариу бичих
  2. шашин төр хоёр хутгалдвал улс орон юу болдог билээ

    0 0 Хариу бичих
  3. заавал очих алба байна уу.улсын их хурлын хуралдаанд лам нараас ирсэнгүй гэвэл ямар сонсогдох бол

    0 0 Хариу бичих
  4. Тэнэглэлдээ заавал улс төрчдийг татах ямар хэрэг бн

    0 0 Хариу бичих
  5. ШАШИН ТӨР 2 ТУСДАА БАЙХ ЁСТОЙ. ЭБИ ЭНЭ ТАЛ ДЭЭР ИХЭЭХЭН АЛДАА ГАРГАСАН

    2 0 Хариу бичих