Санаанаас гардаггүй цагаан сар

Хаврын урь, илч муутай ч нүд гялбуулах наран авхай, захаасаа хайлах цас, гэрийн дээврээс хайлж бөнжигнөх усан дусал, нялх төлийн дуутай хөдөө нутгийн Цагаан сар цаанаа л сэтгэлд хадаатай.

Одоо ч тэр үеийнх шиг эд бараа ховор бус сонголт ч арвин болж. Хот суурин газрынханд сар шинийн баяртай холбоотой янз бүрийн сурталчилгаа түгж, ганц өдрийн дотор л бүх зүйлээ бэлдэх боломж бүрджээ. Аливаа зүйл хялбар болох тусам хүн гэдэг дурсамжаараа амьдарч, тухайн цаг үеэрээ аялах мэдрэмж төрдөг ч юм шиг.

Хүүхэд насны Цагаан сар санаанаас гардаггүй юм. Цагаан сар дөхөөд ирэхээр гэр орноо цэвэрлэж, хивс дрожоо цасан дээр гөвж, өнгө оруулахын тулд цас асгаад шүүрдэж, бүр болохгүй бол цасаар үрж, гадаа хонуулна. Унь, тооноо угааж, туурга, дээврийнхээ тоосыг буулгах их ажилд хуваарилагдана. “Угааж цэвэрлэ гэснээс хиртэй нь зууралдуул” гээгүй гэж загнуулж “шийтгэл” хүртнэ. Шийтгэл нь мод хөрөөдөлцөх ажил. Чийгтэй хар мод хөрөөднө гэдэг миний хувьд хүнд даваа. Хөрөө зуугаад явахгүй, мод хөрөө хоёрынхоо завсар ус хийж татах “мэргэн” арга олсон ч нойтон модон дээр ус асгаж хөлдөөлөө гэж бас л зэмлүүлнэ. Уг нь ус хийвэл хөрөө мод хоёр барьцалдахгүй, шунгинадаг юм шүү дээ. Зэмлүүлсэн ч Цагаан сараар айлуудаас бэлэг авна, гоё амттан иднэ хэмээн тайтгардаг гэгэлгэн гэгээн үе хүүхэд насны нандин дурсамж болж үлджээ.

Цагаан сарыг далимдуулж мөс зөөх ажил хамгийн сайхан нь. Хөдөөд сар шинийн гурван өдөр ус зөөхгүй, түлээ хагалахгүй байдаг тогтсон “заншилтай”. Мөс зөөх нэрийдлээр хацраа хайрагдтал гулгаж байгаад харуй бүрийтэй уралдаж гэрийн бараа хардаг тийм цагаахан үе одоо ч хөдөө сумын багачуудад бий болов уу. 

Цагаан сарын тавгийн боов бэлдэх бас л нүсэр ажил. Хэвийн боов нүдний гэм учраас мушгиа /гүрмэл/ боов хийнэ. Хэнийх нарийн гүрмэл хийсэн байна гэдэг нэг талын шалгуур ч гэж хэлж болно. Мушгиа боовныхоо гурилыг дундуур нь таслахгүй имэрнэ гэдэг бас л хөдөлмөр шаардсан ажил. Үгүй тэгээд гараа чилтэл тэгж гурил имэрснийхээ “шан харамжин”-д мушгианаасаа хугалж идэх эрх олгодоггүй байсан нь сонин шүү. Сонин гэхээсээ гомдолтой санагддаг юм. Аав, ээж мушгиаг хажуунаас нь хугалаад авчихвал үзэмжгүй харагдана, бүтэн байх ёстой гэж лүндэн буулгана. Гэхдээ л хугалж идэх ёстой байсан......

Хэдий хаврын урь орсон ч хөдөөд цастай, цанатай, манантай, жавартай. Өвөл гэж ийм л байдаг гэдгийг мэдрүүлдэг ахан дүүсийг цуглуулж, амар мэндээ айлтган мэдэлцдэг Монгол түмний уламжлалт баяр Цагаан сар хамгийн сайхаан.  


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Маш гоё зураг ашигласан байна

    0 0 Хариу бичих