Зурхай нь хүртэл улстөржсөн нохой жилийн өнгө

Арвандолдугаар жарны “Тийн унжлагат” хэмээх шороон нохой жил гарлаа. Ургаж буй жил нь самгардиар “Виламва”, төвдөөр “Тийн унжлагат”, нангиадын хэлээр “Вү сүй” хэмээх шороон нохой жил аж. Тахиа жил гарснаас хойш л янз бүрээр яригдаж трэнд болсон “Унжлага” гэдэг нь монгол биш, төвд үг болж таарав. 

Өвгөдийн ярих нь, нохой жилд зундаа ган гачиг болж, өвөл, хавартаа салхилсан тохиолдол олон гарч байсан гэх. Нохой жил нь тайван, найрсаг, үнэнч шударгуу байдлын бэлгэдэл болдог тул ард иргэдэд ивээлтэй, амар амгалан, тайван жил болдог байна. 

Сар шинэ ойртохтой зэрэг зурхайч, лам хуврагууд ирэх жилийн өнгийг таамаглан, эртний ном судар тайлагнан ард иргэдийнхээ сэтгэл санааг төвшитгөдөг сайхан уламжлал бий. Харин сүүлийн үед энэ ёс бага зэрэг алдагдаж, эрс тэс болжээ. Амбийцтай зарим нь жилийн ерөнхий өнгөн дээр өөрийнхөө баттай биелнэ гэж үзсэн зүйлсээ нэмчихдэг, хашир анжгай нар нь хэт ерөнхийлдөг байдал ч ажиглагдах болов.

Монголын бурхан шашинтны тэргүүн Д.Чойжамц хамбатан тэр жил “Ирэх жил хүн бүрт адилгүй байх болно” хэмээснээс хойш манай мэргэд “Монгол Улс энэ жилд хэрхэх нь гурван сая монголчуудаас шалтгаална”, “Өвөлдөө цасаар шуурах магадлалтай” гэж айлдах болсон. Гарч буй шороон нохой жилийг ч энэ жишгээр “Хур бороо ховор, хуурай гандуу. Газрын шим дэлгэрэн, арвин ургац авна”, “Үр тариа, ногооны гарц дунд, хүнсний хангамж сайн”, “Хууль цаазын хэрэгжилт сайжрах ч хулгай дээрэм олширно” гэхчлэн таамаглажээ. 

Хур бороо ховор байтал хаанаасаа ч арвин ургац авах юм, газрын гарц сайн биш байхад хүнсний хангамж нэмэгддэг ямар ч зүй тогтол юм бэ. Монгол орон том болохоор нэг хэсэг газарт гандуу байхад нөгөөд нь газрын гарц арвижин дэлгэрэх л байлгүй яав гэж. Үр тариа, жимс ногоо ургахгүй бол гаднаас импортлоод ч болтугай хангаж таарна.

Өлгөж аваад улстөржчихмөөр “Эзэд, түшмэл, улс гэрийн байдал тайван бус. Хямрал их, иргэдийн байдал амар амгалан, тайван”, “Түшмэдүүд хуулиа баримтална, олсон эд, малыг ноён нь авч, эд тариа үнэгүй болно” гэсэн таамаг ч харагдана.

Харин бодит байдал бидэнд ирэх жилийг доорх байдлаар зураглаж байна.

Бүтээн байгуулалт

Эрх баригчид хямралыг бүтээн байгуулалт хийж давах тактикийнхаа хүрээнд дунд сургуулиуд гурван ээлжээр хичээллэдэг, ардын хүүхдүүд цэцэрлэгт сугалаагаар ордог байдлыг нохой жилдээ багтаан үндсээр нь устгахаар шийдээд байна.

Тиймээс эдийн эдийн засгийн хүндрэлийг үл огоорон нохой жилд боловсрол, эрүүл мэндийн салбарт урьд өмнө байгаагүй бүтээн байгуулалт өрнүүлэхээр боллоо. Ирэх дөрөвдүгээр сарын 1-нээс улсын хэмжээнд 93 сургууль, 127 цэцэрлэгийн барилгын ажил эхэлнэ. Сургуулийн тоо хангалттай олон сонсогдож байгаа ч эдгээрийн цөөнгүй нь I-V ангийн сурагчид хичээллэх бага сургуулийн барилга юм. 

Нохой жил нийслэлд орчин үеийн оношилгоо эмчилгээний хоёр төв ашиглалтад орно. II эмнэлгийн хажууд баригдаж байгаа үндэсний оношилгоо эмчилгээний төв баригдаж дуусах бол Анагаах ухааны их сургуулийн дэргэдэх эмчилгээний төвийн барилга энэ жилдээ дуусах төлөвлөгөөтэйгөөр эхлэх аж. Түүнчлэн Чингэлтэй дүүргийн түргэн тусламжийн төв, Багахангайн 40 ортой эмнэлэг, Туул тосгоны эмнэлгийг барьж дуусгахаар хөрөнгө мөнгийг нь шийджээ. 

Чингэлтэй, Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн төвийн барилга, өргөтгөлийн ажлууд эхлэх юм байна. Төсвөөс гадуурх бүтээн байгуулалт ч мундахгүй, Азийн хөгжлийн банкны санхүүжилт, Бүгд найрамдах Турк улсын Тика төслийн хүрээнд 20 өрхийн эрүүл мэндийн төв баригдана.

Нийслэлийн хүн амын ихэнхийг бүрдүүлдэг гэр хорооллынхны хувьд энэ жил итгэл найдвар, урам өгсөн сайхан жил болж магадгүй байна. Чингэлтэй дүүргийн VII хороонд 200 айлыг цэвэр бохир усаар хангах чадалтай дэд төвийг (сервис центр) байгуулснаар муу нэртэй луу данстай “Жи” хороолол орчин үеийн шийдэлтэй “хаус” хороолол болох замдаа шуудрах нь. Ийм дэд төвийг энэ жилдээ гурвыг, ирэх жил 47-г барина гэж байгаа. Урд хөршийн буцалтгүй тусламжийн хөрөнгөөр баригдах 1000 айлын түрээсийн байр ашиглалтад орно. Ингэснээр төдий хэмжээний айлын газрыг суллан инженерийн дэд бүтэц байрлуулах, шинээр орон сууц барих боломжтой болох юм. 

Нохой жилд эхлэх бас нэг чухал ажил бол Яармагт эхлэх Улаанбаатар хотын шинэ төвийн бүтээн байгуулалт. “Нью даун таун” хэмээн нэрлэгдсэн энэ ажил дууссаны дараа Засгийн газар бас хотоос гарна гэж Ерөнхий сайд ам алдсан.

Эдийн засаг

Хэдэн жил салан задгай явсан төсөв, хүндэрсэн эдийн засгаа бид өнгөрсөн жилээс ОУВС-гаар “эмчлүүлэх” болсон билээ. Энэ бол эмчлүүлэгч улсад зээл гэдэг “эм” өгөөд төсөвт нь алдагдлыг механикаар багасгах “Мэс засал” хийдэг, маш өвдөлттэй эмчилгээ. Өнгөрсөн жил бид 440 сая ам.доллар аваад төсвийнхөө цоорхойг нөхчихсөн. “Эм”-ээ уучихсан, энэ жил “Мэс засал”-д орно. Эрх баригчид ард түмнийг өвдсөндөө бодлогогүй хөдөлж, сүйд хийх вий гэж болгоомжлоод 2.4 их наядын алдагдалтай төсөв баталж, ирэх жил орлогоо нэмэгдүүлэхэд анхаарах сонголт хийсэн. Үргүй зардлаа багасгаж, том төсөл хөтөлбөр, экспорт, гаднын хөрөнгө оруулагчдыг онилоод, үр дүнтэй ажиллавал бүтэхгүй зүйл биш. 

Массыг хамарсан татварын нэмэгдлүүдээ хүчингүй болгож, иргэдийн нуруунд үүрүүлсэн ачаагаа буцааж авсан учир өөр арга ч байхгүй. Чадахгүй бол гурван жил үргэлжлэх ёстой эмчилгээ уртасна. Тиймээс ОУВС-гаар эмлүүлж байгаа гэсэн итгэл дээр нь дөрөөлөөд гадаадын шууд хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, зогсонги байдалд орсон төсөл хөтөлбөрөө хөдөлгөх л бидний гол найдвар болоод байна. Ирэх жилээс алдагдалгүй төсөл баталж, өвдөлт улам л нэмэгдэнэ. Тиймээс энэ байдлаа ухамсарлаад нохой жилдээ багтан Тавантолгой тэргүүтэй нэг бус ордоо эргэлтэд оруулахыг бодох болов уу. Бололцоо бол үргэлж байдаг. 
Засгийн газар “Чингис” бондын 500 сая ам.долларын өрийг төлсөн учир дампуурлын аюул нэг хэсэгтээ холдсон. Гэвч өрийг өрөөр дарсан тул хэдэн жилийн дараа бүр ч хүнд байдалд орох эрсдэл хүлээлээ. Энэ байдлаас ажил хийж байж л гарна. 

Аз болоход гадаадын зах зээл дээр манай экспортын голлох түүхий эдийн ханш өндөр байна. 

Төсөвт 5106 ам.доллараар тооцсон зэсийн үнэ 8000 ам.доллараас дээш гарах төлөвтэй явж байгаа нь бидний хувьд том аз. Үнэ хямд байх үед орлогоо өсгөх гэж “Эрдэнэт”-ийн хүчин чадлыг өсгөсний хэрэг одоо л гарна. Шинжээчид ч үнэ өндөр тогтохыг хэлсээр байгаа. Энэ янзаараа явбал 2.4 их наяд төгрөгийн алдагдлынхаа ихэнх хэсгийг нөхөөд авах боломж байна. 

Газрын тосны үнэ ч өнгөрсөн жилийнхээсээ өндийж 60-70 ам.доллар болж ирсэн нь ч нохой жил ивээлээ хайрласан хэрэг болж байна. Улсын төсөвт оруулсан мөнггөний хэмжээгээр газрын тос эхний тавд багтдаг юм. 
“Fitch” болон бусад агентлагуудын судалгаа коксжих нүүрсний 165-200, эрчим хүчнийх 90-115 ам.долларт хэлбэлзэнэ гэжээ. Энэ оны төсөвт 43 ам.доллараар 28 сая тонныг экспортлохоор тооцсон. Манай нүүрс экспортлогч компаниудын олборлох хүчин чадал жилд 100 сая тонн, тээврийн чадамж 48 сая тонн гэсэн тооцоо байдаг. Худалдан авагчтайгаа харилцаагаа сайжруулж чадвал энэ салбарт маш том боломж байна.

Улс төр, нийгмийн амьдрал

УИХ дахь эрх баригч намын бүлэг хоёр талцаж нэг, нэгнээ сөрөг хүчинтэй нийлэн ээлжлэн “дэгээдэж унагах” эгзэгтэй нөхцөл байдал үүссэн. Энэ нь улстөрийг тогтворгүйтүүлэх, бүр хямрааж ч мэдэх нөхцөл мөн. Гэсэн ч амны билгээ бодоод,дарга нь өөрөө “32-ын, 33-ын бүлэг гэж байхгүй болж байгаа” гэсэн учраас төр төвшин байх биз. 

Манай мэргэд нохой жилийг зураглахдаа “Олсон эд малыг ноён нь авна” гэх мэтээр улстөржсөн ч юм шиг, түшмэд, ардын хооронд яс хаясан ч юм шиг тодорхойлж, араас нь зарим нь “Монголчууд эвтэй л байвал хөгжинө” гэж сануулаад нэг л биш.

Тэгээд бусад улс орны мэргэд юу гэж айдсаныг сонирхлоо. Орос, Хятадын зурхайчид “Тайван, тогтвортой жил ирж байна. Нөхөрсөг, ухаалаг нохой жил нь хөдөлмөрч, үнэнч шударга зорилгынхоо төлөө тууштай тэмцдэг хүмүүст дуртай, ивээлээ харамгүй хайрлана, харин шунахай, худалч, хулгайчуудыг тэвчиж чаддаггүй учир шийтгэх болно. Бүхнийг шинээр эхэлж байгаа хүмүүсийг үнэлж, шагнана” гэсэн байх юм. Элдэв дэмий зүйлсийг нь хасчихдаг бололтой. Эс бол манайхан нэмчихдэг ч байж мэднэ. Хүн бүр анхаарч сонсдог үед нь хэнд ч ойлгомжтой эс бөгөөс сэтгэлд сэв суулгах, билэггүй үгсийг цуглуулаад тархи руу нь чихдэг болж дээ. 

Ирж буй жил өтгөс настанд ширүүн, идэр залууст ээлтэй, нялхаст дунд жил болох юм байна. Тиймээс дор бүрнээ хичээн, настангууддаа анхаарал халамжтай байвал үндсэндээ болоод явчих нь.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

  1. Эртний ном судар болгох гээд - самгардиар “Виламва” ч гэх шиг, Самгарьд номд ямарч хамаагүй, төгс буянтын зурхай харьцангүй сүүлийн үед зохиогдсон. Хууль сайжрана, хулгай дээрэм олшроно - Сайжрах гээд ч байгаа юм шиг, муужрах гээд ч байгаа юм шиг, энэ зурхайг ямар ч үед хэрэглэх л гэж. -За за...За яахав утгагүй юм дэлхийгээр дүүрэн байдгаас хойш ... ккк

    0 0 Хариу бичих
  2. surguuli eldew buteen baiguulaltiin ajiliig MAH AH gishuud l awna. bor zurheeree amidarch bgaa humuus hodolmoriin bool gedeg ajil noogdoh bolno. odriin 25000 tg tsalintai ajil golood bgaa yum bish ogch bgaa mongiig in golood bgaag medej bgaach oorchloh huselgui darga zahiraluud oon bgaa. mori ezniihee shunaliig guitsehgui gedeg shig irged mini darga ariinhaa dur huseliig hangaj amidrahaa bolih heregtei. ali ch nam uls torii hodolgoon ediin zasgiin udirdlagiig gartaa awah l zorilgotoi tuunees chinii midralig saijruulah gej bgaa yum bish. shuluuhan helhed buh darga naraa hutgalj al ugui chinii yaduu amidral ur huuheded chini mash tom ow bolj ochih bolno shuu. darga hiij bgaa humuusiin huuhduud bugd tord ajillaj bgaa odoo bagaa darga nar uhwel tednii huuhduud darga bolhod beltgegdeed irj bna tiimees ene uragshgui udirdaj bgaa humuusees sal gej helye dee

    1 0 Хариу бичих