Битүүний уламжлалт наадгай-Алаг мэлхий өрөх

Монголчууд эрт дээр үеэс хуучин жилийн өвлийн адаг сарын сүүлчийн өдрийн буюу битүүний үдэш хүүхэд багачууд насанд хүрэгчдийн удирдлагын дор шагайгаар “Алаг мэлхий өрөх” хэмээх тоглоомоор наадан ирсэн уламжлалтай. Алаг мэлхийд орох шагайны тоо, өнгө, тэдгээрийг өрөх, мөн тоглох нь нарийн дэгтэй.

Эрхийн чинээ биетэй, эрдэнийн дөрвөн талтай” шагай нь уламжлалт тоглоомын эртний төрлүүдийн нэг юм. Амьтны шаант ясны үзүүрт оршдог жижиг цул яс буюу шагайгаар наадах 80 орчим төрлийн тоглоом бий. Морь уралдуулах, бөгцөг няслах, шагай шүүрэх зэргийг мэдэхгүй хүн ховор биз. Эрт дээр үед анд бололцохдоо шагай солилцдог байсан нь нэгэн биеийн холбоотой хоёр мөч мэт салшгүй байхын бэлгэдэл байжээ.

Монголчууд алаг мэлхийг битүүний орой өрж, шинийн нэгэнд тоглодог уламжлалтай. Энэхүү тоглоомыг хэдэн ч хүн тоглох боломжтой бөгөөд 92 эсвэл 108 шагайгаар өрнө. Тоглогчид ээлжээр шоо хаяж, хоёр нүхээр буувал нүд, чих, бөөр зэрэг хос эрхтний аль нэгийг авах боломжтой. Хэрэв зургаагийн тоо буувал хүзүү, нурууны аль нэг эгнээний зургаан шагайг өөрийн болгодог. Хамгийн олон шагай хожсон хүн ялагч болно. Түүнчлэн шагай дуусахад дахин тоглох бөгөөд шооны нүхний тоогоор өрнө. Хэрвээ хоёр буулгавал нүдийг, гурав бол толгой, дөрөв байвал шилбэ зэргээр мэлхийн дүрсийг гаргадаг. Шагайн наадгай нь хүүхдийг дэг журамтай болгож, нүдний харааг сайжруулж, ажигч гярхай болгоход дөхөмтэй гэнэ.

Мөн Монголчууд цагаан сарын шинийн нэгний өглөө цагаалах ёслол хийснийхээ дараа дөрвөн бэрх буулгах тоглоомоор тоглодог заншилтай. Дөрвөн удаа дөрвөн бэрх буулгасан хүнийг тэр жилд азтай сайн явна гэж бэлгэддэг. Түүнчлэн цагаан сарын шинийн нэгнээс наймныг дуустал хүүхдүүд шагайгаар морь уралдуулах тоглоомоор, томчууд арван хоёр бэрх, бөгцөг няслах, бөх барилдуулах зэрэг тоглоомоор тоглодог заншилтай.  


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)