Сар шинэдээ сайхан наадаарай

Юуны өмнө эрхэм уншигчдадаа удахгүй болох Ардын хувьсгалын 97 жилийн түүхэн яруу алдарт ой, Үндэсний их баяр наадмын мэндийг өргөн дэвшүүлье. Та бүхэн минь сар шинэдээ сайхан наадах гэж байна уу. Даага далантай, бяруу булчинтай дэлхийд ганцхан наадамдаа дэнж хотойлгон сайхан наадаарай гэж Булганы Сайханаас авчирсан үүцний жаахан айргаа задлангаа булт олондоо энэхүү мэндийг дэвшүүлж сууна.

Хоёр гуравхан хоногийн өмнө наадмын комисс хуралдсан сайхан мэдээг сонсоод юун Цагаан сар, юун Валентин, Март, цэргийн баяр хэмээн догдолж суугаа морины хорхойтой, бас шүд нь хорхойтой орк попын улаан фэн намайг уншигч та ойлгоно биз дээ.

Наадмын комисс маань ийм эрт сайхан хуралдаж ажил төрлөө яриад авсан нь юутай сайн  хэрэг вэ. Хэдэн муу хөлстэй уяачид минь магнайгаа хагартал баярлаж суугаа биз ээ. Өвөл, хаврын улиралд хүүхдээр морь унуулахгүй гээд дээр дооргүй янз бүрийн юм яриад байхаар хүн л юм хойно тэд маань “эр хүн байж би чинь уйлах нь уу дээ” гээд дотогшоо өмөрч л явсан байж таарна. Харин тэгсэн наадмын комиссынхон маань хуралдаад “Наадам айсуй” хэмээсэн сайхан үгийг жиргээгээр нэг тавьсан нь ёстой нэг монгол ухааны нүнжиг ажгуу. Одоо нэгэнт наадмын галт тэрэг гараанаасаа тачигнатал хөдөлчихлөө. Морь эргэлээ гэдэг шиг л юм шүү дээ энэ чинь.

Цагаан сарын дараа морь уралдуулчихад буруудах юм алга. Наадмын комисс хуралдсан юм чинь уяачид наадамдаа бэлдэж тар, сунгаагаа хийх нь зөв биз дээ. Юун Цагаан сар, Март, цэргийн баяр, тийм ээ.

Одоо хэдүүлээ наадмын бэлтгэлдээ ханцуй шамлан орох нь ойлгомжтой. Цагаан сараар “Сайхан наадах гэж байна уу” гэж золгож яагаад болохгүй гэж. “Сар шинэдээ сайхан наадаарай” гэхэд утга төгс сайхан л сонсогдож байгаа биз дээ. Тэр байтугай өчигдөр болж өнгөрсөн Валентины баяраар ч гэсэн залуу хосууд “Хайртай шүү чамдаа, хоёулаа удахгүй сайхан наадъя” гэсэн мэндчилгээ илгээсэн бол сайхан байлаа. Мартаар эрчүүд маань эхнэрүүдээ баярлуулахдаа “Тод манлай, торгон жолоо түмний эх чамдаа дэлхийд ганцхан наадмын мэндийг хүргэе” гэсэн мэндчилгээг илгээж, монгол цэргийн баяраар бол монгол цэргийн унаа болсон хүлэг морио магтан дуулж, ер нь болж өгвөл эр цэргийн баяр юм чинь эрийн гурван наадмын сорилго барилдаан, уралдаан зохион байгуулчихвал яасан юм гэж бодож байна.

Наадмын тухай сайн ярьж, бэлтгэх нь асар их халуун дулаан энерги ялгаруулах тул цас зудны аюул гамшиг ч арилна. Тэгээд дөрөвдүгээр сарын нэгнийг Монгол наадмын инээдмийн баяр, тавдугаар сарын нэгэн буюу Майн баярыг Монгол наадмын нэрэмжит эв санааны нэгдлийн өдөр, зургадугаар сарын нэгнийг Монгол наадмын морь унаач хүүхдүүдийн баярын өдөр болгон тэмдэглэж, тэгээд долдугаар сард дэлхийн гав ганцхан монгол наадамдаа дэнж хотойлгон сайхан наадъя гэсэн ШБОС-ыг гаргаж байгаагаа бид Сар шинийн наадамчиддаа дуулгах гэсэн билээ. Ингээд та бүхэн минь дэлхийд ганцхан монгол сар шинэдээ дэнж хотойлгон сайхан золгож, сайхан наадаарай. Жич. Булганы Сайханы айраг, Цагаан сарын хуушуур зарна.    


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)