Монгол түмний уламжлалт баяр Цагаан сарын босгон дээр салбар бүртээ амжилт үзүүлж, бусдыгаа манлайлсан зарим хүнийг өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга төрийн дээд одон, медаль, цолоор шагналаа. Тэдний дунд Монгол Улсын аварга, Ардын багш, гавьяат дасгалжуулагч О.Балжинням Хөдөлмөрийн баатар цол тэмдгээр шагнууллаа. Шинэхэн Хөдөлмөрийн баатарын сэтгэгдлийг хүргэе.

-Их баяртай байна. Монгол Улсын спортын салбарт 38 дахь жилдээ ажиллаж байна. Үндэсний шигшээ багт 1979 онд тамирчин болж байлаа. Мөн Зэвсэгт хүчний “Алдар” спорт хорооны даргаар ажиллаж, 2011 оноос жүдо бөхийн шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар одоо ажиллаж байна. 38 жилийн хөдөлмөрийг минь төр засаг, түмэн олон минь үнэлж, намайг Хөдөлмөрийн баатар хэмээх хүндтэй шагналаар шагнасанд баяртай байна. Үүнд Монголын жүдо бөхийн холбоо болон үндэсний бөх, жүдогийн үе үеийн шавь нарын минь үзүүлсэн амжилт нөлөөлсөн юм болов уу. Наян насыг зооглож буй ээж маань ирж шагнал авахыг минь үзэхийг харах сайхан байна. Мөн гурван жилийн өмнө хүнд өвчний улмаас бурхан болсон хань минь шагнал авахыг минь харсан бол гэж бодогдож байна. Амьдралын жаргал, зовлонг хамт хуваалцаж, миний амжилт, ялагдлын ард түшиж тулж байсан хань минь одоо амьд сэрүүн биш ч тэнгэрийн орноос харж байгаа байх аа. Би хэдхэн хоногийн өмнө Парисын их дуулга тэмцээнд оролцоод ирсэн. Хөдөлмөрийн баатар болсноо онгоцноос буугаад л мэдсэн. Х.Цагаанбаатар маань над руу утсаар ярьж энэ баярт мэдээг дуулгасан юм. Манай баг хамт олон өнгөрсөн жилийн ДАШТ-ээс нэг алт, нэг мөнгө, дөрвөн хүрэл медаль хүртсэн. Энэ амжилтуудын гол түшиг тулгуур болсон хүн нь Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга юм. Хоёргүй сэтгэлээр спортын төлөө зүтгэсэн багш дасгалжуулагч, шавь нар болон Батлан хамгаалах яам, “Алдар” спорт хороо, Биеийн тамир, спортын газар, БСШУСЯ-ны хамт олондоо баярлалаа. Та бүхэн сар шинэдээ сайхан шинэлээрэй.

О.Балжинням аварга ээжийн хамт.

Охидын хамт.

Нутгийн бөхчүүдтэйгээ.

Шагнал гардах мөч.