Г.Сонинбаяр: "Дангина" дууныхаа шүлгийг 2015 оны хавар бичсэн

Eagle.mn


"Морин хуур 2017" наадмын нийтийн дууны төрөлд "Дангина" дуугаараа тэргүүн байр хүртсэн Монголын зохиолчдын эвлэлийн шагналт яруу найрагч Г.Сонинбаяртай ярилцлаа.

-"Морин хуур 2017" наадмын нийтийн дууны төрөлд "Дангина" дуугаараа тэргүүн байр хүртсэнд баяр хүргэе. Байгал нуурын хөвөөнд мэндэлсэн бүтээл гэж сонссон. Энэ дуу хэрхэн бүтсэн түүхээс хуучлахгүй юу?

-Баярлалаа. "Морин хуур" наадам бол хөгжмийн наадам. Тиймээс юуны өмнө энэ хүндтэй сайхан шагналыг хүртсэн ардын жүжигчин А.Энхтайван ахдаа дахин баяр хүргэе. Дууг маань "Морин хуур" наадмын тайзнаас дуулж олны сонорт хүргэсэн дуучин Д.Нямдаваадаа баярлалаа. Энэ дууны шүлгийг би 2015 оны хавар бичсэн. Анх удаа Байгал далай үзэж, буриад зоны нутгаар аялсан аяллын маань үеэр төрсөн шүлэг байгаа юм. Хойноос ирснийхээ дараахан А.Энхтайван ахад шүлгээ үзүүлсэн чинь шууд л аваад халаасалсан. Тэгээд "За энэ шүлэг дуу болчихсон шүү" гэж хэлээд л яваад өгсөн. Удалгүй Тайван ах маань дуудаж аялгуугаа сонсгосон доо. 

-"Дангина" хэмээх сайхан дуунаас өмнө "Хорь буриадын нутаг" дууг буриад зондоо зориулан бүтээж байсан. Таны уран бүтээлийг буриад зоноос салгахын аргагүй. Урын санд тань цөөнгүй бүтээл бий биз?

-Тэгж хэлж болно оо. Буриад зоны дунд өссөн болохоор яах аргагүй л буриад ахуй, сэтгэлгээ, үүх түүх, зан заншил сэтгэл зүрхэнд ойр дотно байдаг. "Хорь буриадын нутаг" дуу маань 15 жилийн өмнө хайрын "Хонгор зул" сонины нэрэмжит "Хайрын сүлд дуу-2003" наадмын сүүлчийн шатанд үлдэж гала тоглолтод нь анх дуулагдан олны сонорт хүрч байсан. Үүнээс хойш нэлээд хэдэн дуутай болжээ. "Сэнхир нютаг", "Алтаргана" гээд буриад аялгатай дуунууд бий. Бүгд л А.Энхтайван ахын маань аялгуу.

-Та буриад түмэнтэй яагаад холбогдох болсон юм бэ. Таныг буриад хүн гэж бодож байтал үгүй юм билээ?

-Аав маань цэргийн хүн. Тиймээс тушаалаар л хилийн отрядуудад ажиллаж явсан. Би Халхын голын домогт хороонд Нөмрөгийн заставт бага балчир насаа үдсэн. Дараа нь манайх Дорнодын Баян-Уул, Хэнтийн Дадал суманд байлаа.

-"Морин хуур" наадамд хэд дэх удаагаа бүтээлээ сойж байна вэ. Өмнө нь ямар, ямар бүтээлүүдээрээ оролцож байв?

-Миний хувьд бүтээлээ сойно гэж юу байх вэ. Хөгжмийн зохиолчдын наадам шүү дээ. Анх удаа л дууны уран бүтээл маань энэ сайхан наадамд оролцон шалгарч, бүр тэргүүн байрыг нь хүртсэнд баярлаж, урамшиж байна даа.

-Таны хувьд хэзээнээс дууны яруу найраг бичих болсон бэ. Анхны бүтээлийнхээ талаар ярихгүй юу?

-Анх олонд хүрсэн дуу маань "Хорь буриадын нутаг". "Хайрын сүлд дуу"-ны наадамд шалгарч дуулагдсанаасаа хойш ФМ радиогийн хитээр шалгарч, олонд хүрсэн дээ.

-Одоогоор таны урын санд нийт хэд орчим бүтээл байна вэ?

-Яг тоолж үзээгүй юм байна. 20 гаруй дуу байгаа байх.

-Ардын жүжигчин А.Энхтайвантай хамтран цөөнгүй бүтээл хийсэн санагдаж байна. "Дангина" дуунаас өмнө ямар уран бүтээл дээр хамтарч ажиллаж байсан бэ?

-Дээр хэлсэн "Сэнхир нютаг", "Алтаргана" гээд буриад аялгатай дуунууд байна. Мөн бид хоёр "Цэцэн хааны нутаг" гэж дуу хийсэн. Энэ дууг "Жинжиймаа" хэмээх дуугаараа алдаршсан соёлын тэргүүний ажилтан Ц.Баттөр ах маань дуулсан. Энэ дуундаа би их дуртай. Аялгууны хувьд ч том дуу гэж боддог. А.Энхтайван ах бид хоёрын анхны бүтээл байгаа юм. Одоо бид хоёр "Оюухай" гэж нэг дуун дээр жил гаруй л дуншиж байна даа. Сайхан дуу болох байх аа.

Эх сурвалж: "Үндэсний шуудан" сонин О.Эрдэнэчимэг

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)