Туулийн ундарга

Г.Сонинбаяр


Дөрвөн их Алтайн тахилч, туульчийн удам

Өнгөрсөн зууны эхээр баруун Алтай нутаг, урианхайн хязгаарт Мэнгит гэж туульч амьдарч байжээ. Түүний онцлог нь удам дамжсан сайн туульчаас гадна тахилч хүн байж. Нутгийнхан нь Баян Алтай гэж авгайлан хүндэтгэж дууддаг байсан нь олонд ихэд түгсэн гэнэ. Учир нь Мэнгит туульч Баян Алтай минь, Мөнх тэнгэр минь, Хонгор жинстэй арх минь хоёр хөлтэй савдаг минь, Уулын цагаан өвгөд минь өршөөж хайрла, өгөөж хайрла гэж залбирдаг, тууль, ерөөл, магтаалаа ийм үгээр эхэлдэг байсан ажээ.

Мэнгит туульч дөрвөн их Алтайг тахиж ирсэн аж. 

Энэхүү дөрвөн их Алтай гэдэг нь Мөнххайрханаас эхэлж цааш нар зөв эргэн Тэнгэр уулыг тахиад Нидэр арван уулыг тахина. Нидэр арван уул гэж Пакистаны наад талд орших дэлхийд хоёрт ордог том цагаан хайрханууд гэнэ. Тэндээсээ наашаа Киргиз, Казахстан, Узбекийн дундах Алатау хайрханыг тахидаг байж. Үүний удаад хойд зүгт Цагаан чихэн гэж хайрханыг тахидаг байсан гэнэ. Энэ хайрханыг эдүгээ оросоор Белуха гэж нэрлэх болжээ. Горный Алтайд манай Алтай Таван Богдоос нэлээд өндөр их том цагаан хайрхан бий гэнэ. Энэ бол Хатан голын эх. 

Ийнхүү Тэнгэр уулаас эхлээд тойрон тахисаар Цагаан чихэн хайрханыг тахиж дуусаад Мөнгөн тайгын тахилгыг хийж дүүрэхэд яг дөрвөн жил болдог байсан ажээ.

Их хайрхадыг тахихад маш нарийн зан үйл, том шинжүүд бий гэнэ. Тахилч туульчид түүнийг л судалж, мэдэж, зөв уншиж байж зөв цагт нь тахилгаа хийдэг байжээ.

Ийн дөрвөн их Алтайг тахисан туульч хүмүүний эрдэм чадал, ид шид, увидас нэн төгөлдөр болдог хэмээн хуучны өвгөд хэлэлцдэг байв. Бас долоон их туулийг зөв цагтаа, зөв газарт нь хайлсан туульчид увидас ирдэг хэмээн Алтайн урианхайчууд үзсээр иржээ.

Ийм увидасыг эзэмшсэн туульчид XX зууны 60, 70-аад онд цөөнгүй байсан гэдэг. Тэднээс Улаанбаатарт ирж ардын урлагийн их наадмуудад оролцсон зарим нэг туульч олонд танигдаж алдаршсанаас гадна нутаг усандаа малаа маллан, уул давын мухарт эгэл жирийн амьдарч, хот суурин газар очилгүй аж төрж суусан өвгөд дотор алдартай, эгэлгүй туульчид ч олон байсан аж.

Тийм өвгөдийн нэг нь өмнө өгүүлсэн Мэнгит туульч юм. Түүний ач хүү Эрдэнэцогт эцгийнхээ хайлдаг олон туулийг өвлөн авч өнөө цагтай золгуулжээ. Эрдэнэцогтын хүү Э.Баатаржав эдүгээ өвгөдийнхөө хайлж асан туулиудыг өвлөн тээж яваа нэгэн юм. Э.Баатаржав бага насаа Алтайн туульч, цуурч, хөөмэйч өвгөдийн дунд өнгөрүүлжээ. Тийм учир өвгөдийн эрдэм ухаан, тууль, хөөмэйгөөс өөрийн чадах хэрээр авч үлдсэн хэмээн тэрээр өгүүлсэн юм.

1990-ээд оны эхээр Улаанбаатарт номын мөр хөөн ирсэн урианхай залуу улс төр, наймаа бизнес аль алинд нь хөл тавьж болох байсан ч цуур, товшуураа үүрээд Алтайгаа зорьжээ. Нутагтаа очоод бүх баг, бригад, сумаар тойрон явж, тууль, цуур, хөөмэйгөө олонд хүргэж, бас ардын авьяастнууд, өвгөдийн өвийг тээж үлдсэн буурлуудтай уулзаж учирч, яриа хөөрөөг нь сонсч явсан гэнэ.

Э.Баатаржав эцэг өвгөөс өвлөсөн туулиудыг хайлахаас гадна өөрийн хичээл зүтгэлээр цуур, хөөмэйг сурсан байна. Ардынхаа гурван их язгуур өвийг нэгэн биед тээн хадгалж, түүнийг түмэнд түгээж яваагийн хувьд тэрээр яах аргагүй онцлох хүмүүний нэг.

Цуур, хуучираа үүрээд гарсан залуу баруун гурван аймгийн нутгаар аялан тоглож, туулиа хайлж, цуур, товшуур, хөөмэйн аялгуугаараа олны сонорыг мялааж, басхүү ардын энэ язгуур өвийг тээгч нутаг нутгийн авьяастнуудтай уулзсаар л явж. Дараа нь хилийн чанад дахь монгол туургатнуудаараа явах хүсэл тээж судлаач Лха.Туяабаатарын хамт анх Тувад очиж байжээ. Ингээд хоёр хөршийн хилийн дээс алхан “Жангар” хайлдаг бүх нутгаар явж. Үүндээ сэтгэл ханалгүй Халимаг, Киргиз, Башкир, Узбек, Татаар, Казах, Хакас, Саха, Кавказын эсгий туургатнууд зэрэг нүүдэлчин улс үндэстнүүдэд туулиа хүргэсэн байна.

Нэг л мэдэхэд дэлхийн 80 гаруй орноор аялан тоглож, томоохон урлаг, соёлын тоглолт, наадам, фестивалиудад цуур, хөөмэйн аялгуугаа дуурсгаж, олон газарт туулиа хайлж явжээ. Европын орнуудад олонтаа аялан тоглож, тууль, цуур, товшуур, хөөмэй гэсэн нүүдэлчдийн дөрвөн том язгуур өвөө толилуулсныг нь үнэлж түүнд маэстро цол олгосон байна.

Э.Баатаржав туульч Хүннүгийн үеэс уламжилж ирсэн модон цуур хөгжмийг сурч, эртний хоолойн цуур буюу хөөмэйн урлагийг гарамгай эзэмшсэнээс гадна чашга, дудар, икэл, яс, төмөр, хулсаар урласан бүх төрлийн хэл хуурнууд мөн нуман хуур гэж урианхайчууд хэрэглэж байгаад олон жил тасалдсан хөгжмийг эртний байдлаар нь дахин сэргээж дэлхийн эртний хөгжмийн санд оруулж чадсан нь европуудад маэстро хэмээн цоллуулахад нөлөөлжээ. Чашга хөгжмийг л гэхэд хүүхэд тогтдоггүй айлд тоглодог, ямар нэг цочроотой хүнд сонсгодог гэх мэт зургаан ховор үйлд хэрэглэдэг эрхэм нандин хөгжмийн зэмсэг юм байна. 

Мах, цусандаа ардын язгуур урлагаа өвлөн тээж түгээж яваагийн зэрэгцээ тэрхүү өвөө цуглуулж, харьцуулан судалж буй Э.Баатаржав туульч мөн дэлхийн ордны угсаатны хөгжмийн хан хүү шагнал, дэлхийн ардын урлагийн 30-р их наадмын гран при зэрэг олон улсын хэмжээний хэд хэдэн шагналыг хүртжээ.

Тууль эхлэх анхан түрүүн цагт...

Монголын баатарлаг туульс хэзээ, хаанаас үүсэв. Үүний хариулт асар хол, нэн эртний үеэс л олдоно. XVI-XVII зууны үеийн тууль Түвдийн шашны нөлөө их, шашны зан үйл, эд өлгийн зүйлс ихээхэн дурдагддаг бол дундад эртний үеийн туульс дайн байлдаан, баатар эрс, морь гол баатар нь байдаг. Түүнээс урагш эртний болон нэн эртний гэж ангилж болох туульст жинхэнэ нууц бий гэж үздэг.

Нэн эртний туульст газар дэлхий хийгээд одот огторгуйн үүслийн тухай өгүүлдэг. Ийм туулийг урианхай туульчид насандаа нэг л удаа хайлах уу, үгүй юу гэж ярьдаг ажээ. Энэ нь хатуу туульд ертөнцийн үүтгэл яригдаж байгаа учир тэр гэнэ.

Урианхайд “Талын хар бодон”, “Эзэн улаан бодон”, “Огторгуйн хөх бодон”, “Далайн шар бодон, ногоон бодон”, “Өлгийн цагаан бодон”гэсэн таван хатуу тууль бий гэнэ. Эдгээрээс эхний хоёрыг нь арай илүү өргөн дэлгэр хайлдаг байна. Алтай язгуурын эртний үгээр бодон гэдэг нь огторгуйн баатар, үүд сахигч, газар тэнгэрийн их савсалган дундах их том баатруудыг хэлдэг байна. Ийм том бодонгуудын амьдрал гэдэг бол агуу. Эдгээр бодонгуудын тухай туульс нэн эртний ангилалд багтана. Ийм туульс эхлэхдээ эрт урьд анхан түрүүн цагт, газар дэлхий үүсч байхад,Сүмбэр уулан дов бүхий, Сүн далай шалбааг байхад гэж эхэлдэг ажээ. Эдгээр туульсын дэргэд бол“Жангар” тууль маш залуу тууль гэнэ. Багцаагаар 580 орчим жилийн настай. “Жангар”-ыг урианхайн эртний язгуур туулийн суурийг ашиглаад маш сайн гоёчлоод зохиочихсон юм байна аа гэдэг нь харагддаг байна. “Гэсэр” мөн адил шарын шашны нөлөө их орсон хожуу үеийн тууль. Тэгвэл энэ дэлхийн язгуур эх үндэстэй хэн ойрхон байсан бэ, “овоо”-г хэн босгосон бэ гэдэг чухал. 

Үүнд Э.Баатаржав туульч ийн хариулсан. Дэлхий дээр гүрэн байгуулсан улсуудад л тууль байдаг. Энэ нь юуг хэлээд байна вэ гэхээр эртний язгуур гарвалийн том том мэдээнүүдийг тэд мэддэг байжээ гэсэн үг. Эргэн тойрны монгол туургатнуудад буй тууль мэдээж биднээс л улбаатай. Энд л ундарга нь байдаг. Тиймээс Алтайн нуруу, Монголоос, Азийн өндөрлөгөөс тууль түгсэн гэж үзэх үндэстэй.

Одот Живэрлэгийн алтан нарт Анжир

Нэн эртний туулиудын язгуур мөн чанар, үг, хэлц, хэллэг үнэхээр агуу. Туульд Алтай язгуурын үг олон орсон бол нэн эртнийх гэж үзэж болох аж. Гэхдээ Алтай язгуурынх гэхээр түрэг гэж ойлгож, тайлбарлаж болохгүй гэдгийг Э.Баатаржав туульч онцолсон юм. Үүнийгээ батлахын тулд тэрээр түрэг хэлэнд байдаггүй Алтай язгуурын үгсийг жишээ татав.

Нэн эртний туульд Анжир гэж олонтаа гардаг нь манай алтан шар нартыг хэлж байгаа ажээ. Туульд өгүүлснээр бол манай дэлхий Анжир гэдэг нэртэй том од юм байна. Мөн Живэрлэг, Жиргэлэг гэж нэр туульст гардаг. Энэ бол галактик гэсэн үг. Үгийн язгуурыг хөөгөөд үзэхээр эдгээр нь цөм монгол үг гэнэ. 

Ганц хоёрхон үгийг утга, агуулгаас харахад л агуу том, гүн гүнзгий ойлголт нэн эртний туулиудад байна аа гэсэн үг. Цаг хугацааны хувьд сүүлчийн галаваас өмнөх мэдээлэл нэн эртний туулиудад бий аж. 
Э.Баатаржав туульч өнгөрсөн онд “Мөнх сайхан төрт алтан Торц баатар” гэж туулийг Төрийн ордонд хайлжээ. Энэ бол Монгол төрийн тухай цорын ганц тууль гэнэ. Үе үеийн нүүдэлчид, тэр дундаа монголчуудын хаад дээдсийн бодлого, нарийн үзэл санаа уг туульд байдгаараа үнэ цэнэтэй. Нөгөө талаар энэ туульд гурван өөр цаг үе туйлын сонин хэлбэрээр зангидагддаг байна.

Алтан шар нарт буюу манай дэлхий, түүнээс дээш дээд савсалгын орон, тэрний дээдэх Их нарт одот огторгуй буюу Шивэрлэг Живэрлэг галактикийн холбоо хэлхээсийн тухай “Мөнх сайхан төрт алтан Торц баатар” туульд өгүүлнэ. Эндээс тууль гэдэг ерөөсөө хөх толбот хүмүүст дээрээс бууж ирсэн гэж үздэг байна.

Алтан Торц баатрын эцэг Хаан Чингил баатар л гэхэд алдартай мөнх орон дотор бууж ирдэг байна. Цаанаасаа нарийн учиртай зам жим, үүдэл эхлэлийн хураангуй энд байгаа ажээ. Мэдээж энэ бол эрдэмтдэд амттай, сонирхолтой сэдэв. Монгол туульс одоо дөнгөж үүцээ нээж эхэлж байна гэж хэлж болохоор. 

Тухайлбал, олон улсын алдартай хөгжимчид, хөгжим судлаачид, хүн судлаач, угсаатан зүйч, антропологич, хэл шинжээчид орчин үеийн шинжлэх ухаан, урлагаас илүүтэй уг язгуурын цөөн хураамал дотроос жинхэнэ үнэнийг хайх болжээ.

Уул давын мухарт эзэнтэйгээ хамт нууцлагдан үлдсэн соёлыг тэд уудлаад, хайгаад яваагийн нууц юунд байна вэ. Хүн төрөлхтний жинхэнэ үнэн хаана юм бэ. Бид өөр од, огторгуйгаас ирсэн үү, эсвэл энд анхнаасаа байсан уу, газар дэлхий ямар зохион байгуулалт, зориулалттай юм. Хүн оюун ухаантай мөртлөө яагаад мах иддэг юм, эсвэл мах иддэг болчихсон юм уу гэх мэт олон нарийн асуултын учиг үндэс эндээс тайлагдах учраас тэр.

Хүн төрөлхтөн шинжлэх ухаан, техник технологийн хүчээр нээж дийлэхгүй зүйлээ далд ертөнц буюу бидний өвөг дээдсээс маш нууц байдалд хэлэгдэж ирсэн өвөөс хайж олох гэж эрмэлздэг болсон байна. Монголчууд бид өөрсдөө тэр бүхнийхээ оньс, утгыг нээж, өнгөрсөн хэдэн мянганы гүн рүү нэвтрэх цаг болжээ. Байгаль дэлхийд ойр аж төрдөг учир хүн төрөлхтний нандин соёл нүүдэлчдэд байна гэдгийг ч дэлхий нийт хэдийнэ хүлээн зөвшөөрчихөөд байгаа. Тэр их өв соёлын нэг язгуур эгшиглэн туулийн ундарга яндашгүй их.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)