Анагаах ухааны шинэ хуудас: ҮҮДЭЛ ЭС

С.Сосоржав


Гахайн эхэстэй тариа гэдгээс үүдэж үүдэл эсийн тухай сонирхон судлав. Ураг эхсээр дамжин эхийн биеэс шим тэжээл хүчилтөрөгч, дархлаагаа авдаг. Тэгвэл хүүхэд төрөхдөө, ээжтэйгээ хүйн холбоотой байдаг билээ. Төрөх үед нь энэ хүйг тасладаг. Харин үүдэл эсийг судлаад ашиглаж эхэлсэн орнуудад үүнийг нь хадгалчихдаг байна. Тодруулбал, хүйнээс нь цус буюу үүдэл эсийг авч хадгалдаг болжээ. Энэ хадгалсан эсээр хүүхэд том болоод аль нэг эрхтэн нь өвдсөн тохиолдолд ургуулж болох нь. Зарим оронд гүн хөлдөөлтийн аргаар тэр хүний амьдрах насан туршид нь хадгалж болно хэмээн үзэж, Үүдэл эсийн банк хүртэл байгуулжээ.
Үүдэл эс эрүүл мэндэд яагаад тустай вэ? Бид өвдөх, гэмтэх тохиолдолд бидний биед байх эсүүд мөн гэмтэж, үхдэг. Энэ үед үүдэл эс идэвхжиж эхэлдэг. Үүдэл эсийн үүрэг нь эд эрхтэн дэх байнга үхжиж байгаа болон гэмтсэн эсийг шинэ эсүүдээр сэргээх, нөхөх юм. Тиймээс үүдэл эсүүд биднийг эрүүл байлгаж эрт хөгшрөлтөөс хамгаалж байдаг.

Үүдэл эс бол ид шид. Гэхдээ анагаах ухаанд ид шид гэдэг үг хэрэглэдэггүй. Яагаад гэвэл, учрыг нь тайлдаг. Үүдэл эсээс өөх, мах, арьс гээд бүх зүйл үүсдэг. Үүдэл эс бол анагаахын шинжлэх ухааны дараачийн үе. 

Биохимич, үүдэл эс судлаач Н.Ариун

Үүдэл эс гэдэг бол бидний биед орших бичил эмч нар гэсэн үг гэж мэргэжилтнүүд хэлж байна. 

Үүдэл эсийг 1950-иад оны үед Оросын эрдэмтэн нээсэн ч яг баталж чадаагүй юм билээ. 2000 онд л байдаг гэдгийг нь баталснаар тухайлсан судалгаа хийж эхэлжээ. “Үүдэл эс ид шидтэй гэмээр эс. Гэхдээ шинжлэх ухаанд ид шидтэй гэдэг үг хэрэглэдэггүй. Яагаад гэдэг нууцыг нь заавал тайлж явдаг” хэмээн биохимич, үүдэл эс судлаач Н.Ариун ярьжээ.

Үүдэл эс дотроо хоёр хуваагддаг. Эр, эм бэлгийн эс нийлээд үр тогтсон өндгөн эс үүсдэг. Үүдэл эсийн нэг төрөл нь энэ. Үүнийг үр хөврөлийн үүдэл эс гэж нэрлэдэг. Нөгөө төрлийн үүдэл эс нь бидний биед насан туршид хадгалагдаж байдаг. Ихэвчлэн чөмгөнд байдаг. Тиймээс бид чөмөг шилжүүлэн суулгах тухай сайн мэддэг байх нь.

Чөмөг шилжүүлэн суулгахаас эхлээд бидний мэддэг үүдэл эсийн судалгаа нь өнөө цаг үед чухам хаахна явна вэ. Монгол Улс хаана алхаж явна вэ? Энэхүү судалгаа нь суурь туршилт, эмнэлзүйн хэлбэрүүдээр өрнөж, нэг гол хандлага нь янз бүрийн эсүүдийг шилжүүлэн суулгахад чиглэж, үүгээрээ элэгний бодисын солилцооны удамшилт дутал, өвчтөний булчингийн хатангиршил, мэдрэлийн эд, бүрхүүл эдийн нөхөн төлжилтийн саатал, нүд, чих гэх мэт мэдрэхүйн эрхтнийг эмчлэхэд онцгой байр эзлэж байгаа юм.

Эд эрхтэн шилжүүлэн суулгах технологид үүдэл эс, түүний дотор үр хөврөлийн үүдэл эсийг ашиглах хандлага тэргүүлж байна.

Учир нь үүдэл эс үр хөврөлийнх байхдаа мөн 13-аас доош насны хүүхдэд байх үедээ мэдээлэл хадгалаагүй байдгийг эрдэмтэд нотолжээ. Тодруулбал, энэ үедээ үүдэл эс ямар ч эрхтэн болж ургаж чадахаар байдаг аж. 

Харин насанд хүрэгсдийн бие эрхтэнд агуулагдах үүдэл эсүүд зөвхөн тухайн эрхтний эсэд хувирах боломжтой байдаг учир өөр төрлийн эрхтний эд эс ургуулах боломжгүй байдаг. Хүн насанд хүрэх үед үүдэл эсүүд аль хэдийнэ өөр өөр эрхтний эсэд хувирахаар программчлагдсан байдаг гэсэн үг юм.

Монгол Улсад үүдэл эсийн тухай Донорын тухай хуульдаа зааж өгчихсөн байгаа гэхээр шинэ үеийн шинжлэх ухаанд алхмаар ойртсон гэсэн үг.

Шинээр батлагдсан хуульд энэ тухай өөрөө өөртөө донор болох хэмээн оруулчихаад байгаа. 

Харин 14 нас хүртэлх хүүхдээс үүдэл эс шилжүүлэн суулгахыг хориглоод буй. Түүнээс дээш настай бол эцэг эх, асран хамгаалагч болон өөрийн зөвшөөрлөөр үүдэл эсийг шилжүүлэхийг зөвшөөрчээ. Насанд хүрсэн иргэдийн хувьд өөрөө өөртөө донор болох учраас мэдээж нээлттэй. Хүний өрийнх нь эд эсийг ашигладаг учир эд эсийн таарамжгүйн асуудал гардаггүй, эмчилгээ найдвартай явагдаж, хурдан хугацаанд хүндрэлгүйгээр эдгэрэх боломжтой гэдгийг эрдэмтэд туршилтаар нотолсон ч насжилт болон хүрээлэн байгаа орчны нөлөөллөөс шалтгаалан үүдэл эсийн нөхөн сэргээх чадвар мууддагийг мөн анзаарчээ. Товчхон хэлбэл нас өндөр байх тусам үүдэл эст суурилсан эмчилгээний үр дүн муу байдаг. Үүнээс зайлсхийхийн тулд хүмүүсийг залуу байх үед нь тэдний биеэс үүдэл эсийг авч хадгалах эсийн банкийг байгуулдаг юм билээ. 
Үүдэл эс судлаачийн ярьснаар, “Хүүхдийг төрөнгүүт нь хүйн цусыг нь авч хадгалдаг улсууд хэд хэд бий. Хүйн цусны банк Америк, Канад, Европын орнуудад байна. Хятадад байгуулагдаад гурван жил болж байна. Шанхайд лав нэг байдаг. Хоёр төрлийн үйлчилгээгээр хадгалдаг. Нэг нь хувийн байгууллагаар, нөгөөх нь улсын байгууллагаар дамждаг юм. Улсынх нь болохоор улсын эмнэлэгт төрөнгүүт нь хүйг нь аваад улсын зардлаар насан туршид нь хадгалж өгдөг. Хувийнх нь болохоор төлбөр авч хадгалдаг гэсэн үг” гэлээ.

Олон улсад болон манай оронд анагаах ухаан хурдацтай хөгжиж байгаа тул манай улсад үүдэл эсийн банкийг удахгүй нээж магадгүй юм. Тиймээс дахин дахин хуульдаа гар хүрэхгүйн тулд Донорын тухай хуульд ч уг банкийг байгуулах тухай эрх зүйн зохицуулалтыг тусгачихаад байна.

Мөн Үүдэл эсийн банк байгуулах тухай төслийг “Сонгдо” эмнэлэг судлаачидтай нийлж боловсруулж байсан тухай мэдээлэл байна.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Даатгалаар шинэ төрсөн үрсдээ үүдэл эсийн банк байгуулаад өгөх хэрэгтэй мань мэт ч дүүрч

    0 0 Хариу бичих