Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо “хангалтгүй” үнэлгээ авчээ

Санхүүгийн зохицуулах хороо (СЗХ)-ны зайны хяналтаар Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо (МҮЦАЭХ) “хангалтгүй” үнэлгээ авчээ. СЗХ-ын мэдээлснээр, тус холбоо Үнэт цаасны зах зээлийн тухай хууль, холбогдох журмуудын хэрэгжилтийг хангаагүй, тайлан мэдээллээ дутуу бөгөөд хууль тогтоомжид заасан хугацаанд ирүүлээгүй, үйл ажиллагааны болон санхүүгийн тайлан мэдээллээ Хороонд тайлагнаагүй төдийгүй өөрийн цахим хуудсаар мэдээлээгүй ажээ. 

СЗХ-нд тус Холбооноос 2015, 2016 онууд, 2017 оны 3 дугаар улирлын санхүүгийн болон үйл ажиллагааны тайлан, гишүүдийн санхүүгийн тайлангийн нэгтгэл, сургалтын тайлангууд, энэ хугацаанд орсон Холбооны гишүүдийн болон удирдлагын өөрчлөлтийн талаарх тогтоол, шийдвэрүүдийг бөөнд нь нөхөж ирүүлсэн байна. Ирүүлсэн тайлан, мэдээллүүд дээр үндэслэн зайны хяналт тавихад дараах зөрчил, дутагдал илэрчээ:

1. Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд заасан эрх, үүргээ хэрэгжүүлсэн эсэх нь тодорхойгүй;
2. Хорооны 2014 оны 252 дугаар тогтоолоор баталсан “Өөрийгөө зохицуулах байгууллагыг бүртгэх тухай журам”-д заасан мэдээллийг ил тод болгох болон Хороонд мэдээлэх үүргээ хэрэгжүүлээгүй;
3. 2016 оны байдлаар нийт 87,16 сая төгрөгийн орлого олсноос 63,41 сая төгрөг нь буюу нийт орлогын 72,7% нь, 2017 оны 3-р улирлын байдлаар нийт 70,59 сая төгрөгийн орлого олсноос 50 сая төгрөг буюу нийт орлогын 70 хувь нь сургалтын үйл ажиллагааны орлогоос бүрдсэн гэж үзэхээр байна. Харин 2015 онд нийт зардлын 38%-ийг, 2016 онд 43%-ийг, 2017 оны 3 дугаар улирлын байдлаар 47.1%-ийг цалинд зарцуулж, 2015 онд үйл ажиллагааны үр дүн нь 1.8 сая төгрөг, 2016 онд 8.1 сая төгрөгийн алдагдалтай, 2017 оны 3 дугаар улирлын байдлаар 7.1 сая төгрөгийн ашигтай ажилласан байна. Ирүүлсэн тайлангуудаас харахад санхүүгийн тайлангийн тодруулга, холбогдох мэдээллийг ирүүлээгүй учраас тайланг бүрэн ирүүлсэн гэж үзэх боломжгүй байна.
4. Зохион байгуулсан сургалтын 2015, 2016, 2017 онуудын тайланг тухай бүр гаргадаггүй харин Хорооны шаардсаны дагуу 2 жилийн дараа нөхөж тайлан гаргасан;

Холбооноос зохион байгуулдаг сургалт, зохион байгуулалтын хувьд сайжирсан эсэх нь тодорхойгүй боловч жил ирэх тусам давтамж нь ихэссэн, сургалтын үйл ажиллагааны ашиг өндөр байна. Тухайлбал, 2015 онд сургалтын нийт орлогын 76 хувь, 2016 онд 72 хувь, 2017 оны байдлаар 66 хувь нь ашиг байна. Гэвч сургалтын үйл ажиллагаанд зарцуулсан зарцуулалт тодорхойгүй байна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. oo

    0 0 Хариу бичих

ЭНЭ ТУХАЙ