Л.Энх-Амгалан: Нэг хувийн өсөлтийн цаана 10 мянган ажлын байр бий болдог

Eagle.mn


УИХ-ын 2017 оны намрын ээлжит чуулган 93 өдөр хуралдан завсарласан. Энэ хугацаанд улс орны эдийн засгийн нөхцөл байдалд эерэг нөлөөтэй, нийгмийн өмнө тулгамдаж байсан асуудлуудыг оновчтойгоор шийдвэрлэсэн, олон нийтийн хүлээж байсан хууль, тогтоолуудыг баталсан болохыг УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан хэллээ.

УИХ намрын ээлжит чуулганаараа бие даасан 18 хууль баталсан бол нийт 95 хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, УИХ-ын 54 тогтоол баталсан байна.

2016 онд төсвийн алдагдал 2.4 их наяд хүрсэн байсан. Тайлбарлавал, Монгол Улс зургаан төгрөг олдог хэрнээ найман төгрөгийн зардал гаргадаг, 2 төгрөгийг гадаад, дотоодын өндөр хүүтэй зээлээр нөхөж байсан үе. Эдийн засгийн өсөлт нь -1 хувь, валютын нөөц нь 1 тэрбум төгрөгт хүрч буурсан байв. Гадаад валютын нөөц багасах хэрээр төгрөгийн худалдан авах чадвар сулардаг. Харин 2018 оны төсөвт эдийн засаг 4.2 хувиар өмнө хэмээн төлөвлөж байгаа. Эдийн засгийн 1 хувийн өсөлтийн цаана 10.000 ажлын байр бий болдог гэсэн тооцоолол байдаг. Тэгвэл эдийн засгийн дээрх хэмжээний өсөлтийн нөлөөллөөр ажлын байр шаардлагатай байгаа 100.000 гаруй иргэний 40.000 нь ажлын байртай, орлоготой болохуйц нөхцөл бололцоо бүрдээд байгааг УИХ-ын дэд дарга хэллээ.

Өндөр хүүтэй зээлийн төлбөртөө Монгол Улс  2016-2017 онд 1.5 их наядыг төлсөн бөгөөд энэ нь улсын төсвийн ¼ хувьтай тэнцэж байсан. Харин УИХ 2018 онд төсвийн алдагдлыг тодорхой хувиар бууруулснаараа улс орны эдийн засгийн амьдралд эерэг ач холбогдолтой юм. Сүүлийн жилүүдэд улсын төсвийн алдагдал өндөр байсан тул улсын төсвөөс нэг ч төгрөгийн хөрөнгө оруулалт хийгээгүй байсан. Мөн барилга обьект, зам, дэд бүтцийг барьж, шилжүүлэх концессын гэрээгээр гүйцэтгүүлж ирсэн бөгөөд эдгээрийн төлбөрийн хуримтлал үүсээд байсан нь төсөвт ихээхэн дарамт болж байсан аж.

Харин 2018 онд 780 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийж байгаа юм. Энэ хүрээнд бүх хүүхдэд сургуулийн өмнөх боловсрол эзэмшүүлэх боломж бүрдэнэ. Нийслэл, аймаг, шаардлагатай сумын төвүүдэд цэцэрлэгүүдийг барих бөгөөд 0-6 насны хүүхдүүдийг сургуулийн өмнөх боловсрол эзэмших эрхийг сугалаагаар хязгааралдаг байсан явдал 2018 оны есдүгээр сараар тасалбар болно гэдгийг онцолсон юм. Гурван ээлжээр хичээллэлдэг ерөнхий боловсролын сургуулиудын асуудлыг шийдэх хүрээнд энэ онд улсын хэмжээнд 32 сургуулийг шинээр барина. Энэ нь хүүхдүүдийн сурч боловсрох эрхийг хангах чиглэлээр төрөөс авч хэрэгжүүлж буй томоохон шийдэл гэдгийг Л.Энх-Амгалан хэллээ.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)