Хойд Солонгосын төлөөлөгчид буцжээ

БНАСАУ-ын Ардын дээд хурлын байнгын хорооны дарга Ким Юн-Нам тэргүүтэй дээд хэмжээний төлөөлөгчид өчигдөр тусгай нисэх онгоцоор Пхеньян руу буцжээ. Хойд Солонгосын төлөөлөгчид энэ сарын 11-нд Сөүл хотноо Өмнөд Солонгосын  ерөнхийлөгч Мүн Жэ Интэй хамт Хойд Солонгосын уран бүтээлчдийн тоглолтыг   үзэж сонирхсон байна.

Тэд тусгай нисэх онгоцоор Өмнөд Солонгост энэ сарын 9-нд хүрэлцэн очиж, мөн өдрийн орой болсон Пёнчаны өвлийн олимпын нээлтийн ёслолд оролцсон аж. Мөн БНСУ-ын Ерөнхийлөгчийн Хөх ордонд зочилж ерөнхийлөгч Мүн Жэ Интэй хэлэлцээ хийжээ. Хэлэлцээний үеэр Хойд Солонгосын удирдагч Ким Жон Уны захиаг Мүн Жэ Инд гардуулсан байна.

2014 онд Хойд Солонгос дээд албаны хүмүүсээ илгээж, Инчёны Азийн спортын наадмын хаалтын ёслолд оролцуулснаас хойш гурван жилийн дараа ийнхүү дээд төвшний төлөөлөгчдөө дахин Өмнөд Солонгост айлчлуулсан нь энэ юм. 2009   онд Өмнөд Солонгосын ерөнхийлөгч агсан Ким Дэ Жүн нас барснаар, Хойд Солонгосын дээд төлөөлөгчид Хөх ордонд очин эмгэнэл илэрхийлж байсан аж. Түүнээс хойш найман жил гаруйн дараа Хойд Солонгосын дээд төвшний төлөөлөгчид дахин Хөх ордон айлчилсан гэдгийг эх сурвалжууд онцолжээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)