Х.Вайнштейний компаниас хохирогчдод нөхөн төлбөр гаргуулна

Х.Батсайхан


Нью Йорк мужийн ерөнхий прокурор Эрик Шнайдерман ах, дүү Харви болон Роберт Вайнштейний эзэмшдэг “Weinstein Company” кино компанийн эсрэг иргэний нэхэмжлэл гаргажээ. Нэхэмжлэлийн гол зорилго нь Вайнштейний хууль бус үйлдлээс болж хохирсон эмэгтэйчүүдэд нөхөн төлбөр гаргуулах явдал аж. Хэрэг буруугаар эргэвэл компани нь маш хүнд байдалд орох болно гэж энэ талаар мэдээлсэн ВВС-гийн мэдээнд өгүүлсэн байна.

Харви Вайнштейн бусдад бэлгийн дарамт үзүүлсэн хэрэгт холбогдсоны дараа дүү нь бизнесээ аврах зорилгоор компаниасаа ахыгаа хөөсөн юм. Гэсэн ч байдал дээрдээгүй тул зарахаар бэлтгэж байв.

“Хэрэгт “Weinstein Company” өмнө нь нэг бус удаа хууль зорчиж, ажлын байрны бэлгийн дарамтад өртсөн ажилчдаа хамгаалахаас татгалзаж байсан тухай баримт авагдсан байгаа. Тиймээс компани зарагдсан тохиолдолд хохирогчдод нөхөн төлбөр гаргуулах болно. Хүчирхийлэгч, хүчирхийлэгчийг өөгшүүлэн дэмжигч нөхдүүд хууль зөрчөөд баяждаг байж таарахгүй” гэж Э.Шнайдерман хэлсэн байна.    

Хэргийг шалгах гурван сарын хугацаанд Харви Вайнштейнтэй холбоотой хууль зөрчсөн шинэ үйлдлүүд нэмэгдсэн гэдгийг тэрээр дэлгэсэн. Тухайлбал, гэрч, хохирогчдыг ална хэмээн сүрдүүлж, өөрийгөө тусгай албадтай холбоотой гэх зэргээр ярьсан аж. Харви Вайнштейний хүчирхийлэлд өртөж байсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн 80 гаруй эмэгтэй жүжигчдийн дунд Анжелина Жоли, Эшли Жадд, Сельма Хайек, Ума Турман, Гвинет Пэлтроу зэрэг алдартнууд байгаа юм. 

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)