Монголын төр: Шатахууны үнэ хэрхэхийг тэнгэр мэдтүгэй

Монгол Улсын өргөн хэрэглээний бүх бараа бүтээгдэхүүний үнэд шууд нөлөөлдөг ганцхан л зүйл бий. Энэ бол шатахуун гэдэгтэй хэн ч маргахгүй. Импортын бараа бүтээгдэхүүнээс гадна сүү, мах, гурил, будааны үнэд ч нөлөөлдөг. Шатахууны үнэ ингэж иргэдийн амьдралд шууд нөлөөлдөг учраас Засгийн газар тухайн үеийнх нь нөхцөл байдалд тохируулан татварыг нь тогтоодог. УИХ-аас зөвхөн шатахууны татварыг л тогтоох эрхийг Засгийн газарт өгсөн. Бусад татварыг УИХ хуулиар тогтоодог. Тиймээс Засгийн газар өнгөрсөн нэгдүгээр сарын 1-нээс өмнө дэлхийн зах зээл дээрх үнэ, эрэлт, нийлүүлэлтэд нь тохируулан шатахууны татварыг тогтоож ирсэн. Харин ОУВС-тай хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлснээр шатахууны онцгой албан татварыг хараат бусаар тогтоох эрхгүй болсон юм. Тодруулбал, хамтарсан хөтөлбөрийн хугацаанд шатахууны татварыг нэмэх, хасах эсэхээ ОУВС-тай ярилцаж байж шийдвэрлэж байхаар болсон. Хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлж эхлэх үед ОУВС-гаас тавьсан нэг шаардлага нь шатахууны онцгой албан татварыг нэмэх байв. Энэхүү шаардлагын дагуу октаны хэмжээнээсээ хамаарч 30-50 мянган төгрөг байсан шатахууны онцгой албан татварыг 260-280 мянга болгосон юм. Энэ шийдвэр өнгөрсөн нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн ч өнгөрсөн оны сүүлчээр шатахуун импортлогчид үнээ нэмсэн. Бас хомсдол үүссэн. Зориудаар хомсдол үүсгэсэн гэх дүгнэлт ч бий. Энэ нь хоёр шалтгаантай байлаа. Нэгдүгээрт, дээр дурдсан татварын нэмэгдэл. Хоёрдугаарт, дэлхийн зах зээл дээрх нефтийн үнэ. Тухайн үед дэлхийн зах зээл дээрх нефтийн үнэ 70 орчим ам.доллар байлаа.

Шатахууны үнэ нэмэгдэж, хомсдол үүсч эхлэх үед Ерөнхий сайд дараахь байр суурийг илэрхийлсэн юм.

У.Хүрэлсүх: -Бас шатахууны үнэ өсөх хандлагатай байгаа. Худлаа яриад яахав. Шинэ Засгийн газар өнгөрсөн аравдугаар сараас хойш шатахууны үнийг тодорхой хэмжээнд барьсан. Харамсалтай нь дэлхийн зах зээл дээр шатахууны үнэ ханш өсч байгаа. Үүнийг дагаад шатахууны үнэ нэмэгдэх нөхцөл байдал үүссэн. Шатахуун импортлогч аж ахуйн нэгжүүд ашиггүй, алдагдалтай ажиллаж эхэлсэн. Тиймээс Засгийн газар зах зээлийн хуулийн эсрэг шатахууныг үнийг барина гэсэн ойлголт байхгүй гэдгийг ний нуугүй хэлье.

2018.01.05

Шатахууны хомсдол улам нэмэгдэж иргэд машинаа түрж эхлэх үед Засгийн газар ОУВС-гаас зөвшөөрөл авсны үндсэн дээр А80, АИ92 шатахууны онцгой албан татварыг тэглэх шийдвэр гаргасан.

Ч.Хүрэлбаатар: -2017 оны долдугаар сараас эхлээд дэлхийн зах зээл дээр нефьтийн үнэ өсөөн. Судалгаа хийгээд үзэхээр нефьтийн үнэ 60-70 ам.доллар дээр хэлбэлзэх төлөвтэй байгаа.  ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдах үед нефьтийн үнэ 40 орчим ам.доллар байсан. Тиймээс өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд А80, АИ92 шатахууны онцгой албан татварыг тэглэх шийдвэр гаргалаа. А95, АИ98 болон дизель түлшний онцгой албан татварыг хэвээр нь үлдэхээр боллоо. Гадуур үүсээд байгаа шатахууны хомсдол энэ шийдвэр гарсны дараа арилна гэдэгт итгэлтэй байна. А80, АИ92 шатахууны онцгой албан татварыг тэглэх шийдвэр гаргаснаар төсвийн орлого 68 тэрбум төгрөгөөр тасарна. Гэхдээ төсөвт тодотгол хийхгүйгээр бусад орлогоор нөхөх боломжтой гэж үзэж байгаа. 

2018.01.24

Засгийн газар “ОУВС-тай ярилцаж байж шийдвэр гаргана” гэж хүлээсээр асуудал үүссэнээс хойш бүтэн сарын дараа шийдвэр гаргаж ойртсон борооны араас цув нөмрөв.

М.Энхболд: -Засгийн газар шатахууны онцгой албан татварыг дангаараа шийдэх боломжтой. Ийм хууль эрх зүйн орчин 2007 онд бүрдсэн. Тиймээс өнгөрсөн арванхоёрдугаар сарын 24-д анх асуудал үүсэхэд л шийдвэр гаргаж болох байсан. Нэгдүгээр сарын 8-нд бүлэг хуралдаад анхааруулсан. Тухайн үед нь шийдвэр гаргаагүй. ОУВС-тай ярилцаж шийднэ гээд байгаад л байсан. Гэтэл ОУВС-тай хэлэлцээ хийх эхлэхийнхээ өмнөх өдөр шийдвэр гаргасан. Нөхцөл байдал ямар байсан гэдгээ ялгаж шалгамаар байна.

2018.01.26

Монголчуудын гол хэрэглээ болсон А80, АИ92 шатахууны онцгой албан татварыг тэглэсэн ч асуудал шийдэгдсэнгүй. Өнгөрсөн долоо хоногийн эхээр АИ92 шатахууны үнэ литр тутамдаа 30-35 төгрөгөөр нэмэгдсэн бол амралтын өдрүүдэд Улаанбаатар хотын захын хорооллуудад 100-110 төгрөгөөр нэмэгдлээ. Засгийн газар А80, АИ92 шатахууны онцгой албан татварыг тэглэхээс өмнө шатахуун импортлогчид “Татварыг тэгсэн ч алдагдалтай ажиллахаар байгаа” хэмээн мэдэгдэж байлаа. Энэхүү тайлбартаа нийцүүлэн үнээ нэмж байгаа нь энэ бололтой. Уг нь сарын өмнө дэлхийн зах зээл дээр 70 ам.долларт хүрээд байсан нефтийн үнэ сүүлийн энэ сарын эхнээс тасралтгүй буурсаар 63 ам.доллар хүрлээ. Монголд ирж ажилласан ОУВС-гийн ажлын хэсгийн ахлагч Жефф Готлеб “Дэлхийн зах зээл дээр нефтийн үнэ нэмэгдвэл Монгол Улсын эдийн засагт том цочрол болж магадгүй” хэмээн саяхан хэлсэн. Тиймээс нефтийн үнэ буурах нь монголчуудын хувьд баяртай мэдээ байх учиртай. Харамсалтай нь, манай шатахуун импортлогчдын хувьд дэлхийн зах зээл дээрх энэхүү хямдрал нь монголчуудад падлийгүй бололтой. Дэлхийн зах зээл дээр нефтийн үнэ тасралтгүй уруудаж, Монголд шатахууны үнэ тасралтгүй өсч байгааг юу гэж ойлгох вэ. Ерөнхий сайд хэлсэн зах зээлийн хууль энэ биш л байлтай.

            Монгол түмний уламжлалт Цагаан сарын баяр тохиож шатахууны хэрэглээ нэмэгдэж буй энэ үед шатахууны үнэ нэмэгдэж байна. Үүнийг хэрхэн зохицуулах вэ. Яг үнэндээ шатахууны импортлогчдоос өөр хэн ч зохицуулж чадахгүй мэт харагдаж байна. Засгийн газар авч болох хамгийн том арга хэмжээгээ авч шатахууны татварыг тэглэчихсэн. Гэхдээ “Одоо өөр арга байхгүй. Шатахууны үнэ хэрхэхийг тэнгэр мэдтүгэй” гээд сууж боломгүй санагдана.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (6)

  1. Засгийн газар шатахуун импортлогч нарт 75 аараа буугаад өгсөн юм байж.Тэгвэл сайд нарынхаа унадаг хэмжээ хязгааргүй бензин шатахуун иддэг том том жипнүүдийнхээ учрыг олох болоогүй юу.Хязгааргүй эрх мэдэлтэй сайд нар чинь улам л даварч байна даа

    0 0 Хариу бичих
  2. Бензин, шатахуун авахгүй явган эсвэл нийтийн тээврээр зорчих сонголт та нарт байгаа шүү!!!

    1 0 Хариу бичих
  3. Бүх колонкуудыг дэлбэл

    1 1 Хариу бичих
    • Тэгж тэнэгтэх хүн хаана ч байхгүй.Чи харин турхирч суухаар явган гүйгээч чамд хэрэгтэй!!!! (0)))

      0 0
  4. Хүрэлсүх хэдэн шатахууны наймаачдад толкового мэдүүлээд. Анандбазраас айгаад шээс нь гоожих шахдаг гэсэн, үнэн байж л дээ, юу ч хийж чадахгүй. Өрөвдмөөр ч шоучин болдоо зайлуул

    0 0 Хариу бичих
  5. Ern hen medeeeg um. Bi lav medehgui.

    0 0 Хариу бичих