Гурван саяулаа хөрөнгө оруулагч болцгооё

Америкийн Үнэт цаас, Хөрөнгийн биржийн Комиссын дарга Луис Агилар “1950 онд АНУ-ын хөрөнгийн зах зээлийн үнэлгээ 94 тэрбум байх үед институцийн хөрөнгө оруулагчид хөрөнгийн зах зээлийн ердөө найман хувийг эзэлж байлаа. Тэгвэл 2010 онд АНУ-ын хөрөнгийн зах зээлийн үнэлгээ 18 наяд 500 тэрбум долларт хүрсэн ба институцийн хөрөнгө оруулагчид 67 хувийг эзэлж байна. Жаран жилийн дотор АНУ-ын хөрөнгийн зах зээл 200 дахин тэллээ. Энэ гайхамшигт өсөлтийг авчирсан хамгийн гол хүчин зүйл бол институцийн хөрөнгө оруулагчид байсан юм” гэж илтгэлдээ онцолжээ. 

Институцийн хөрөнгө оруулагчид бол барууны орнуудад хөгжөөд дэлхийн бусад улс орнууд руу хурдацтай тархаж байгаа “Хамтын өмчлөл”-ийн маш чухал хэлбэр юм.

Баян хоосны хоёр туйлд хуваагдчихаад байгаа манай нийгмийн хамгийн эмзэг, хурц асуудлыг шийдвэрлэж, баялгийн хуваарилалтыг ард түмэнд хүртээмжтэй болгоход институцийн хөрөнгө оруулагчид далайцтай том хувь нэмэр оруулж чадна. 

ИНСТИТУЦИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИД ГЭЖ ХЭН БЭ?

Хөрөнгийн зах зээлд хөрөнгө оруулагчдыг жижиглэнгийн хөрөнгө оруулагч (retail investor), бөөний буюу институцийн хөрөнгө оруулагч (institutional investor) гэж хоёр ерөнхий бүлэг болгон хуваадаг. Жижиглэнгийн хөрөнгө оруулагч гэдэг нэр томъёо гол төлөв хувь хүмүүсийн шууд оролцоог илэрхийлдэг.

Дэлхийн чиг хандлагыг харвал хувь хүмүүсийн хөрөнгө зах зээлд оролцох шууд оролцоо тасралтгүй буурсаар байна.

1960-аад онд АНУ-ын хувьцаа эзэмшигчдийн 84 хувь нь хувь хүмүүс байсан бол өдгөө 40 хувь болж хоёр дахин буурсан. Их Британид 1950-иад онд энэ үзүүлэлт 54 хувь байсан бол өдгөө 11 хувь болсон. Эсрэгээр институцийн хөрөнгө оруулагчид улам бүр хүчээ авч байна. Сүүлийн арван жилд институцийн хөрөнгө оруулагчдын хөрөнгө хоёр дахин өсч 2011 оны байдлаар 84 их наяд 800 тэрбум долларт хүрчээ. Дэлхийн корпорациудын өмчлөлийн бүтцийг харвал институцийн хөрөнгө оруулагчид давамгайлсан, харин жижиглэнгийн хөрөнгө оруулагчид маш цөөн хувийг эзэлсэн дүр зураг харагдана. Тухайлбал, Германы хамгийн том “Дойчэ” банкны 81 хувийг 5600 институцийн хөрөнгө оруулагчид, 19 хувийг 562 мянган хувь хүн эзэмшдэг. 

Институцийн хөрөнгө оруулагч гэдэг бол хөрөнгө оруулагчдаас төвлөрүүлсэн хөрөнгийг өсгөх зорилгоор санхүүгийн зах зээл дээр үйл ажиллагаа явуулдаг мэргэжлийн хөрөнгө оруулалтын байгууллага юм. Институцийн хөрөнгө оруулагчдад хөрөнгө оруулалтын сан, даатгалын компани, тэтгэврийн сан, баялгийн сан, хувийн хувьцааны сан, хэдж сан, биржийн арилжааны сан багтдаг.

Институцийн хөрөнгө оруулагчдыг дотор нь цар хэмжээ болон онцлогоос нь хамааруулаад үндсэн, альтернатив гэж ангилах нь бий. Хамрах цар хүрээ, хөрөнгийн хэмжээгээр хөрөнгө оруулалтын сан, даатгалын компани, тэтгэврийн сан бусдаас үлэмж том учраас энэ гурвыг институцийн үндсэн хөрөнгө оруулагчид гэдэг. 2011 оны байдлаар институцийн хөрөнгө оруулагчдын хөрөнгө 84 их наяд 800 тэрбум долларт хүрсэн. Үүний 86 хувь буюу 73 их наяд доллар нь хөрөнгө оруулалтын сан, даатгалын компани, тэтгэврийн сангуудын хөрөнгө байсан юм. 

Харин баялгийн сан, хувийн хувьцааны сан, хэдж сан, биржийн арилжааны санг институцийн альтернатив хөрөнгө оруулагч гэдэг. Тэд хамрах цар хүрээ, хөрөнгийн хэмжээгээр бусдаасаа нэлээд бага. 2011 онд тэдний нийт хөрөнгө 12 их наяд доллар байсан нь институцийн хөрөнгө оруулагчдын нийт хөрөнгийн ердөө 14 хувьтай тэнцэж байна. Хувийн хувьцааны сан, хөдөлмөр эрхлэгчдийг дэмжих сан, биржийн арилжааны сангийн хувьд бусад институцийн хөрөнгө оруулагчдаас ялгаатай зүйл бол нэг талаар хөрөнгө оруулагч, нөгөө талаар хувьцаа, бонд, үл хөдлөх хөрөнгө шиг хөрөнгө оруулалтын хэрэгсэл болдог. Том хөрөнгө оруулагчид хөрөнгө оруулалтынхаа цэсэд тусад нь хэдж сан, хувийн хувьцааны сан, биржийн арилжааны сан байгуулж хөрөнгийн зах зээлд үйл ажиллагаа явуулдаг. 

Дээр дурдсан тоо, баримтууд зөвхөн Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагийн (OECD) гишүүн өндөр хөгжилтэй 35 орны тоон мэдээлэл юм. Эдгээр орны хувьд баялгийн сан харьцангуй бага хувийг эзэлдэг. Харин Арабын Нэгдсэн Эмират, Кувейт, Саудын Араб зэрэг булангийн орнууд, Норвеги, Сингапур, Хятад зэрэг хүчирхэг эдийн засаг бүхий олон оронд баялгийн сан хөрөнгийн зах зээлийн аварга том тоглогчид байдаг бөгөөд институцийн үндсэн хөрөнгө оруулагчдад багтдаг.

Байгалийн баялаг ихтэй манай орны хувьд баялгийн сан бол институцийн үндсэн хөрөнгө оруулагч байх бүрэн боломжтой.

КОРПОРАЦИУДЫН ӨМЧЛӨЛИЙН БҮТЭЦ

Дэлхийн нийт баялгийн 30 хувийг 200 корпораци хянаж байна. АНУ-ын топ-500 компани тус улсын ДНБ-ий гуравны хоёрыг бүрдүүлдэг. Манай топ-300 компани Монголын ДНБ-ний 70 хувийг бүрдүүлж байна.

Эндээс баялгийн хуваарилалтын хамгийн том суваг бол корпорациуд болохыг түвэггүй харж болно. Корпорацийн өмчлөлийн бүтэц ямар байхаас баялгийн хуваарилалт хэр хүртээмжтэй байх эсэх шууд хамаарна. Өнөөдөр барууны орнууд институцийн хөрөнгө оруулагчдаар дамжуулан корпорациудын өмчлөлийн бүтцэд хувьсгал хийжээ. 2009 оны байдлаар Америкийн хамгийн том 1,000 (нэг зуу биш шүү! нэг мянга) компаний хувьцааны 73 хувийг институцийн хөрөнгө оруулагчид эзэмшиж байжээ. Их Британид 2013 оны байдлаар хувьцаат компаниудын 70 гаруй хувийг институцийн хөрөнгө оруулагчид эзэмшиж байв. Австралид 2009 оны байдлаар хувьцаат компаниудын 64 хувийг институцийн хөрөнгө оруулагчид эзэмшиж байсан аж.

Бидний төсөөлөө ч үгүй нийтийн өмчлөлтэй улсууд болжээ, тэд. Гэтэл манайд нийтийн өмчлөл ярихаар л социалист, коммунист гэж цоллож, төрийн өмчлөл гэж эндүүрцгээнэ. Манайд корпорациудын өмчлөлийн бүтэц ямар байна вэ? 2016 оны Монголын топ-100 компаний өмчлөлийн бүтцийг харвал 17 нь төрийн өмчит болон төрийн өмч давамгайлсан компани, харин 83 нь гэр бүлийн компани байна.

Хэдийгээр АПУ, “Говь”, “Талх чихэр”, “Сүү”, “Дархан нэхий” гэсэн таван хувьцаат компани жагсаалтад багтсан ч өмчлөлийн бүтцийг харвал гэр бүлийн компани гэж үзэхээр байна. Учир нь эдгээр компаниудын хувьцааны 80 ба түүнээс дээш хувийг ердөө гурваас таван хүн өмчилдөг. Үүнээс гадна анхаарал татсан зүйл бол уг жагсаалтад “Эм Си Эс” группын бүл арван нэгэн компани, АПУ-гийн бүл зургаан компани, “Таванбогд” группын бүл дөрвөн компани, “Ньюком” группын бүл гурван компани багтжээ. Мөн нэг эзэнтэй хоёр бүл компаниуд нэлээд хэд байна. Дээрх тоо баримт нь манай улсад цөөн гэр бүлийн өмчлөл хэр хүчтэй байгааг илтгэнэ. Энд шударгаар хөдөлмөрлөж амжилтанд хүрсэн бизнесменүүдийг буруутгах гэсэнгүй. Үндэсний том компаниуд руугаа дайрч, давшил гэж хэлэх гэсэнгүй. Харин төр бодлогоор өмчлөлийн тэнцвэртэй бүтцийг бий болгох хэрэгтэйг сануулж байна. 

Сүүлийн үед манайд байдаг, байдаггүй хэмээн ихээхэн маргаан дагуулаад байгаа нэр томъёо бол “гэр бүлийн өмчлөл”, “гэр бүлийн компани” юм. Эдийн засагт ийм нэр томъёо бий.

Өмчлөлийн бүтэц ярихад энэ нэр томъёог ашигладаг. Хувьцаа нь нийтэд нээлттэй арилжаалагддаггүй хувийн хүний эзэмшилд байгаа компанийг гэр бүлийн компани гэж үздэг. Мөн хувьцаат компани дээр ч энэ нэр томъёо яригдана. Хувьцаат компаний хяналтын болон давамгай хувьцааг хувь хүн болон цөөн хэдэн хүмүүс эзэмшиж байвал үүнийг гэр бүлийн өмчлөл давамгайлсан компани гэж үздэг. Хүнлэг, ардчилсан, эрх чөлөөт нийгмийн суурь нь эдийн засгийн зөв бүтэц, баялгийн тэнцвэртэй, хүртээмжтэй хуваарилалтаас эхтэй.

Ядуу хүнд эрх чөлөө үнэ цэнэгүй. Өлссөн хүнд ардчилал хэрэггүй. Нийгмийн суурь алдагдвал үндэстэн хэт баян цөөнхи, нэн ядуу олонхи гэсэн дайсагнасан хоёр ангид хуваагдаж, нийгэм тогтворгүй болж, цаашилбал энэ эвлэршгүй хуваагдал мөргөлдөөнд хүргэх аюултай. 

Иймээс Монголын төр тогтвортой нийгмийг хүсч байгаа бол корпорациудын өмчлөлийн бүтцэд анхаарах ёстой. Корпорациудын өмчлөлийн бүтцийг хүчээр биш, бодлогоор, зах зээлийн зарчмаар өөрчилж чадах нэг том хэрэгсэл бол институцийн хөрөнгөр оруулагчид юм.

Манайд ч өмчлөлийн энэ гажуудлыг хөндөн ярьж, үндэсний том компаниудын өмчлөлд дундаж давхаргыг оруулах хэрэгтэйг ярьдаг хэсэг бий. Тухайлбал, хуучин хэвлэх үйлдвэрийн газрын хувьчлалд олуулаа нийлж оролцох санаачилга гарч байлаа. Энэ бол маш зөв санаачилга байсан. 

Хүчирхэг институцийн хөрөнгө оруулагчид нь корпорациудын өмчлөлд асар том нөлөө үзүүлдэг. 2016 оны байдлаар АНУ-ын топ 10 институцийн хөрөнгө оруулагч тус улсын нийт хувьцаат компаниудын 42 хувийг өмчилж байна. Жишээлбэл, 4 их наяд 700 тэрбум долларын хөрөнгөтэй дэлхийн хамгийн том хөрөнгө оруулалтын компани “Блэк Рок” гэхэд АНУ-ын таван компани тутмын нэгд хамгийн том хувьцаа эзэмшигч бөгөөд 2,610 компанид таваас дээш хувийн хувьцаа эзэмшдэг. Өмчлөлийн бүтцийн хувьд энэ бол аварга тоо юм. Энэ тоо баримт бидэнд юу хэлж байна вэ?!! Эндээс бид хөрөнгийн зах зээлийн хөгжлийн чиг хандлагаа харах хэрэгтэй.

БОДЛОГОД СУУРИЛСАН ХУВЬЧЛАЛ

Хувьчлалын гурав дахь давалгаа явуулахаар төрөөс хувьчлах аж ахуйн нэгжүүдийг жагсаалт гаргасан. Эдгээрт МИАТ, “Цахилгаан холбоо”, “Мэдээлэл холбооны сүлжээ”, “Монгол шуудан”, Төрийн банк, цахилгаан станцууд, Эрдэнэт-Булганы цахилгаан түгээх сүлжээ, Багануур-Зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ, Шивээ овоо, Багануурын нүүрсний уурхай зэрэг нийтийн эрх ашигт хүчтэй нөлөөлөх олон үйлдвэр, газрууд багтжээ.

Цахилгаан станц, цахилгаан түгээх сүлжээ зэрэг монополь салбарууд жагсаалтад багтаж байгаа нь ихээхэн болгоомжлол төрүүлж байна. Монополь салбарт үл үзэгдэгч гар ажиллаад, эрүүл өрсөлдөөн үүсээд, нийтийн сайн сайханд аандаа үйлчилнэ гэж бодож байна уу?! 

Бүгдээрээ одоо ийм гэнэн сэтгэхээ больцгооё. Монголоос өөр монополь салбараа хувьчлал нэрээр цөөн хэдэн хүний гарт өгчихдөг улс дэлхийд байхгүй. Хувьчлахдаа тулбал нийтийн эрх ашигт хохиролгүй хувилбарыг сонгодог. Тэр бол институцийн хөрөнгө оруулагчид. Институцийн хөрөнгө оруулагчид биднийг нэг бол төрийн мэдэлд байх, үгүй бол цөөн гэр бүлийн гарт орох гэсэн бидний хүсээгүй сонголтоос гаргах болно.

Манай дарга нар “Хөрөнгийн биржээр дамжуулж ард түмэндээ нээлттэй хувьчилна” гэж ярих боллоо. Энэ гоё сонсогдож байна. Гэхдээ энэ бол мөнгөтэй нь ав гэсэн үг. Өмнө явуулж байсан хувьчлалуудаас агуулгын хувьд дээрдэх юмгүй. Энэ зарчмаар хувьчлал явуулбал нөгөөх л нийгмийн хэт хөрөнгөжсөн цөөнхид үндэсний том үйлдвэр газрууд очих нь тодорхой. 

Тиймээс Монголын төр энэ удаад агуулгын хувьд тэс өөр хувьчлал явуулах шаардлагатай. Чинээлэг дундаж давхаргыг бий болгоно гэж тунхагладаг Монгол төр үндэсний том үйлдвэр газруудаа дундаж давхарга эзэмших бололцоогоор хангах ёстой. Үүний тулд хувьчлах шалгуураа өөрчил. Мөнгө биш олон нийтийн оролцоог хувьчлах үндсэн шалгуур болго. Хэдэн төгрөг ахиу олохын тулд биш хувьчлалаар дамжуулж эдийн засагт олон нийтийн оролцоог хангах, зах зээлд эрүүл өрсөлдөөн авчирахад Монгол төрийн бодлого чиглэгдэх учиртай. 

Төрийн банк бол Хаан банктай өрсөлдөхүйц Монгол даяар салбартай санхүүгийн асар том дэд бүтэц. Энэ банкыг хөрөнгө оруулалтын сангуудад өгөөд жинхэнэ ард түмний банк болгож болно. Тэгвэл банкны бугшсан салбарт эрүүл өрсөлдөөн авчрахгүй юу?! Иргэд, баялаг бүтээгч нар өөрсдийн банктай болсноор мөнгө хүүлэлтэд цэг тавиж чадахгүй гэж үү?!

“Мобиком”, “Юнитель”-тэй өрсөлдүүлэхээр “Монголын цахилгаан холбоо” компанийг, “Сансар”, ДДИШ, “Юнивишн”-тэй өрсөлдүүлэхээр “Мэдээлэл холбооны сүлжээ” компанийг хөрөнгө оруулалтын сангуудаар дамжуулж ард түмэндээ өгч яагаад болохгүй гэж?! Хэрэглэгчдэд тулгалт биш бодит сонголт хэрэгтэй.

Дайны эрсдэлийн сангийн хэрэг зэрэг олон тэрбум төгрөгийн хулгай, луйвар үүр болсон МИАТ компанийг яагаад институцийн хөрөнгө оруулагчдад өгч, жинхэнэ ҮНДЭСНИЙ агаарын тээвэрлэгч болгож болохгүй гэж? Тэгвэл МИАТ тойрсон хэл амнаас салж, иргэд хямд зардлаар зорчихгүй юу?!

Дулаан, цахилгааны станцууд (ДЦС) алдагдлын үүр боллоо. Төрөөс авсан татаас нь ахиад нэг, хоёр цахилгаан станц барих мөнгөтэй тэнцлээ гэж шүүмжилдэг. Энэ үнэн. Гэхдээ тэглээ гээд хувьчлал нэрээр цөөн хэдэн хүний гарт орвол төрд байснаасаа илүү нийтийн эрх ашигт хохиролтой. Өнгөрсөн түүхээ санацгаая. ДЦС-уудаа авлигаас ч хол байлгая, цөөн хэдэн хүний гарт ч өгөхгүй байя гэвэл институцийн хөрөнгө оруулагчдаар дамжуулж ард түмэндээ өгье. Ингэснээр төрд ч тээргүй, иргэдэд ч дарамтгүй байх бус уу?

ДЦС-уудыг нүүрсээр хангадаг Багануур, Шивээ овоогийн уурхайнууд байршил, дэд бүтэц, нөөцийн хувьд монополь биш гэж үү? Энд нийтийн эрх ашиг яригдахгүй юу? Төр шатахуун импортлогчидтой яаж ноцолдож байна. Үүнээс ч долоон дор нөхцөл байдал үүсэхгүй юү? Авлигад идэгдсэн нийгэмд төр муу менежер гэдэг үнэн. Тэгвэл институцийн хөрөнгө оруулагчдаар дамжуулж, ард түмэнд сайн менежер байх боломжийг олгоё л доо.

Эцэст нь хэлэхэд хөрөнгө оруулагч үндэстэн гэдэг бол жирийн иргэд даатгалын гэрээгээрээ, тэтгэврийн дансаараа, хуримтлуулсан багахан хөрөнгөөрөө үндэсний үйлдвэр, компаниудын хувьцааг эзэмшиж, компанийн засаглалд оролцож, баялгаас хувь хүртдэг нийгэм юм. Хөрөнгө оруулагч үндэстэн болохын тулд бүгдээрээ институцийн хүчирхэг хөрөнгө оруулагчид болцгооё. 

                                                                                                                                                                                                                                            Нийтлэлч Г.ЭНХНАСТ


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)