С.Түмэнгэрэл: Бид дэлхийн техник технологитой хөл нийлүүлж, зарим талаараа илүүрхэж байна

Монгол Улсын Аж үйлдвэрийн гавьяат ажилтан, “Өгөөж чихэр боов” ХХК-ын Ерөнхий захирал С.Түмэнгэрэлтэй ярилцлаа.

-Сар шинийн баяр дөхөж байна.  Танай компанийн ажлын ачаалал өндөр байна уу?

-Монгол түмний уламжлалт сар шинийн баяр, идээ, будааныхаа өнгөөр ирэх жилээ тодорхойлох өдөр ойртож байна.  “Өгөөж чихэр боов” ХХК уламжлалт хэрэглээг үйлдвэрийн технологид оруулсан гэдэг утгаараа, хэрэглэгчиддээ хүргэдэг бүтээгдэхүүний технологио хадгалаж ирсэн гэдэг утгаараа ч тэр олон жилийн турш сар шинийн эдгээр өдрүүдэд манай компани ачаалалтай байдаг.  Энэ хэрээрээ бид хэрэглэгчдийнхээ өмнө бүр өндөр үүрэг, хариуцлага хүлээдэг үе байдаг. Манай компанийн ажилчид олон жил энэ хариуцлагаа биелүүлж ирлээ.

-Анх гурил, гурилан бүтээгдэхүүнийг дотооддоо үйлдвэрлэхээр  байгуулагдаж байсан “Өгөөж чихэр боов” ХХК одоо ямар түвшинд хүрээд байна?

-“Өгөөж чихэр боов” ХХК байгуулагдаад 82 жил болж байна.  Анх 1936 онд Амгаланд нарийн боовны цехийн зориулалтаар байгуулагдсан байдаг. ЗХУ-аас орчин үеийн шинэ техник технологийг авчирч одоогийн байгаа үйлдвэрийн суурин дээр 1958 онд чихэр боовны үйлдвэрлэл гэсэн утгаараа үйлдвэр байгуулагдан үйлдвэрлэл эхэлсэн. Ямар ч цаг үе нийгэмд "Өгөөж"-компанийн маань алтан гартай хамт олон хэрэглэгчдээ хүнсний бүтээгдэхүүнээр хангах үүргээ нэг төртэй биелүүлсээр ирсэн. Миний хувьд 1997 оноос эхэлж ажилласан. “Өгөөж чихэр боов” ХХК өдрөөс өдөрт техник технологи, бүтээгдэхүүнээ сайжруулж хэрэглэгчдийнхээ  хүсэл сонирхол, дэлхийн стандартад нийцүүлсэн бүтээгдэхүүн хийхийн төлөө, хийн ажиллаж байна. Тухайлбал энэ онд манай компани уламжлалт бүтээгдэхүүнийхээ жор технологийг улам сайжруулахын зэрэгцээ “Өгөөж мини” гэсэн нэр төрлийн шинэ бүтээгдэхүүнийг гаргасан.

-“Өгөөж” бол яах аргагүй үндэсний брэнд. Тэгэхээр бүтээгдэхүүн бүрийг үндэсний үйлдвэрлэлийн хэмжээнд үйлдвэрлэж чадаж байна уу?

-Брэнд гэдэг маань үйлдвэрлэлийн хувьд тогтвортой, тогтмол үйл ажиллагаа явуулж, хөгжил дэвшил, өсөлттэй байж хэрэглэгчдийн таашаалыг хүлээсэн бүтээгдэхүүн хийдэг үйлдвэрлэлийг хэлнэ. Манай компанийн хувьд энэ нөхцөлүүд бүгд бүрдсэн. Олон жил тасралтгүйгээр бүтээгдэхүүнийхээ технологийг хадгалан үйлдвэрлэл явуулна гэдэг амар биш. Хамт олны сэтгэл зүрх, хөлс хүч  шаардсан ажил байдаг.

-Гурилан бүтээгдэхүүнийг дэлхийн стандартын хэмжээнд үйлдвэрлэх, тэр технологийг эх орондоо нэвтрүүлэхэд хүндрэлтэй юу?

-Бид аль болон шинэ технологи, knowhow, инновацийг оруулж ирэх, тэрийгээ Монголд нутагшуулах, хэрэглэгчдийн хүсэлд нийцүүлсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэхийг эрмэлздэг. Үүнийгээ биелүүлэхийн тулд хөлс хүч, цаг заваа гаргаж эрэл хайгуул их хийдэг. Үүнийхээ хүчинд олон технологийг оруулж ирсэн.

1990-ээд оны үед үйлдвэр маань гар ажиллагаа ихтэй байсан. Одоо бүх ажиллагаа нь автомат. Үйлдвэрт автомат ажиллагаатай байснаар хүнсний аюулгүй байдал, ариун цэвэр, стандартаа барих талаасаа ихээхэн ач холбогдолтой. Мөн ажлыг бүтээмжийг өндөр болгож өгдөг. Манай үйлдвэрийн нарийн боовны хэсэгт дэлхийн номер нэг тоног төхөөрөмж, еэвэнгийн цехэд Монгол инженерүүдийн ур ухаан, европын техникийн дэвшлийг хамтатган дэлхийд өөр хаана ч байхгүй машиныг бүтээсэн. Дэлхийд еэвэн хэвлэдэг машин байдаг. Гэхдээ нэг бүрчлэн хэвлэдэг. Харин манай үйлдвэрийнх нэг хэвлэлтдээ олон тоогоор хэвлэдэг. Энэ машиныг судлахаар гаднаас олон хүн ирж туршлага солилцсон. Тэгэхээр бид дэлхийн техник технологитой хөл нийлүүлж зарим талаараа илүүрхэж байна.

-Хэрэглэгчид хүнсний бүтээгдэхүүний орцод ихээхэн анхаардаг. Нарийн боовон дээр сүүлийн үед  “Е....” гэсэн тэмдэглэгээ харагдах болж. Энэ ямар учиртай тэмдэглэгээ вэ?

-Хэрэглэгчид  хүнсний найрлагадаа анхаарч байна гэдэг сайн зүйл. Сүүлийн үед олон улсын стандартад бүтээгдэхүүнд орж байгаа түүхий эдийг “Е” гэсэн стандарт тэмдэглэгээгээр тэмдэглэдэг болсон.  Хэрэглэгчид “Е” гэсэн тэмдэглэгээг хортой гэж эндүүрдэг. “Е” нь дотроо  аюултай, аюулгүй, хэрэглэж болох болохгүй гээд олон зүйлийг тэмдэглэдэг. Тухайлбал хүнсний сода, хөөлгөгч, нимбэгийн хүчил бүгд ”Е” тэмдэглэгээгээр тэмдэглэгддэг. Хөөлгөгч, амтлагчгүй нарийн боов гэж байхгүй шүү дээ.

-Хүнсний бүтээгдэхүүний найрлага дахь транс тосны талаар ихээхэн яригдах болсон. Танай компанийн хувьд бүтээгдэхүүндээ энэ төрлийн тосыг хэрэглэдэг үү?

-Дэлхий нийтийн чиг хандлагыг харахад транс тосноос татгалзаад  байгаа. Манай компанийн хувьд аль ч бүтээгдэхүүндээ транс тосыг хэрэглэдэггүй гэдгээ хэрэглэгчдэдээ итгэлтэйгээр хэлэх байна. Бид Сингапур улсын тос тосон бүтээгдэхүүнээрээ дэлхийд тэргүүлдэг Ламсу компанитай 20 гаруй жил хамтарч ажиллаж байна.

-Өгөөжийн бүтээгдэхүүн жиндээ хүрдэггүй гэсэн яриа байдаг. Та энд тайлбар өгөөч?

-Манай бүтээгдэхүүн жингээсээ дутуу савлагдах ямар ч боломжгүй. Ширхгийн бүтээгдэхүүн ширхгээрээ, килограммын бүтээгдэхүүнүүд автомат машинаар савлагддаг. Автомат машин учир бүх бүтээгдэхүүнийг өгөгдсөн жингээр савладаг. Тэр дундаас ганц уут бүтээгдэхүүн дутуу савлагдана гэж байхгүй. Боломжгүй зүйл.

-Бодлогын хувьд “Өгөөж чихэр боов” ХХК  бусап үндэсний үйлдвэрлэлээ хэр дэмжиж түүхий эд болгодог вэ?

-Бүтээгдэхүүндээ 100 хувь монгол гурил хэрэглэдэг. Бусад түүхий эд монголд байдаггүй учир өөрсдөө хамгийн найдвартай газраас импортлодог. Эх орноосоо түүхий эдээ авахыг хүсдэг. Тэр болгоныг монголд үйлдвэрлэдэг болоосой.

-Гадаадад суугаа монголчуудын дунд “Өгөөж”-ийн бүтээгдэхүүн эрэл ихтэй байдаг. Бүтээгдэхүүнээ дэлхийн зах зээлд гаргах уу?

-Мэдээж, тийм эрмэлзэл бий.  Уг нь манайх шиг хоёр том хөрштэй улсад зах зээл  бий. Энд Засгийн газар хоорондын худалдааны зохицуулалт хэрэгтэй байна. Тухайлбал ОХУ-д бүтээгдэхүүн гаргахад 40 хувийн татвартай ОХУ-аас манайд улсад орж ирж байгаа бүтээгдэхүүний татвар таван хувь байдаг.

 Мөн тухайн улсын стандарт хорио цээрийн дэглэм чанга. Үе үеийн УИХ, Засгийн газраас бизнес эрхлэгчдэд дэлхийд гарах замыг нээж өгөхийг  хүсдэг. Тэгсэн мөртлөө гаднаас орж ирж байгаа бүтээгдэхүүнд зах зээл нээлттэй байдаг.

-“Өгөөж чихэр боов” ХХК-ийн зүгээс хэрэглэгчдээ дэмжсэн ямар ажил хийж байна вэ?

-Түрүүн хэлсэнчлэн жилийн энэ үе манай компанийн хувьд маш их хариуцлагатай, цаг үе байдаг. Бид жил бүр, ямар ч хямралтай, хэцүү цаг үе байсан хэрэглэгчдэдээ зориулан хэвийн боовны үнийг буулгадаг. Энгийн үед 2800 төгрөгөөр зарагддаг хэвийн боовыг 2180 төгрөгөөр зарж байгаа. Мөн монголчууд тавгийн идээгээрээ ирэх жилийн өнгө зүс, хийморь лундаагаа билэгшээдэгчлэн хэвийн боов худалдан авсан хэрэглэгчдийнхээ дунд гэр бүлийн автомашины хонжвортой сугалаа явуулж байна.