Тайванийн газар хөдлөлтийн улмаас хохирогчдын тоо нэмэгдсээр байна

Тайваньд болсон газар хөдлөлтийн улмаас хүнд гэмтэл авч, улмаар нас барсан иргэдийн тоо нэмэгджээ. Хамгийн сүүлийн мэдээгээр 10 хүн нас барж, 267 хүн гэмтсэн байна. Үүнээс гадна 58 хүн сураггүй алга болж, эрэн хайх ажиллагаа явагдаж байна

Тайванийн нутгийн ихэнх хэсгийг хамарч, ялангуяа Хуалиенд 7 балл орчимд хүрсэн нь 2000 оноос хойш анх удаа тохиож буй хамгийн хүчтэй газар хөдлөлт болсныг эрдэмтэн, судлаачид онцолж буй. Мөн энэ удаагийн газар хөдлөлт нь цар хүрээгээрээ өргөн тул дараа дараагийн газар хөдлөлтийг дагуулж магадгүй гэсэн таамаглал байгаа аж. Гэхдээ баллын хувьд буурсаар байх болно хэмээн Өмнөд Калифорнийн их сургуулийн Газар хөдлөлтийн төвийн судлаачид үзэж байна. Энэхүү 7 баллын газар хөдлөлтийн дараа дахин газар хөдлөлт дагуулах эсэхийг тогтооход ойролцоогоор 72 цагийн хугацаа хэрэгтэй тул анхаарал, сэрэмжтэй байхыг Тайванийн мэргэжилтнүүд ард, иргэддээ анхааруулж байна.

Тиймээс Тайваньд байгаа өөрийн улсын иргэдээ улс орнууд ЭСЯ-даараа дамжуулан татах арга хэмжээ авсаар байгаа юм. Монгол Улсын иргэдийн хувьд газар хөдлөлтийн голомтоос холдож, аюулгүй байранд түр хоргодож байгаа гэдгийг Тайвань дахь Монгол төлөөлөгчийн газрын дарга Я.Ариунболд мэдэгдсэн юм. Тэрээр "Өчигдөр шөнийн 03:20 (УБ) цагийн байдлаар газар хөдлөлтийн бүсэд манай 19 иргэн байсан. 15 иргэн сул хөдлөлтийн бүсэд аюулгүй. Хүчтэй хөдлөлтийн бүсэд байсан дөрвөн иргэнийг өнөөдөр өглөө Тайпэй дахь Худалдааны төлөөлөгчийн газарт авч ирсэн. Газар хөдлөлтийн аюул буурах хүртэл Тайпэйд байлгана. Хуалиан хотын Цжучи их сургуульд 6 оюутан сурдаг. Бүгд аюулгүй, хамгаалалтад байна. Дунва их сургуульд 10 оюутан суралцдаг. Тэд мөн хоргодох байранд байна. Төлөөлөгчийн газраас гадна Түр хоргодох байранд манай улсын 12 оюутан аюулгүй байгаа" гэсэн юм. Манай улсын 800 орчим оюутан Тайвань улсад суралцдаг бөгөөд тэдний 31 нь Хуалиен хотод суралцдаг аж.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)