УИХ хэлэлцэх асуудалгүй "болжээ"

УИХ-ын намрын чуулган энэ долоо хоногт завсарлах тов гарчээ. Чуулган завсахаас өмнө батлах хууль, тогтоолын төсөл УИХ-д олон бий гэсэн хүлээлт нийгэмд байсан ч талаар өнгөрч байна. Чуулган хуралдахын өмнө УИХ дахь намын бүлгүүд хэлэлцэх асуудлуудад байр сууриа нэгтгэдэг. Гэтэл эрх баригч намын бүлэг хагас сарын хугацаанд хуралдсангүй. УИХ-д сөрөг хүчний үүрэг гүйцэтгэж буй Ардчилсан намын бүлэг ч алдаг оног хуралдаж байна. Тэд үүнийгээ зарим гишүүн нь орон нутагт ажиллаж байгаа хэмээн тайлбарлаад өнгөрөх. Нэг ёсондоо парламентад есөн суудал авч, УИХ-д арайхийн бүлэг байгуулах чадамжтай болсон сөрөг хүчин олонхиороо хүч түрэн батлах хууль, тогтоолын төсөлд “хориг” тавьж чадахгүй байгаа.

Үүнээс гадна намын бүлгүүд хуралдахгүй байгаа шалтгаан нь нэг талаараа Засгийн газартай холбоотой. Засгийн газар УИХ-д хуулийн төсөл өргөн мэдүүлж, хэлэлцүүлэн асуудлаа шийдүүлж явах ёстой. Энэ удаагийн Засгийн газар санаачилсан хууль, тогтоолын төслөө “ногоон” гэрлээр батлуулах бүрэн боломж бий. Нэг нам засгийн эрх барьж буй энэ үед аливаа асуудлыг УИХ хэлэлцүүлгийн шатанд гацаах, ирцээр бойкотлох асуудал харьцангуй бага байгаа ч У.Хүрэлсүхийн Засгийн газар том төслүүдээ хөдөлгөх “дургүй” харагдах. Улс орны амьдралд тустай бодлогын томоохон шийдвэр гаргуулах боломжтой ч гүйцэтгэх засаглал зоригтой ажиллаж чадахгүй байна. Нэг нам олонхийг бүрдүүлж байгаа боломжийг алдалгүй Засгийн газар том төслүүдээ эдийн засгийн эргэлтэд оруулж, хүндрэлээс гарах арга зам сүвэгчлэхгүй, аар саархан шийдвэрээр аргацааж байгаа нь албан тушаалаа хадгалж үлдэх гэсэн башир арга мэтээр харагдаж байна.

Намрын чуулган өнгөрсөн аравдугаар сарын 2-нд нээлтээ хийж, бүтэн саржингаа У.Хүрэлсүхийн Засгийн газар байгуулах гэж талцаж, дараа нь 2018 оны улсын төсвийг батлахаар хэрэлдэцгээсэн. Үндсэндээ сар хагаст нь албан тушаалын томилгоо, төсөв хэлэлцэж өнгөрсөн УИХ үлдсэн хоёр сар гаруйн хугацаанд цөөнгүй хууль баталжээ. Энэ долоо хоногт УИХ-ын чуулганы хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт, “Монгол Улсын Их Хурлын 2018 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” УИХ-ын тогтоолын төсөл зэргийг хэлэлцэх тов байна. Мөн УИХ-ын гишүүн С.Эрдэнийн ердөө хэдхэн хоногийн өмнө буюу нэгдүгээр сарын 26-нд өргөн мэдүүлсэн Жолоочийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийг шийдэх аж.

Засгийн газар өнгөрсөн сарын 30-нд өргөн мэдүүлсэн “Монгол Улсад 2018-2020 онд цагаачлуулж болох гадаад иргэдийн тоо, бүтэц, байршлын тухай” УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг шийдэхээр байна. Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг мөн л өнгөрсөн сарын 31-нд Засгийн газар өргөн мэдүүлснийг энэ долоо хоногийн чуулганы хуралдаанаар хэлэлцэнэ.

Засгийн газар хууль тогтоох байгууллагын ажлын уялдаа холбоо ийм дүр зурагтай явсаар энэ удаагийн парламентын бүрэн эрхийн хугацаа талдаа орж байна. Хууль санаачлах эрх УИХ-ын гишүүн бүрт бий. Тэглээ гээд гишүүн бүрийн зарим талаараа тооцоо судалгаа муутай, нэг талыг барьсан хуулийн төслийг УИХ хэлэлцэх боломжгүй. Тиймээс гүйцэтгэх засаглал бодлогын томоохон шийдвэр болж гарахуйц хууль, тогтоолын төслөө хэлэлцүүлэх боломж дүүрэн байгааг сануулъя. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)

  1. Асуудал дууссан биш ухаан хүрэхгүй болсон.

    0 0 Хариу бичих
  2. Хуралдаа суух Дургүй тэдэнд амар юм болж дээ, Ер нь ч тэгээд УИХ Тарсан дээр дөө, Сүүлийн үед Санаачилж Баталж байгаа Хуулиуд нь Амьдралд нийцэхгүй , Амьдралаас тасархай Тооцоо судалгаагүй Ард иргэдийнхээ сэтгэлд нийцэхгүй , Гадны өндөр хөгжилтөй Орнуудын Хуулиудыг шууд хуулбарлаж дууриасан байдаг , Баталсан Хуулиуд нь 1 жилийн ч насжилтгүй эргээд Хуулиа өөрчлөөд сууж байдаг болсон УИХ , УИХ-ын Гишүүд нэртэй бодит Амьдралаас тасарсан Хуралаасаа хоцордог, тасалдаг нөхдүүд л сууж байна ш дээ

    0 0 Хариу бичих
  3. Тарах цаг нь болжээ

    0 0 Хариу бичих

ЭНЭ ТУХАЙ