Цахим худалдааны сүлжээгээр хуурамч эм, бэлдмэл борлуулсан этгээдүүдэд ял оноолоо

БНХАУ-ын Өвөрмонголын өөртөө засах орны Ордос хотын шүүх шууд худалдааны сүлжээ үүсгэн “халзралтаас сэргийлдэг, үс ургуулдаг” хэмээн бусдыг хууран мэхэлж, их хэмжээний хуурамч бүтээгдэхүүн зарж борлуулсан 85 этгээдэд ял оноожээ. “South china morning post” энэ талаар мэдээллээ.

Гэмт этгээдүүд гишүүн элсүүлж, тэдгээр гишүүддээ тодорхой тооны бүтээгдэхүүн борлуулах үүрэг өгөн урамшуулал амлах зарчмаар ажилладаг байсан аж. Сүлжээний пирамидын дээр байрласан гол зохион байгуулагч гурван этгээдэд 11-13 жил, бусдад нь 1-6 жилийн ял оноосон байна. Тэдгээр этгээдүүд бөөрний өвчлөлөөс болоод үс нь унаж байгаа хүмүүст хятадын уламжлалт анагаах ухаанд хэрэглэдэг жороор бүтээсэн гэх түрхлэгийг санал болгож, худалдан авахыг ятгадаг байжээ.

Цахим худалдааны сүлжээгээр худалдаж авсан бүтээгдэхүүн үр дүн үзүүлэхгүй байна гэсэн иргэдийн гомдол Цагдаагийн байгууллагад 2016 оны сүүлээс ирэх болсон юм байна. Үүнээс хойш жил гаруйн хугацаанд мөрдлөг явуулсаар өнгөрсөн пүрэв гаригт эцэслэн шийдэгдсэн нь энэ юм байна.

Зальт этгээдүүд таван сарын дотор 8945 хүнд 10.5 сая юань буюу 1.67 сая ам.долларын хохирол учруулсан байжээ. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

ЭНЭ ТУХАЙ