Б.Наранхүүг эгүүлэн татах асуудлаар Цэцэд дахин хүсэлт гаргалаа

Eagle.mn


Б.Наранхүүг УИХ-ын гишүүнээс эгүүлэн татах асуудлаар хуульч Б.Гүнбилэг, Ч.Жадамба, Д.Миеэгомбо нар Үндсэн хуулийн цэцэд хандсан. Хуулиараа Цэц тухайн асуудлаар маргаан үүсгэсэн эсэхээ 14 хоногийн дотор мэдэгдэх ёстой ажээ. Гэвч 14 хоногийн хугацаа өнгөрчихөөд байхад Б.Наранхүүтэй холбоотой асуудлаар Цэц маргаан үүсгэсэн эсэхээ тэдэнд мэдэгдээгүй байна. Тиймээс хуульч  Д.Миеэгомбо өнөөдөр Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаярт дахин хүсэлт гаргажээ. Тэрээр хүсэлтдээ "Монгол Улсын иргэн Б.Гүнбилэг, Ч.Жадамба, Д.Миеэгомбо бид Улсын Их Хурлын гишүүн Б.Наранхүүд холбогдуулж түүнийг Үндсэн хууль зөрчсөн, УИХ-ын гишүүнээс эгүүлэн татах үндэслэлийг тогтоолгохоор 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдөр мэдээлэл хүргүүлсэн билээ. Бидний хүргүүлсэн мэдээллийн дагуу Цэцийн гишүүн Н.Жанцан шалгалтын ажлыг хийж байгаа. Үндсэн хуулийн Цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлд зааснаар Цэц мэдээллийг хүлээн авснаас хойш 14 хоногийн хугацаанд шалгаж маргаан үүсгэх эсэхээ шийдвэрлэх ёстой. Гэтэл 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн байдлаар маргаан үүсгээгүй, харин шалгалтын ажлыг 30 хоногоор сунгасан гэдэг тайлбарыг (Н.Жанцан гишүүний туслах) өгч байна. Үндсэн хуулийн Цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 2-т заасныг үндэслэн сунгасан гэж тайлбарлаж байна. Энэ заалт нь маргаан үүсгэсний дараа, маргааныг хянан шийдвэрлэх хугацааг нэг удаа сунгахаар журамлажээ. Үүнийг буруу хэрэглэж хууль зүйн ямар нэг үндэслэлгүйгээр маргаан шийдвэрлэх ажиллагааг удаашруулж байна.

Үндсэн хуулийн Цэцийн гишүүн Н.Жанцан нь,

1. УИХ-ын гишүүн Б.Наранхүүтэй холбоотой мэдээллийг шалгаж маргаан үүсгэхгүй саатуулж үндэслэлгүйгээр сунгасан.

2. Мөн Б.Наранхүүтэй үнэт эдлэлийн худалдааг удаа дараа хийж байсан талаарх дараах мэдээлэл байгаа юм. Тухайлбал, энэ асуудлыг шалгахаас өмнө Б.Наранхүүд 450 (дөрвөн зуун тавь) сая төгрөгөөр тариан түрүүтэй манан хөөрөг худалдаж худалдан авч байсан гэсэн мэдээлэл байна.

Хэрвээ Н.Жанцан нь Б.Наранхүүтэй танил бөгөөд үнэт эдлэлийн худалдааны харилцаанд оролцож байсан нь үнэн бол Үндсэн хуулийн Цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1-т: "Маргааныг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байгаа Цэцийн гишүүн аливаа байгууллага, албан тушаалтан, бусад иргэнээс хараат бус байж, гагцхүү Үндсэн хуульд захирагдан, дотоод итгэлээрээ асуудлыг шийдвэрлэнэ" гэснийг хэрэгжүүлэхэд бодит саад үүсгэж болзошгүй юм. Цэцэд уг асуудлаар нэгэнт маргаан үүсвэл Үндсэн хуулийн Цэцийн гишүүнийг татгалзах хуулийн нарийн зохицуулалт руу орох ба энд маргааны оролцогчдын хувийн харилцааг нарийвчлан заагаагүй, зөвхөн садан төрлийн холбоог заасан байдаг. Иймд, Та Үндсэн хуулийн Цэцийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 4-т заасан "Цэцийн дарга Цэцээс үйл ажиллагаагаа явуулах нөхцөлийг хангах..." гэсэн үндсэн чиг үүрэгтэй байдгийг хэрэгжүүлж мөн хуулийн 2 дугаар зүйлийн 1-т заасан "Монгол Улсын Үндсэн хуульд захирагдах, Монгол Улсын Үндсэн хуульд нийцсэн хуулийг дээдлэх, судалгаанд үндэслэх, төвийг сахих, бие даасан, ил тод байх нь Цэцийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн" гэснийг баримтлан Н.Жанцанг өөрчилж УИХ-ын гишүүн Б.Наранхүүтэй хувийн харилцаа, холбоогүй Үндсэн хуулийн Цэцийн гишүүнээр шалгалтын ажиллагааг хийлгэхийг хүсье" гэжээ.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (6)

  1. Хуульчид та нар тий шудрага юм бол чимээгүй болоод замхарч байгаа томчуудын хэргийг сөхөл дөө

    0 0 Хариу бичих
  2. Дундговийнхоос үүнээс өөр олигтой ухаантай амьтан гарахгүй. Монголын хамгийн арчаагүй аймгийнхан

    0 0 Хариу бичих
  3. Сонгууль хуулийн дагуу болсон Наранхүү шудрага сонгуульд ялсан .. Тэгээл гүйцээ шдэ .Хүчин төгөлдөр үйлчилж байгаа хууль л зөрчөөгүй бол өөр ярих юм байхгүй шдэ.

    0 0 Хариу бичих
  4. Ойлгомжтой л байна

    0 0 Хариу бичих
  5. Дундговийхон яагаад чимээгүй суугаад байдын бэ бүгдийх нь аманд мөнгө чихчихсэн юмуу энэ муу новш

    0 0 Хариу бичих
  6. гацаагаад байвал Цэцийг өөрийг нь эгүүлэн татвал таарна

    0 0 Хариу бичих