Теннисний ертөнцөд Азиас мэндэлсэн шинэ од


-21 настай солонгос залуу Новак Жоклвичийг хожиж шуугиуллаа-

ОУТХ-ны “Их дуулга” ангилалд багтдаг Австралийн нээлттэй тэмцээний дөрөвдүгээр тойрог дуулиан шуугианаар өндөрлөж, теннисний ертөнц нэгэн шинэ одоо өлгийдөж авлаа. Ирээдүйд теннисний ертөнцийн оддын нэг болно хэмээн итгэл хүлээлгэж байгаа тэр залуу нь энэ жил 21 настай, БНСУ-ын залуу теннисчин Хён Чон. Өмнө нь том амжилт гаргаж байгаагүй түүнийг “Их дуулга”-ын шилдэг 16-д шалгарсныг мэргэжилтнүүд бараг л гайхаж хүлээж авч байсан нь нууц биш. Гэтэл нөгөө сураггүй нөхөр дөрөвдүгээр тойрогт өнөө цагийн хамгийн шилдэг теннисчин Новак Жоковичийг 7:6, 7:5, 7:6 хожиж, шөвгийн наймд шалгарах нь тэр ээ. Теннисний ертөнц энэ мөчөөс хойш Хён Чоны талаар шуугиж байна. Одоохондоо ямар ч байсан теннисний түүхэн дэх хамгийн шилдэг солонгос тоглогч болчихлоо (Тэрээр "Их дуулга"-ын шөвгийн наймд шалгарсан анхны солонгос теннсичин болсон) гэж бичиж байгаа бөгөөд Майкл Чанг, Кей Нишикориг даван, теннисний ертөнцийн хамгийн шилдэг ази тоглогч болно гэсэн таамаглал ч явж байгаа юм.   

Хараагаа сайжруулах гэж теннис тоглож эхлэв

Хён Чон багадаа хараа муутай хүүхэд байжээ. Чухам энэ дутагдлаа засч, хараагаа сайжруулахын тулд теннисээр хичээллэж эхэлсэн аж. Байнга нүдний шилтэй тоглодог нь ч үүнтэй холбоотой аж.

Хён Чон багаасаа л тун ч авьяаслаг тамирчин болон өсч өндийснийг хэлэх хэрэгтэй. Тэрээр 2008 онд 12 хүртэлх насныхны дунд болдог хамгийн нэр хүндтэй тэмцээн болох “Eddie Herr International”, “Orange Bowl”-д хоёуланд нь түрүүлжээ. Үүнээс хоёр жилийн дараа хүчний тоглолтыг хөгжүүлдгээрээ зартай Ник Боллетьерийн теннисний академид орсон байна. Түүхэнд нэрээ үлдээсэн А.Агасси, М.Шарапова зэрэг тоглогчид энэ академиас төрж гарсныг спорт гадарладаг уншигчид мэдэх биз ээ.

2013 оноос залуучуудын ангилалд тоглох болж, Уимблдоны шигшээд шалгарав. Финалд хүрэх замдаа Ник Кириос, Борн Чоричийг хожжээ. Тэр жилдээ насныхаа ангилалд чансаагаа 120-иос шилдэг 50-д ортлоо дээшлүүлсэн тул ОУТХ “Оны амжилт нь ахисан тамирчин“-аар тодруулсан байна. Энэ үед Хён Чон цэргийн алба хааж байсан тул шагналаа өөрийн биеэр гардаж авч чадаагүй гэдэг. Азийн наадамд түрүүлсэн түүнийг улсаас нь хоёр жил алба хаахын оронд нэг сар цугларалтад хамрагдахаар болгон харж үзсэн, Хен Чон ч тэр дор нь ашигласантай шагнал гардуулах ёслол давхацсан нь тэр аж.

Өнгөрсөн жил тэрээр залуучуудын ангилалдаа анх удаа Оны сүүлчийн тэмцээнд түрүүлж үзжээ. Ингэснээр насандаа хамгийн шилдэг нь хэмээн хүлээн зөвшөөрөгдсөн төдийгүй насанд хүрэгчдийн тэмцээнд амжилттай оролцох итгэлийг төрүүлсэн байна.

Ник Боллетьери саяхны нэгэн ярилцлагадаа Хён Чоныг “Тун сайн гүйдэг ч ийм амжилтад хүрнэ гэж бодоогүй, Кей Нишикоригийн сүүдэрт л явдаг хүүхэд байсан” хэмээн дурссан нь бий. Гэвч одоо тэр хүүхэд нь ирээдүйгээ гартаа бат атгасан шилдэг тоглогч болон төлөвшөөд байна.

Теннис тоглож эхэлснээсээ хойш Хён Чон 185 сантиметр болтлоо өсчээ. Өсөлт нь одоо ч зогсоогүй. Цохилт, бөмбөг, цохиуртай харьцаж байгаа нь Новак Жоковичийг санагдуулж байгааг нь хүн бүр л ярьж байна. Түүнээс гадна ази тоглогчдод нийтлэг байдаг сэтгэлзүйн хөдөлгөөнөө барих чадвар Хён Чонд бий. Түүний сэтгэлийг хөдөлгөнө гэдэг бараг боломжгүй зүйл гэж тоглогчид ярьдаг байна.

БНСУ-д теннис тийм ч түгээмэл спорт биш. Гэхдээ л Австралийн нээлттэй тэмцээнд үзүүлсэн гайхалтай тоглолт нь түүнд анхаарлаа хандуулахыг эрхгүй шаардаж байна. Австралиас эхэлсэн түүний амжилтын замнал цаашид олон жил үргэлжлэх биз ээ.  


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)