Турк, нүүдэлчин курдын харилцаа ба үл төгсөх дайн

Х.Батсайхан


НҮБ байгуулагдсан цагаасаа Палестиныг тусгаар улс хэмээн хүлээн зөвшөөрөхөөс татгалзсан ч 2016 онд хагас гишүүнчлэлтэй болгосон билээ. Тэд бол таван сая хүн амтай том үндэстэн мөртлөө Израильд дээрэлхүүлж амьдарч байгаа гунигт хувь тавилантнууд. Тэгвэл тэдний адил хувь тавилантай курд хэмээх үндэстэн Дундад Азид дарлагдан оршсоор байна. Гэвч энэ талаар хэн ч ярилгүй байсаар өдийг хүрчээ.

АНУ Иракийг эзлэн авсны дараа курдуудын байдал арай дээрдсэн ч 2005 онд л ганцхан хотоо "Курдын хот" хэмээн хүлээн зөвшөөрүүлсэн. Хэн ч тэднийг тусгаар улс болгохыг хүсэлгүй өнөөг хүрчээ.
Курдуудын ихэнх нь буюу найман сая нь Турк улсад амьдардаг. Турк үндэстэн курдуудтэй хамт амьдарч чадах уу. 1984 оныг хүртэл гадаад ертөнц энэ асуултад "Тийм" хэмээн дуу нэгтэйгээр хариулдаг байлаа. Угаасаа хамт амьдарсаар ирсэн, одоо ч хамт байгаа юм чинь гэж тэд бодож байв. Гэтэл энэ бол өнгөн хэсэг байсан бөгөөд үнэн хэрэгтээ хэзээ ч хамт амьдарч байгаагүй, бүр дайтахад бэлэн байсан нь хожим тодорхой болсон юм. 

Курд үндэстний тархан суурьшсан байдал.

1984 он гэж онцолсон нь ч учиртай. Энэ онд Курдын ажилчны нам тусгаар тогтнолынхоо төлөө зэвсэг барин тэмцэж эхэлсэн билээ. Энэ байгууллагыг Турк, Ирак зэрэг оронд алан хядах байгууллага гэж үздэг. Энэ нам Ирак, Туркын нутгийг хамарсан Курдын бүгд найрамдах улс байгуулахыг эрмэлздэг, курдуудын төв захиргаа гэж хэлж болох байгууллага юм. Иракийн нутагт төвлөрдөг тус байгууллагын дайчид үе үе Турк руү цөмрөн энгийн иргэдийг алж хяддаг, ийм халдлага бүрийн дараа Турк дэх курдууд дарамтад өртдөг байдал өнгөрсөн жилийг хүртэл үргэлжлж, одоо дайн гэж хэлэх хэмжээнд хүрээд байгаа юм. 
Туркийн Ерөнхийлөгч Р.Т.Эрдоган Ирак дахь курд үндэстнүүдийн эсрэг явуулж байгаа цэргийн ажиллагааг дахин нэг жилээр сунгах шийдвэрийг Парламентаара гаргуулж авсан бөгөөд өдгөө агаараас довтлохын зэрэгцээ хуурай замын цэрэг ч оруулсан билээ. 
Курд үндэстний тухай 

Өөрсдийгөө тусгаар тогтносон Курдистан улсын иргэд гэж боддог, ийм байхын төлөө хэдэн зуун жилийн турш тэмцсээр ирсэн курд үндэстнүүдийн ихэнх нь одоогийн Турк, Иран, Ирак, Армен, Сирийн нутаг дэвсгэрт тархан суурьшсан байдаг. 


Дэлхийн нэгдүгээр дайныг хүртэл тэд хонь ямаа хариулан дундад Азийн бусад ард түмний адил аж төрж байсан. Османы эзэнт гүрэн задарсны дараа тэдэнд тусгаар тогтнох боломж байсан ч боломжоо ашиглаж чадаагүй. Уг нь курдыг бие даасан үндэстэн болохыг хүлээн зөвшөөрүүлэх алхам өнгөрсөн зууны эхнээс л хийгдэж эхэлсэн. 1920 онд Ирак, Сири, Кувейт зэрэг орчин үеийн улсыг байгуулах тухай Севрийн хэлэлцээр курдуудэд өөрсдийн бие даасан улсаа байгуулах боломж олгосон ч мөн л ашиглаж чадсангүй.  Тархай бутархай байдал, амьдарч байгаа орныхоо нөлөөнд автсан зэрэг нь нөлөөлсөн байна. Үүний дараа Турк улсыг үндэслэгч Мустафа Кемаль Ататурк Иран, Ирактай Курдистаныг хүлээн зөвшөөрөхгүй байх тохироо хийж баримтжуулсан нь одоо болтол хүчинтэй хэвээр байгаа юм. Иран, Ирактай зөвшилцсөнийхөө дараа М.К.Ататурк курд үндэстний онцлог, соёлыг нухчин дарах ажлаа эхлүүлжээ. 

Курд гэр бүл.

Курдуудыг “Уулын туркууд” гэж нэрлэж, үндэснийхээ хэлээр ярих, үндэсний хувцсаа өмсөхийг нь хатуу хориглосон байна. Улмаар курдуудыг бусад бүс нутагт аль болохоор тархаан суурьшуулж "курдын хот"-уудыг үгүй хийх бодлого явуулж эхэлжээ. Тэднийг тусгай нэг үндэстэн гэдгийг мартуулахын тулд "үндэсний цөөнх" гэж нэрлэхийг ч хатуу хориглосон гэдэг. Энэ бодлого одоо хүртэл явагдаж байгаа гэж бодохоор үнэхээр аймшигтай.
Эрх чөлөөнийхөө төлөө Иранд амьдардаг курдууд анх тэмцэж эхэлжээ. Тэд 1946 онд Махабад хэмээх тусгаар улсаа түр зуур ч гэсэн байгуулж амжсан байдаг. Иранчууд ер нь бусад улсыг бодвол курдуудад хамаагүй зөөлөн хандаж ирсэн байдаг. 1980-1988 оны Иран, Иракийн дайны үед Ираныг дэмжсэн учир Саддам Хуссейн курд иргэдийн эсрэг химийн зэвсэг хэрэглэн үй олноор нь устгаж байв. 
Тэрээр энэ үйлдлийнхээ шийтгэлийг хожим амссан билээ. Энэ үед хоёр сая курд үндэстэн Иран руу дүрвэж, таван сая орчим нь одоог хүртэл Иракт амьдарсаар байна.
Курдын ард түмэн

15-20 саяар тоологддог бөгөөд ихэнх хэсэг нь Армен, Иран, Ирак, Сири, Турк улсад оршин суудаг. Курд бол олонхийн боддог шиг араб хүмүүс биш, перстэй илүү төстэй хэлээр ярьдаг. Олонх нь лалын суннит урсгалыг шүтдэг.
1978 онд Абдулла Ожалан одоо Туркээс салан тусгаарлах тэмцлийг хийж байгаа гол хүчин болох Курдын ажилчны намыг байгуулжээ. Тэрээр 1978 онд Сирид зугтан гарсан. Энэ байгууллага Иракийн хилийн дагуу байрлаж тусгаар тогтнолынхоо төлөөх тэмцлийг үргэлжлүүлсээр байна. 

Курдын удирдагч Масуд Барзани өнгөрсөн жилээс “Ойрхи Дорнодыг дахин зохион байгуулах цаг болсон” гэж мэдэгдэх болсон. Үүнийг энгийн хэллэгээр хөрвүүлбэл, улстөрийн газрын зурагт өөрчлөлт орж, Курдистан гэдэг улс бий болж, бусад улсуудын хил хязгаар шинээр тогтоогдоно гэсэн үг юм. Тэрээр “Лалын улс”-ыг дарахад байгуулсан гавьяаныхаа ачаар АНУ-тай харилцаагаа сайжруулсан учраас тэдний дэмжлэгт ихэд итгэж байсан. Гэвч Турк Сири дэх курд иргэдийн эсрэг дайн эхлүүлчихээд байхад АНУ, ОХУ ч, НҮБ ч таг дуугүй байсаар л... 

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)