П.Баярхүү: Улаанбаатар хот олон төвтэй болбол түгжрэл буурна

Eagle.mn


Сүхбаатар дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс санаачлан, Замын цагдаагийн алба, Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар хамтран “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын төлөө хамтдаа” зөвлөгөөнийг өчигдөр зохион байгуулжээ. Тус зөвлөгөөнд НИТХ-ын дарга С.Амарсайхан, нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү, Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр, Замын хөдөлгөөний удирдлагын төвийн дарга Д.Одбаяр, Нийслэлийн нийтийн тээврийн газрын дарга Д.Отгонбаатар, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын зохицуулах салбар зөвлөлийн гишүүд, ЗЦА болон ТББ-ийн төлөөллүүд оролцсон байна.

Уг зөвлөгөөний гол зорилго нь  нийслэлийн төвийн дүүрэг болох Сүхбаатар дүүргийн замын хөдөлгөөний аюулгүй байдал, тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэхэд онцгой анхаарал хандуулж замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор дүүргийн хэмжээнд зам тээврийн осол гэмтлээс урьдчилан сэргийлэх, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, урт богино хугацааны төсөл хөтөлбөр батлахад чиглэжээ.

Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү энэ үеэр хэлсэн үгэндээ:

-Хөдөлгөөний эрчим ихтэй, аюулгүй байдал сул байдаг учраас гол нутаг дэвсгэрт Сүхбаатар дүүрэг хамаардаг. Өнөөдрийн  зөвлөгөөн олон талын  ач холбогдолтой. Тухайлбал,  нийслэл болон  дүүргийн бодлогыг нэгтгэх,  нэг алсын хараа, бодлоготой болж хийж хэрэгжүүлэх ажлын санал солилцох, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар нэгдсэн ойлголттой болох юм. Улаанбаатар хотын хувьд замын хөдөлгөөний талаас төв байршилд маш олон төрийн байгууллага, засаг захиргаа, бизнесийн төвүүд, авто зам дагасан олон нийт, худалдаа үйлчилгээний төвлөрөл бий болсноор замын хөдөлгөөнд ихээхэн хүндрэл учирч түгжрэл бий болж байна.

Одоогийн байдлаар Улаанбаатар хот бол нэг төвтэй. Бид ерөнхий төлөвлөгөөгөөрөө Улаанбаатар хотыг найман дэд төвтэй байхаар төлөвлөсөн. Одоо хоёр дэд төв нь хийгдээд явж байгаа. Цаашдаа Улаанбаатар хот хэд хэдэн дэд төвтэй болчихвол  төвлөрлийг сааруулах, түгжрэлийг бууруулах хамгийн том нөлөө үзүүлнэ. Нөгөө талаас  түгжрэлийг  ганцхан төрийн байгууллагуудын нүүснээр буурна гэж ойлгож болохгүй. Гол гол туслах замуудыг сайн барьж байгуулах хэрэгтэй. Холбоос замуудыг сайн хийх хэрэгтэй. Тийм учраас байшин хороолол болон гэр хороолол дундах орц гарцуудыг сайн чөлөөлөх хэрэгтэй.

Иргэдийн хяналтыг нэмэгдүүлэх,  замын хөдөлгөөний зөрчлийг баримтжуулах, тухайн зөрчилд хариуцлага тооцох зорилго бүхий E-police апликейшинийг нэвтрүүлэхээр ажиллаж байна гэлээ.

ЗЦА-ны Урьдчилан сэргийлэх, олон нийттэй харилцах хэлтсийн дарга, хурандаа Э.Бөхбат:

-Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт хөдөлгөөний аюулгүй байдлыг хэрхэн хангах, бусад төрийн байгууллагууд, нутгийн захиргааны удирдлагуудтай хамтран ажиллах, ард иргэдийн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах талаас ямар шинэчилсэн арга хэмжээнүүд авч хэрэгжүүлэх  вэ гэсэн талаас  өнөөдрийн зөвлөгөөнийг зохион байгуулж байна. Энэ зөвлөгөөн цаашдаа 6 дүүрэгт үргэлжлэн  зохион байгуулна. Өмнөх онтой харьцуулах юм бол зам тээврийн ослын улмаас болон бусад төрлийн  гэмт хэргүүд тодорхой хэмжээгээр буурсан. Монгол Улсын хэмжээнд 2016 онд зам тээврийн ослын улмаас 550 хүн, 2017 онд 500 хүн нас барсан гэсэн судалгаа гарсан гэлээ.

2017 онд зам тээврийн ослын тоо маш их өссөн байна. Ялангуяа орон нутгийн замд зам тээврийн ослоор амь насаа алдсан хэрэг 2017 онд үйлдэгдсэн гэмт хэргийн 80 хувийг эзэлж байгаа ажээ. Тиймээс зам тээврийн хөдөлгөөнд  анхаарал болгоомжтой оролцох хэрэгтэй гэдгийг Замын цагдаагийн албаныхан анхааруулж байна.

Зун, өвлийн замын хөдөлгөөн өөр. Хүйтэн сэрүүний улиралд хөдөлгөөний хурдаа хоорондын зайнаас хамаарч сонгож явах, өвлийн дугуйгаа сольсон байх, орон нутгийн замд явах гэж байгаа бол маршрутын дагуу явах гэх мэт олон сэрэмжлүүлэг, сурталчилгаануудыг Замын цагдаагийнхан ард иргэддээ хүргэж ажиллаж байгаа юм байна.

Сүхбаатар дүүрэгт Төрийн ордон, Ерөнхийлөгчийн болон УИХ-ын Тамгын газар, Засгийн газар, яам, агентлагууд, нийслэлийн төр захиргааны байгууллага, 13 улсын Элчин сайдын яам, их дээд сургуулиуд байрладаг бөгөөд энэ нь нийслэл хотын замын түгжрэл, замын аюулгүй байдлын гол зангилаа, эх үүсвэрүүдийн томоохон шалтгаан нь болдог аж.

Дэлхий дээр зам тээврийн ослын улмаас жил бүр дунджаар 1.3 сая хүн амь насаа алдаж, 50 сая хүн гэмтэж бэртэж байгаа нь нийт нас барах шалтгааны 8 дугаарт, Монгол Улс дэлхийд зам тээврийн ослын улмаас нас баралтаар эхний 25 дугаарт орж байгаа юм.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. УБ хотыг тэлэх нь зөвөө.Хотын төвдөө багшраад байх нь асуудал дагуулж байна.Хамгийн гол нь төлөвлөсөн ажлаа хэрэгжүүлэх нь чухал.Цаасан дээр сайхан буулгаж болноо

    0 0 Хариу бичих