Ярыгины нэрэмжит тэмцээнд 70 гаруй бөх зодоглоно

“Мюнхен-1972”, “Монреаль-1976” олимпийн наадам, “Тегеран-1973” ДАШТ-ий алтан медальт, ОХУ-ын нэрт бөх Иван Ярыгиний нэрэмжит “Алтан Гранпри” тэмцээн энэ сарын 26-28-нд Красноярск хотод болно. “Бага Дэлхийн аварга” гэгддэг “Алтан Гранпри”-д Монголын бөхчүүд 1991 онд анх хүч үзсэнээс хойш тасралтгүй оролцсон. “Лондон-2012” олимпийн наадмын хүрэл медальт, ДАШТ-ий хошой алт, нэг мөнгөн медальт, хөдөлмөрийн баатар С.Батцэцэг, “Парис-2017” ДАШТ-ий алтан медальт, гавьяат тамирчин П.Орхон, ДАШТ-ий хошой хүрэл медальт, гавьяат тамирчин Г.Мандахнаран, ДАШТ-ий гурван хүрэл медальт, гавьяат тамирчин О.Насанбурмаа, ДАШТ-ий мөнгөн медальт, гавьяат тамирчин П.Өнөрбат, ДАШТ-ий мөнгөн медальт, ОУХМ Э.Сумъяа, ДАШТ-ий хүрэл медальт, ОУХМ Б.Одончимэг, Азийн АШТ-мй медальт, ОУХМ Н.Золбоо, О.Үйтүмэн, Б.Батмагнай, Э.Нарангэрэл, Б.Шоовдор, Ш.Түмэнцэцэг, Э.Гантуяа, залуучуудын дэлхийн аварга А.Батцэцэг тэргүүтэй энэ жилийн насанд хүрэгчдийн УАШТ-ий медальтнуудаас бүрдсэн манай 70 гаруй хүний өргөн бүрэлдэхүүнтэй баг зодоглох бөгөөд монголын багийн түрүүч Красноярскт очоод байна. Дасгалжуулагчаар үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Б.Баттулга, дасгалжуулагч Ц.Баярсайхан, А.Цэдэнсодном, Б.Батзориг, Ө.Ууганбаяр нар ажиллах бол олон улсын шүүгч Л.Нямчулуун, Б.Раднаа нар тэмцээнийг дэнсэлнэ. Иван Ярыгиний "Алтан Гранпри"-гээс Монголын бөхчүүд 11 алт, 18 мөнгө, 36 хүрэл, нийт 65 медаль хүртээд байгаа юм.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)